100 жилийн түүхтэй ХҮИС-ийг устгах биш харин ч бэхжүүлж өөд нь татаад явах учиртай

-Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хөгжиж ирсэн нэг  үндэс суурь нь худалдааны салбар  юм-

1

Боловсрол Шинжлэх Ухааны сайдын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох” А/296 дугаар тушаалаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг  /ХҮИС/ татан буулгасан. Тус сургууль нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд  сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хичээлийн хоёр, оюутны дотуур байртай, мэргэжлийн боловсролоос эхлэн бакалавр, магистр, докторын түвшний сургалт эрхэлдэг, түүхэн хөгжлийн явцдаа боловсролын байгууллагын бүх үе шатыг дамжсан онцлогтой сургууль билээ.

Худалдаа үйлчилгээ, бизнесийн салбарт 45000 гаруй мэргэжилтэн  бэлтгэсэн байна.  Төрийн өмчийн энэхүү ууган сургуулийг салбарын яам нь “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй” зарим сургуулиудтай ижилсгэж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаалыг гэнэт гаргасан нь хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж, сургуулийн хамт олон нэр төрөө сэргээж, эрх ашгаа хамгаалуулах зорилгоор шүүхэд хандахаар болсон юм. Ингээд Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан,  ахмад багш Ж.Чулуунбаатартай манай улсын худалдааны салбарын өнөөгийн байдал, ХҮИС-ийн талаар  ярилцлаа. Тэрбээр  1966 онд Ленинградын худалдааны сургууль төгссөн. Тэгээд хуучнаар Худалдааны техникумын багшаар ажилласанаас хойш 56 жилийн амьдарлаа тус сургуултай холбон өнгөрүүлжээ.  Иймд Худалдааны сургуультай амин холбоотой  явж ирсэн бөгөөд  багшаас нь захирал хүртэл ажилласан байна. Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд болсон ч энэ сургуулийн хувь заяанаас салаагүй. Монгол Улсын худалдааны салбарт нарийн мэргэжлийн  боловсон хүчин бэлтгэх талаар хамаг амьдралаа зориулж ирсэн хүн юм.

-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль  манай улсын ууган сургуулийн нэг гэдэг.  Та энэ сургуулийн захирлаар ажиллаж байсан хүний хувьд тус сургуулийн үүх түүхээс тодруулж өгөхгүй юу?

-Монгол Улсад анх Харилцан туслах хоршоо гэж 1921 онд байгуулагдсан. Энд ажиллах мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1924 оны арваннэгдүгээр сарын 1-нд Худалдааны сургуулийг байгуулсан түүхтэй. ХҮИС нь Монгол Улсын мэргэжлийн боловсролын үндсийг тавьсан түүхэн гавъяатай, анхны гурван сургуулийн нэг юм.

Тухайн үед Монгол Улсад Багшийн сургууль, Санхүүгийн сургууль, Худалдааны сургууль анхлан байгуулагдсан гэж үздэг. Худалдааны сургуулийн 100 жилийн ой удахгүй болно. Гэтэл Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн харьяанд өгчихлөө.

-Та худалдааны салбарт олон жил ажилласан хүн. Тэгэхээр манай улсын худалдааны салбар ямар хэмжээнд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Бүр нэг сонин юм болоод байна. Сүүлийн гучин жилд Монгол Улсын

худалдааны салбар байхгүй болсон гэж хэлж болно. Зах зээлийн эдийн засагт шилжиж өмч хувьчлал явагдсанаас хойш манай улсын дотоод худалдааны салбар эзэнгүй болсон.  Гадаад худалдааны салбар ч гэсэн эзэнтэй гэхэд хэцүү. Гэсэн хэдий ч Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн шүү дээ.  Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан шийдвэр, тогтоол, дүрэм заавар Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа нь ч өнөөдөр тодорхой биш байна.

 Сүүлийн үед гадаад худалдаа, импорт, экспортын бүтээгдэхүүний үнэ ханш, хэлэлцээрийн талаар хэвлэл мэдээллээр шүүмжлэл их гарах болсон. Энэ нь худалдааны нэгдсэн бодлого байхгүйтэй  холбоотой. Манай худалдааны мэргэжлтнүүд  худалдааны асуудал эрхэлсэн яам,  байгууллагатай болох талаар төр засгийн хэмжээнд олон удаа санал тавьсан. Гэвч үүнийг ойшоож, авч хэлэлцдэггүй. Харин  дэлхийн бусад улсуудад худалдааны асуудал эрхэлсэн төрийн яам, байгууллага, мэргэжилтэн бэлтгэх сургууль нь  байдаг. Манайд бол эсэргээрээ. Худалдаа, нийтийн хоолны салбараа гаргуунд нь хаячихсан. Энэ нь нийгэм,  эдийн засгийн асар их хохирол дагуулсаар байгааг тоохгүй байгаа нь

Гэтэл манайхан худалдааны асуудал эрхэлсэн байгууллагатай болохгүй байгаа нь харамсалтай.  Харин ч ямар шалтгаантай юм бүү мэд.  Худалдааны мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургуулийн үүд хаалгыг хаах гээд дайрах боллоо. Ингэж муйхарлаж байгаа нь худалдаа, нийтийн хоолны салбараа ухаж ойлгохгүй байгаатай холбоотой байж мэдэх юм.

-ХҮИС-ийг өмнө нь бас  татан буулгаж байсан. Одоо хоёр дахь удаагаа бас МУИС-д нэгтгэлээ.  Гэтэл танай сургуулийн түүхээд харахад Монгол Улс худалдааны салбарт  ихээхэн  ач холбогдол өгч ирсэн байдаг. Тухайлбал, Худалдааны асуудал эрхэлсэн төрийн яамтай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуультай байж дээ?

-Тийм.  Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг дөрвөн жилийн өмнө татан буулгасан. Тэгээд  татан буулгасан шалтгаанаа огт тайлбарлаагүй.  Тухайн үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болгосон. Гэтэл МУИС-иас Бизнесийн сургуульд нэгтгээд бүр үрэн таран хийсэн дээ. Ингээд манай худалдааны сургууль маань их сургуульдаа ч байхгүй болсон. Нэлээд хэл ам, маргаан болж байж ХҮИС-ийг  дахиад  тусад нь байгуулсан  удаатай. МУИС-д нэгтгэсэн энэ үйлдэл нь их хортой туссан. Тухайн үед ХҮИС  4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 3.2 тэрбум төгрөгийн орлоготой, улсын төсвөөс татаас авдаггүй, 250 гаруй багш, ажилчидттай, 3000 шахуу оюутантай хүчирхэг сургууль байсан юм.

МУИС-д нэтгэсэнээс хойш ХҮИС  бүр алга болж үндсэн хөрөнгө нь үргэдсэн. Сургуулийн үүх түүх, архив байхгүй болсон. Алтангадас одонтой сургууль шүү дээ. Энэ одон ч өнөөдөр олдоогүй. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг дахин байгуулж хөл дээр нь босгоод ирэх үед дахиад л татан буулгаж  МУИС-д нэгтгэлээ. Уг шалтгаанаа ч бас тайлбарлаагүй л байна.  Нийгэм,  эдийн засгийн бүхий л салбарт хэрэгтэй мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэдэг сургуулиар ингэж удаа дараа оролдоод, татан буулгаад, эд хөрөнгийг нь үрэн таран хийгээд байгаа явдалд үнэхээр харамсаж байна.

-Боловсролын сайд үйл ажиллагааны доголдолтой, сургалт муу сургуулиудыг татан буулгах, өөр сургуульд нэгтгэх арга хэмжээ авлаа гэж мэдэгдсэн шүү дээ?

-Үүнийгээ тодорхой тайлбарлах хэрэгтэй юм. ХҮИС  ийм, ийм доголдолтой, тийм тийм зөрчилтэй гээд асуудал байвал тодорхой гаргаж тавих учиртай. БСШУЯ-наас 12 сургуулийг татан буулгах, бусдад сургуульд нэгтгэх арга хэмжээ авсан. Энэ жагсаалтыг харвал ХҮИС  улсынх, бие дааж үйл ажиллагаа явуулах чадамжтай нь байгаа юм.

Өнөөдөр ХҮИС  600 гаруй оюутантай, 60 орчим багш, ажилтантай, өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлээд явах чадвартай, төсвөөс нэг ч төгрөг нэхдэггүй юм. Харин ч олсон орлогоосоо татвар төлдөг. Ийм сургуулийг дахиад татан буулгаж байгаад үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. ХҮИС-ийг  дахин байгуулаад ажилласан дөрвөн жилийн хугацаанд хичээлийн байр, анги, танхимаа засч янзлаад, өмч хөрөнгөө өөд нь татаад их сайхан болгосон.

-ХҮИС  ямар мэргэжил, чиглэлийн боловсон хүчин бэлтгэж байна вэ?

-Ерөнхийдөө худалдааны л менежмент,  худалдааны  мэргэжилтэн бэлтгэдэг үндсэн чиглэлтэй юм. Жишээлбэл өнөөдөр манай улс үйлдвэрлэл сул хөгжсөн учраас бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнээ  импортоор авч байна. Энэ бүгдэд стандарт яригдах учиртай. Будаг байлаа гэж бодоё. Энэ будагаар хүн амьдрах сууцны хана будаж болох уу эсвэл хашаа будах зориулалттай юу гээд янз бүрийн зориулалттай бүтээгдэхүүн шүү дээ.  Энэ бүгдийг бараа судлалын мэргэжилтнүүд тодорхойлж стандартыг нь гаргаж байх учиртай. Дэлхий дээр түг түмэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр нь манай улсад орж ирдэг.  Өнөөдөр худалдааны салбар хаягдсан учраас хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй олон төрлийн бүтээгдэхүүн орж ирэх нөхцөл байдал бүрдээд байгаа юм. Ийм ч учраас монголчуудын дунд элдэв өвчин тархах эрсдэл маш өндөр болсон. Тэгвэл олон улсад худалдаа, бараа судлалын мэргэжилтнүүд, энэ талын төрийн байгууллага нь  энэ бүгдийг зохицуулах, элдэв хор хөнөөлгүй бараа бүтээгдэхүүн эх орондоо импортлох тал дээр анхаардаг юм шүү дээ.

Өнөөдөр бид төмсийг л гэхэд монгол, хятад гэж ялгадаг. Гэтэл төмсний маш олон янзын сорт байдаг. Энэ жишээнээс харахад л бараа судлалын мэргэжилтэн өнөөдөр МХЕГ-т маш хэрэгтэй байна. Нөгөө талдаа томоохон сүлжээ дэлгүүрүүд арай өөр. Харин жижигхэн найм болон зургаан нэрийн барааны дэлгүүрт гэр бүлийн хоёр, гурван хүн ажиллаж байгаа. Тэгээд ямар бүтээгдэхүүнийг хэдий  хугацаанд ямар нөхцөлд хэрхэн хадгалахаас өгсүүлээд мэдэхгүй зүйлтэй тулгарах нь энүүхэнд байдаг.

-Түүхий эд бэлтгэл худалдааны салбарын гол ажлын нэг байсан. Өнөөдөр түүхий эд бэлтгэх ажил хаягдсан шүү дээ. Жишээ нь гаргаж идсэн хонины нэхийгээ хог руу хаядаг болжээ. Гэтэл Хөдөө аж ахуйн бирж гэж нээсэн ч үйл ажиллагаа нь хангалттай харагдахгүй байх юм?

-Урд нь хонины ноосыг цагаан алт гэж үздэг байлаа. Одоо хэрэггүй болж бараг хог дээр хаягдах хэмжээнд хүрчихсэн. Малын хаягдал яс авдаг байсан бол бүр больсон. Хөдөө аж ахуйн бирж байгууллаа. Энэ бирж  малын гаралтай түүхий эд цуглуулж боловсруулах,  экспортод гаргах ажлын гүүр болно   гэж байсан. Гэтэл амьдрал дээр энэ бирж ямар үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй л байна. Хамгийн гол нь мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, төр засаг худалдааны салбараа дэмжихгүй байгаа  учраас  өнөөдөр бид хэцүү байдалд орсон гэж бодож явдаг даа.

 Худалдааны сургууль Хөдөө аж ахуйн  бирж, бараа судлал, нийтийн хоолны мэргэжилтэн зэргийг бэлтгэх учиртай. Манайд ийм мэргэжилтэн дутагдалтай байхад  Худалдаа үйлдвэрийн сургуулиар л оролдоод бужигнуулаад, татан буулгаад байх юм. Тэгвэл өнөөдөр  сургуулийн хүүхдүүд хэдэн зуугаараа хоолонд хордлоо. Монголчуудын эрүүл мэнд цайны газраас эхлээд алдагдаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ аргагүй шүү дээ.

Нийтийн хоолны салбарт,   жор,  технологи нь алдагдсантай холбоотой. Тэр тогооч, технологичийн  мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлдэг сургууль, хяналт тавих мэргэжилтэнүүд нь дутагдаад байна. Цайны газрын ахлах тогооч бүр дур дураараа нийтийн хоолны жор гаргадаг болсон учраас иргэдийн эрүүл мэнд хохирох хэмжээнд хүрлээ. Тухайн цайны газрын хоолны жор, үр ашигтай ажиллах эдийн засгийн тооцоо судалгааг нь хийгээд өгөх боловсон хүчин өнөөдөр манайд дутагдалтай байгаагын илрэл юм. Өнөөдөр Монгол Улс худалдааны салбараа орхигдуулснаас шалтгаалж хүний өдөр тутмын хэрэгцээ нийтийн хоолны инженер технологи, жор алдагдсан явдал юм. Солонгос, Хятад, Япон хоолны жор технологи л нэвтэрч байна. Бид жуулчны тоог нэмэгдүүлнэ гэдэг. Тэгвэл бид наад зах нь нийтийн хоолны салбараа анхаарах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай хоолны газруудад хамаг орлогоо алдаж байна. Ийм байхад аялал жуулчлалын салбар хөгжүүлнэ гэхэд хэцүү.

Эндээс л худалдааны салбарт  Монголын төр засгийн бодлого, боловсон хүчин  үнэхээр үгүйлэгдэж байгаа нь тодорхой байна шүү дээ. Гэтэл худалдааны салбараа  хөгжүүлэхийн оронд улам бүдэгрүүлж байгаа нь харамсалтай. Худалдааны сургууль бол үнэхээр Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Харин  улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан худалдааны салбараа устгаж сургуулийг нь хүртэл татан буулгалаа.

Монгол Улс тэртээ 100 жилийн өмнө Худалдааны сургууль анх байгуулдаг нь их учиртай. Худалдааны асуудлаа зохицуулах, ард иргэдийг эрүүл, чанартай бараа бүтээгдэхүүн, хоол хүнсээр хангах гээд нийгмийн маш олон асуудлыг зохицуулах гэж л тэр шүү дээ.

Тэгэхээр бид худалдааны салбараа гаргуунд нь хаячихсан учраас өнөөдөр бидний эрүүл мэнд хохирох, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байх зэрэг болж бүтэхгүй асуудал их гарч байна. Гэтэл худалдааны ганц сургуулиа дэмжээд явалгүй бүр хаалгыг нь хаагаад устгаад байгаа нь харамсалтай. Ер нь Засгийн газар худалдааны ямар бодлого, чиглэл баримталхаа  тодорхой зарлах шаардлага зайлшгүй үүсээд байна.

 -Тэгэхээр манай улсад худалдааны бодлого, хариуцсан төрийн байгууллага, хууль тогтоомж, дүрэм журам алга  гэж та хэлэх гээд байна уу даа?

 -Худалдааны бодлого манайд алдагдсан. Худалдаа зохицуулсан хууль байхгүй. ХХААХҮЯ-нд худалдааны хэлтэс гэж бий. Энд гурав, дөрвөн хүн л ажилладаг. Тэгээд худалдааны салбарыг нэг яаманд хариуцуулсан гэж нэр зүүх төдий л зүйл болж хувирсан.  Тэд ахмадуудаа бүртгээд Цагаан сараар бэлэг  өгөх,  шагнал урамшуулалд  тодорхойлох л ажил хийдэг.  Ийм байхад худалдааны бодлого ямар байх нь тодорхой.

Монгол Улс манжийн дарлалаас гарч тусгаар тогтоноод 100 жил боллоо. Тэгвэл Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хөгжиж ирсэн нэг  үндэс суурь нь худалдааны салбарын хөгжил гэхэд хилсдэхгүй.   Хөгжилд хүрэх  тулгын гурван чулууны нэг нь  Худалдааны сургууль гэж үзээд байгуулсан түүхтэй. Дахин хэлэхэд манайхаас бусад улсуудад худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллага, боловсон хүчнээ бэлтгэх сургууль байдаг.  Учир нь хөгжлийн гол үндэс  суурийн нэг нь гадаад, дотоод худалдаа арилжаа, харилцаа шүү дээ. Харин манайд худалдааны салбараа зөнд нь хаячихсан, мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургуулийг нь одоо татан буулгалаа.  Тэгвэл МУИС-ийн 80 жилийн ой болж байна. Зөвхөн эндээс л худалдааны сургууль, мэргэжилтэн улс оронд ямар их хэрэгтэй байсныг харж болохоор байгаа биз дээ.

УИХ-аар одоо Худалдааны тухай хуулийг хэлэлцэнэ гэж байгаа.  УИХ-ын гишүүн Д.Өнөрболороор ахлуулсан ажлын хэсэг гараад уг хуулийн төслийг боловсруулж өргөн барихад бэлэн болсон байна. Худалдааны хуультай болно гэж олон жил ярьж байгаа. Одоо нэг биелэлээ олох байгаа гэж найдаж сууна.

 -Өнөөдөр манай худалдааны салбар хөгжиж байна. Дэлгүүр бүрийн лангуун дээр  олон төрлийн бараа бүтээгдэхүүн алаглах болсон гэдэг шүү дээ. Үүнтэй та санал нийлэх үү?

-Манайхан  худалдааны салбар гэхээр л лангуу, түүний ард зогсох  худалдагчаар төсөөлдөг  буруу ташаа ойлголттой болсон тал бий. Өнгөц харвал худалдааны салбар хөгжиж байгаа байх. Гэхдээ дэлхийн жишигт хүрсэн  сонгодог худалдаа биш.  Ажилтай орлоготой байхын тулд  нэг лангуу ажлуулаад хэдэн төгрөгийн орлого олж амь зууж буй хэлбэр юм.

Нөгөө талдаа үйлдвэрлэгч бүр дэлгүүр нээж өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг болсон. Уг нь  үйлдвэрлэгч худалдаагаа давхар эрхэлж болохгүй шүү дээ. Энэ нь худалдааны бодлого алдагдсантай холбоотой. Үйлдвэрлэгч өөрөө бүтээгдэхүүнээ борлуулах гэж бүх цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулж санаа зовох шаардлага байхгүй. Худалдааны мэргэжилтэн түүний бүтээгдэхүүнийг гадаад,  дотоодын зах зээлд борлуулах ажил үүрэгтэй. Ингэж байж тэр үйлдвэрлэл үнэ цэнтэй, цаашид хөгжих боломжтой  болдог. Жишээ нь бид нүүрс, зэсээ зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж байна гэсэн асуудал хэвлэл мэдээллээр бишгүй л  гардаг. Иргэд ч ийм арчаагүй төртэй байх гэж шүүмжилдэг. Энэ бас л худалдааны мэргэжилтэн, бодлого дутагдаж буй нэг хэлбэр шүү дээ. Байдал ийм байхад худалдааны сургуулиа татан буулгадаг нь буруу. Харин ч мэргэжилтэй боловсон хүчнүүдээ чанаржуулаад явах ёстой. Тэгэхээр Худалдааны хуулиа хурдан батлаад, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх  сургуулиа чанаржуулаад яваасай гэж хэлмээр байна. Нийгэм,  эдийн засгийн бүхий л салбарт худалдааны мэргэжилтэн агаар, ус хөрс мэт хэрэгтэй байна шүү дээ. Худалдааны салбар үйлдвэрлэл, хэрэглээ хоёрыг холбогч юм. Өнөөдөр энэ салбараа устгачихаар ард иргэдийн аж амьдрал ямар хэмжээнд байгаагаа мэдэхгүй болсон. Эдийн засгийн агуулгаар маш том  хохирол худалдаанаас бий болж байна. Худалдааны салбарт өнөөдөр мэргэжилтэн маш их хэрэгтэй байгаа.

-Худалдаанаас гадна нийтийн хоолны салбарын асуудал яригддаг.Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Манай улсын нийтийн хоолны салбар ч бас хэцүүдсэн. Энэ салбарыг төрийн бодлогоор  анхаарч өөд нь татах ёстой. Өнөөдөр монгол хүн өвчилж буй гол шалтгаан нь хоол хүнс болж байгаа юм. Хуучин нийгмийн үед Худалдааны яам дотроо худалдаа, нийтийн хоолны асуудал эрхэлсэн сайд нь тус тусдаа байлаа шүү дээ. Бид үндсэндээ хоолны технологи жороо тогтоож мэдэхээ болчихсон, стандартгүй байна. Стандарттай боллоо гэхэд  гадаадаас хуулбарладаг. Энэ нь монгол хүний бие махбодид таардаггүй. Бид эрс тэс уур амьсгалтай, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд амьдардаг шүү дээ. Өвөлдөө хасах 40, зундаа нэмэх 40 хэмд бид ямар хоол унд яаж хэрэглэх вэ гэсэн уламжлалт арга барилтай. Үүнийгээ орчин үед нийцүүлэх шаардлага байгаа юм. Түүнээс биш бусдын стандарт, хоолны соёлыг даган дуурайгаад хонины сүүл, өвчүүний өх, малын гаралтай мах хортой гээд байж таарахгүй.

Энэ бүгдийг онолын хувьд шинжлэх ухаанч байдлаар шийддэг мэргэжилтнүүд нь худалдааны салбарынхан шүү дээ. Байдал ийм байхад 100 жилийн түүхтэй ХҮИС-иа   харин ч бэхжүүлж өөд нь татаад явах  учиртай. Монгол Улсын гадаад, дотоод худалдаа, нийтийн хоолны салбарыг амилуулах, хөгжүүлэх ганц боломж түшиг тулгуур нь ХҮИС  гэж би хардаг. Төр, засгийн зарлиг тушаалаас илүү мэргэжилтнээ бэлтгэсэн байхад манай улсын худалдаа, нийтийн хоолны  салбар хөл дээрээ босоод л ирнэ. Ингэж  байж улс орны эдийн засаг сайжирна. Ард иргэд нь хоол хүнсээр дамжих өвчингүй болно. Худалдаа, нийтийн хоолны салбар хүний анхан шатны хэрэгцээнд суурилдаг. Гэтэл өнөөдөр мөнгө олдог салбар гэж уул уурхайгаа л чухалчилж байгаа нь өрөөсгөл бодлого юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
100 жилийн түүхтэй ХҮИС-ийг устгах биш харин ч бэхжүүлж өөд нь татаад явах учиртай – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
1 жил өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x