10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

0

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 7-10-нд нийт 874 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 658 мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байна.

“Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан” байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8 дахь заалтыг баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тавдугаарт “Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна
Үзсэн: 4
Mongolian National Broadcaster

Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x