Үүлэн чөлөөний нар үзэгдэх агшин дахь амьдрал

0
(Эргэцүүлэл)

Өвөг дээдэс маань хүмүүний амьдралыг үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх төдий л юм шүү хэмээн захисан нь бий. Бодвол ямар нэгэн зүйлийн орших цаг хугацаатай харьцуулж хэлсэн нь ойлгомжтой.

Хүний нас өнгөрсөн онд дэлхийн дунджаар 72,8 жил буюу 26590 өдөр байна. Манай гараг бий болсноос хойш өнгөрсөн хугацааны хажууд бол энэ нь маш өчүүхэн хугацаа юм. Дэлхий 4 540 000 000 жилийн настай. Харин их тэсрэлтийн үр дүнд үүссэн гэх орчлон ертөнцийн нас 13 800 000 000 жил. Үүний дэргэд хүний насыг үнэхээр үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх төдий л хугацаа гэж хэлэхээс яахав дээ. Дээрхтэй холбогдуулан хүмүүний амьдрал болон орчлон ертөнцийн талаарх эргэцүүллээ хуваалцая.

АЖИЛ БА МӨНГӨ

Хүн амьдралынхаа 20-25 жилийг бие даан амьдрахад бэлдэж сурч боловсроход зарцуулдаг бол үлдэх хэсгийг ажил хөдөлмөрт зориулна. Хүн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангахын тулд ажил хийдэг. Амьдрахын тулд мөнгө зоостой байхаас өөр аргагүй нөхцөл байдлыг төр засаг болоод зах зээл бидэнд тулгадаг. Энэхүү хатуу нөхцөл шаардлагатай хөл нийлүүлэхээс аргагүй болно. Ингээд бидний олонх нь гэр бүлээ тэжээх, үр хүүхдээ сургах, амьдралынхаа орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ихэнхдээ мөнгөний төлөө зүтгэнэ дээ. Түүнийг олохын төлөө хайр найргүй амьдарна. Тархиа гайгүй шиг ажиллуулбал булчингийн ажлаас илүү өгөөж олно. Өөрөөр хэлбэл ухаан гаргавал мөнгө инээдэг, бас ирдэг. Боловсрол, мэргэшил бол аврал мөн гэдэг нь ийм учиртай. Бидний олонх нь шударгаар хөдөлмөрлөнө, бас шударга бусаар хөрөнгө мөнгө олдог хэсэг ч бий. Ажил мөнгө гэж явсаар төд удалгүй өтөлж, өвчилж эхэлнэ, өндөрлөнө.

Мөнгө гээч нь үнэн хэрэгтээ зохиомол зүйл юм. Харин тэрхүү зохиомол зүйлд нийтээр даган итгэснээр мөнгө тэнхээ тамир орж төлбөр тооцооны хэрэгсэл болдог. Мөнгө анх бий болохдоо алт, мөнгөн зоос хэлбэртэй байж. Дараа нь зэс, гуулиар цутгагддаг болж, төд удалгүй зурагтай цаас болж хувирсан аж. Эдүгээ чипэнд байх “тоо” болжээ. Мөнгө бол эдийн засаг, нийгмийг чирэгч хамгийн хүчирхэг зүтгүүр. Уг зүтгүүр нь хүн гэдэг хохимой толгойтой, хоёр хөлөөрөө явагч залхуу амьтныг хоолонд нь хүргэх, хөдөлгөж хөдөлмөрлүүлэх том хөшүүрэг болдог. Хүн бол харьцангуй залхуу амьтан. Ямар нэгэн зүйлээр дөрлүүлж зүтгүүлэхгүй л бол хөдлөнө гэж байхгүй, дургүй. Тиймээс бид мөнгөнд дөрлүүлж, дарлуулж амьдардаг. Өдгөө крипто гэх бас нэг зохиомол мөнгөнцөр түмэн олныг хошууруулж дөнгөлөөд эхэллээ. Үр дагавар нь өлзийтэй байх болтугай.

Мөнгө хүмүүсийг холбодог, нэгтгэдэг нийгмийн хэрэгсэл. Тэрбээр хүмүүсийг арьс өнгө, хүйс, хэл, соёл, шашин шүтлэг, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхдаггүй, нээлттэй, нийтлэг зүйл юм. Ийм зүйлд дургүй хүн гэж бараг байхгүй. Балчир хүүхэд ч мөнгийг урж хаях нь бараг үгүй, түүнийг мах цуснаасаа мэдэрч байдаг. Бүх хүн төрөлхтөн мөнгөнд дурлана, түүний базалт дор амьдарна. Энэ гараг дээр 26590 өдөр байх гэж нэг иймэрхүү зохиомол зүйлд дөрлүүлж, дарамтлуулж амьдрах ч гэж дээ, оюун ухаант хүн гуай. Зөгий шиг зүрхнээсээ ажилладаг, залхуурдаггүй байсан бол ингэхгүй шүү дээ. Хүмүүн гэгээртэл мөнгө “ноён” хэвээр байх бололтой.

АЗ ЖАРГАЛ ХИЙГЭЭД ХАГАЦАЛ

Хүн аз жаргалтай байхын тулд амьдардаг гэдэг. Аз жаргал гэдэг нь өнгөц ойлголтоор тархинаас ялгардаг таашаал гэх субъектив зүйлээр илэрмүй. Баярлавал таашаал авна. Таашаалын мэдрэмжийг аз жаргал хэмээн бодно. Тиймээс аль болох таашаал авах, баярлаж цэнгэхийг хүснэ. Гэвч байнга таашаалтай байна гэдэг бараг боломжгүй зүйл. Үнэндээ аз жаргалыг өргөн утгаар нь үзвэл амар тайван юм. Амар тайван нь амьдралын үндсэн нөхцөл болой. Ер нь хүмүүний хувьд амьдарна гэдэг нь өөрт ногдсон үүргийг хариуцлагатайгаар гүйцэлдүүлэх явдлыг хэлнэ.

Хүний амьдралд зовлон, жаргал хослоно. Ганц баячууд нь жаргаад, ядуус нь зовдог хорвоо биш. Зовлонгийн үрийг хүн өөрөө тарьдаг. Хүсэл шунал ихтэй нь зовлонгоо арвин төрүүлнэ. Харин чиний зовлонг чамаас илүү ойлгох нэгэн үгүй. Бурхан гэж байдаг бол ойлгох л байх, бусад нь бол ойлгохгүй ээ.

Ташрамд дурдахад энэ бөмбөрцгийн оюун ухааны оргил Альберт Эйнштейн нэгэнтээ “Шинжлэх ухаан руу өнгийх тусам бурхан бий гэдэгт улам итгэх боллоо” хэмээн хэлсэн байдаг. Агуу сэтгэгч маань энэ үгийг зүгээр нэг хэлчихээгүй болов уу.

Амьдрал бол ажил хөдөлмөр, аз жаргал, амар тайван төдийгүй бас хагацал юм. Хүмүүс хагацахын тавилантай учирдаг. Хагацал бол цаг хугацааны л асуудал. Хүн амьдралынхаа туршид хэн нэгнээс хагацсаар байна, эцэст нь энэ биенээсээ хагацна. Бие организм элэгддэг, харин билиг оюун үл элэгдэнэ. Зүй тогтолт ертөнц өөршөөлгүй, өчиггүй байдаг. Бие хаягдана, билиг явна. Билиг бол мэдээлэл. Сансрын асар их татах хүчтэй, сүйрүүлэн залгигч хар нүх ч мэдээллийг арчиж устгаж чадахгүй. Хар нүхээр дамжсан мэдээлэл устаж алга болдоггүй гэдгийг квант физикчид онолын хувьд баталсан байдаг. Стивен Хокинг болон Леонард Саскинд нарын хооронд 30 шахам жил өрнөсөн онолын тулааны эцсийн үр дүн ийм бөлгөө. Орчин үеийн хэллэгээр бол мэдээллийн хувьд тэнд delete гэсэн ойлголт үгүй. Хар нүхэнд ч, задгай сансарт ч мэдээлэл, ой санамж оршсоор байх болно гэсэн үг. Бусад нь бол нягтаршан, няцран ор мөргүй алга болно.

БАЙГАЛИАС ӨГӨГДСӨН ЭРХИЙГ ТӨР, ТҮШМЭЛЭЭС ГУЙЖ АВАХ ЁСГҮЙ

Хүмүүн тоос хөдөлгөж явахад эрх чөлөө их чухал. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүнд байгалиас өгөгдсөн эрх юм. Хүнд үг хэл гэж ам, үзэл бодлоо тунгааж илэрхийл гэж тархи толгой заяагдсан байдаг. Байгалиас заяагдсан эрхийг төр, түшмэлээс гуйж авах ёсгүй. Сэтгэн бодох эрх чөлөөг боож хязгаарлах боломжгүй. Хүн зүрх сэтгэлдээ байгаа зарчимдаа үнэнч бол өөртөө итгэлтэй, цог хийморьтой байна. Өөртөө үнэнч амьдрах хэрэгтэй, салхи дагаж санжигнах хэрэггүй.

ХҮН ТӨРӨЛХТӨН НЭГ Л ЭЭЖЭЭС ТӨРСӨН

Хүн төрөлхтөн (homo sapiens)-ийн хөгжил сүүлийн 400 жилд л мэдэгдэхүйц ахисан байдаг. Өмнөх 199600 жилийг том жижиг дайн байлдаанаас өөр гавьтай юм хийлгүй өнгөрүүлжээ. Газар нутаг, эд баялаг, эрх мэдэл, статус, алдар нэр, хэргэм цол, итгэл үнэмшлийн төлөө алалцаж байжээ. Үл ойлголцлоос үүдээд бас дайтана. Хүмүүн цус, хөлс, нулимсаа дуустал мөргөлдөнө шүү дээ. Одоо ч мөргөлдсөөр байна.

Хүн анх Африкт үүсэхдээ нэг л ээжээс төрсөн гэдэг. Нэг эцэг эхийн хүүхдүүд. Тэндээс үржиж тархсаар нэг л мэдэхэд өөр өөр арьс өнгө, хэл, соёл, зан заншилтай этгээдүүд болоод хувирчихсан байдаг. Газар нутгаа хашаалаад улс орон, үндэстэн ястнууд болоод хуваагдчихсан байгаа юм. Тэгээд Англи цус, Африк цус, Монгол цус гээд балайрна (Энд тэмдэглэхэд хүн төрөлхтөнд дөрвөн бүлгийн цус л бий, I, II, III, IV бүлэг. Сайрхаад байх нэмэлт ангилал байхгүй). Хүмүүс амьдарч буй жалга хөндийгөө дагаад өчүүхэн итгэл үнэмшил, үзэл суртал, шашинтай болчихсон аж. Тэгээд л алалцаж эхэлж дээ.

ШИНЖЛЭХ УХААН БОЛ ХӨГЖЛИЙН ЭХ

Харин ердөө саяхан буюу Ньютоноос хойш шинжлэх ухаан хөгжиж, түүний ачаар хөдөө аж ахуй, аж үйлдвэр, мэдээллийн технологи харьцангуй өндөр түвшинд хүрлээ. Өдгөө өдөр бүр үнэмшихэд бэрх шинэ нээлт, технологи гарах болов. Дэлхийгээс халиад сансрын гүн рүү нэвтрэх нь нэмэгдлээ. Хүмүүний чадамж хязгааргүй юм байна. Хүний тархины үйл ажиллагаанд нээгдээгүй олон нууц буй. Оюуны ийм өндөр чадамжтай сэтгэн бодох тогтолцоо зөвхөн хувьслын замаар бий болох нь эргэлзээтэй гэж үзэх эрдэмтэд бий. Хүн ер нь хаанаас ирсэн юм бэ.

Дайн хийх, эх нэгтэй эртний ах дүүгээ хөнөөхөд бэлтгэж жил бүр төсөвлөж байгаа асар их мөнгийг шинжлэх ухаанд зарцуулбал юу болох вэ, гайхамшиг гэгч нь л болно, шинжлэх ухааны том нээлтүүд гарна. Хэр тааруу багахан мөнгө санхүүгээр ердөө 350 жилийн хугацаанд ийм их дэвшилд хүрсэн хүн төрөлхтөн дараагийн зуун жил, мянганд бодож сэтгээд төсөөлшгүй, санаанд багтамгүй нээлтүүдийг хийж, үлгэр домгийн техник, технологийг бий болгоно гэдэгт эргэлзэх зүйл алга. Хүн ирээдүйг өөрчилж чадна, харин өнгөрснийг өөрчилж дөнгөхгүй.

ЕРТӨНЦ ГЭДЭГ БӨМБӨӨЛӨЙ

Нээж илрүүлэх зүйл болоод зүй тогтол нэн их байна аа. Жишээлбэл орчлон ертөнц эцэс төгсгөлгүй юм уу, аль эсвэл хил хязгаартай юм уу, ямар хэлбэр дүрстэй юм бэ гэх мэт. Ертөнц байнга тэлж буй учраас хязгаартай эсэхийг мэдэх боломжгүй байна гэж хэлэх эрдэмтэд бий. Гэвч үүнийг илүү өндөр түвшний техник, технологи, судалгааны арга зүйн тусламжтайгаар давж болно.

Сонирхуулахад ажиглагдах ертөнцийн хэмжээ дэлхийгээс зүг зүгт 46 500 000 000 гэрлийн жил гэж одоогоор тооцсон байдаг. Гэрлийн нэг жил нь ойролцоогоор 10 000 000 000 000 километртэй тэнцэнэ. Юутай ч та дээрх хоёр тоог хооронд нь үржүүлэх гэж оролдоод үз дээ. Үржүүлээд гаргасан дүнгээ хоёроор үржүүлбэл энэ ертөнцийн диаметр тодорхой болно. Харин ертөнц гэх бөмбөөлөй нь эзэлхүүнийг олно оо гэвэл  V= 4/3 пr3 гэсэн томъёог ашиглаарай, п=3,14; r= (46 500 000 000 x 10 000 000 000 000 км) болно. Эндээс та энэхүү бөмбөөлөй маань ямархуу том сав болохыг ойлгоно, гэхдээ ажиглагдах орон зайд шүү дээ. Цаана нь ажиглагдах аргагүй орон зай ч үлдсэн байгаа. Ажиглагдахгүй орон зайн хэмжээ ажиглагдах ертөнцийн хэмжээнээс 250 дахин том байж магадгүй гэж үзэх эрдэмтэд бий. Сансрын техник, технологи ахиухан хөгжөөд өгвөл асуудал илүү тодорхой болно. Хэдхэн хоногийн өмнө их тэсрэлтээс хойших 13,8 тэрбум жилийн 97 хувь буюу 13,4 тэрбум жилд нь үүссэн орон зайг шинжлэн судлах хүчин чадалтай, өмнөхөөсөө илүү боловсронгуй хийцтэй дуран авиаг сансарт удаан хугацаанд ажиллуулахаар илгээлээ. Энэхүү аварга том төхөөрөмж олон шинэ зүйл нээх нь тодорхой. Ташрамд сонирхуулахад уг дуранг бүтээхэд 10 тэрбум ам.доллар зарцуулсан бол харин төр улсууд хоорондоо дайтахад бэлдэж түүнээс 200 дахин их мөнгийг жил бүр төсөвлөж буй.

Ажиглагдах бөмбөөлөй дотор 200 тэрбумаас 10 их наяд (триллион) хүртэлх галактик байна. Нэг галактикт дунджаар 100 тэрбум од гараг оршино гэж судлаачид тооцоолдог. Энэ дотор дэлхийтэй адил амьд соёл иргэншил байх боломжтой 30 000 – 100 000 гараг байх магадлал гардаг. Тэнд нөгөө диваажин мэт нь байгаа ч юм билүү. Нууцлаг зүйл их байна, Та минь ээ.

Хэрэв ертөнц тулж очих хил хязгаартай гэвэл түүний цаана чухам юу байна вэ, дахиад нэг орчлон оршиж байна уу гэх мэт сансар судлалын үндсэн асуултууд хариултаа хүлээсээр байна. Их физикч Стивен Хокингийн хошигнон хэлсэн “Хушганы хальсан доторх ертөнц”-өөс цааш чухам юу гээч нь оршиж, бас “үймүүлж” байна вэ. Орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлтийн шалтгаан юу байв, өдөөгч байна уу. Шалтгаангүй үйл явдал байх боломжгүй гэж философичид сургадаг. Орчлон ертөнцөд зүй тогтолгүй, зүгээр нэг учрал, тохиол гэж үгүй мэт. Шуудхан хэлбэл санамсаргүй явдал гэж байхгүй. Таны амьдралд тохиолдож буй үйл явдлууд ч санамсаргүй зүйл биш ээ. Энэ нь зарим талаар философийн зайлшгүй, буддизмын үйлийн үр, одон зурхайн хувь тавилан хэмээх ойлголтуудтай холбогдоно. Том хүчин зүйл ч байх магадлалтай, тоглоомын онолоос тодруулж болно. Орчлон ертөнцөд болж буй бүх юмс үзэгдэл тодорхой зүй тогтол, хуулиудын дор явагдана.

Эцэст нь энэ орчлонгийн эмх цэгцийг эрхшээдэг гэх физикийн суурь хуулиуд хаанаас бий болсон юм бэ, яагаад зөвхөн ийм зүй тогтол, хэлбэртэй байдаг юм бэ, ийм нарийн тооцоололтой хуулиуд оргүй хоосноос бий болчихсон юм уу гэх асуулт мөн тавигдаж байна. Орчлонгийн зүй тогтолыг илэрхийлдэг физикийн хатуу тогтсон, хөдөлшгүй хуулиуд биологийн амьтан адил хувьслын (эволюц) замаар үүснэ гэж байхгүй. Түүнчлэн байгалийн алив хуулийг философи сэтгэлгээ, төсөөллөөр үүсгэж тогтооно гэвэл илэрхий гэнэн явдал болно. Бид худал гэж үздэг хуурамч төсөөллүүдээсээ салж чадахгүй бол жинхэнэ үнэнийг олж мэдэж чадахгүй.

Эрдэмтэд физикийн хууль нээдэг боловч тэрхүү хууль нь хэрхэн, яаж бий болсныг мэдэхгүй байна, хэзээ ч мэдэх боломжгүй ч байж болох. Физикийн хуулиудыг хүмүүс байгалийн үзэгдлийг ажиглах, математик загварчлал хийх, түүнийгээ туршин батлах замаар нээдэг нь үнэн. Бас нэг хөдөлшгүй үнэн бол орчлон ертөнцийг тогтоон барьж байдаг физикийн хуулийг хүн бий болгоогүй. Харин орчлон ертөнц хэрхэн ажилладагийг маш их ажигласны үндсэн дээр тэдгээрийг олж мэдсэн байдаг.

Хүн гэх гайхамшигт амьтан хэзээ нэгэн цагт  орчлонгийн үл ойлгогдох нууцлаг учир начрыг нээж дээрх асуултуудын шинжлэх ухаанч хариуг олох нь дамжиггүй. Энд харьцангуй их хугацаа хэрэгтэй. Гэхдээ гэнэтийн мунхаг үйлдлээрээ өөрсдийгөө болон дэлхийгээ сөнөөчихгүй бол шүү. “Хоёр хөлний хоорондохоо биш холын оддыг харж яваарай” гэж Хокинг бидэнд захисан билээ.

      Р.БОЛД

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x