Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн суурийн суурь, үндсийн үндэс нь ард түмэн DNN.mn

0


Сэтгүүлчдэд зориулсан “Мэргэшиж мэдээлье” сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгууллаа. Уг сургалт 2023 оны тавдугаар сарын 6-ны өдөр Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд болсон юм. Сургалтыг нээж Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэлэв. Тэрбээр “Манай улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран хэрэгжүүлж, бүс нутагтаа манлайлан ажиллаж буй улс орнуудын нэг билээ.

Австрали Улсын Брисбен хотноо 2022 онд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-аар бүс нутгийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсад “Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн төв” болон “Бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын төв”-ийг тус тус байгуулахаар Монгол Улсын гаргасан санаачилгыг бүс нутгийн хэмжээнд хүлээж авсан нь олон улсын түвшинд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагын бодлого, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. Бид өнөөгийн нөхцөл байдлаа цаашид улам сайжруулж, ард иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, аливаа гамшиг, аюулт үзэгдлийг “Сөрөн тэсвэрлэх чадавх”-тай болгох чухал зорилт тавин ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.

Түүний дараа ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарын дэмжлэг, оролцоо нэн чухал. Бид бүхэн 2023 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилгоор зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа сэдэвт” стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн биднийг дэмжин хамтран ажиллаж, мэдээллийг шуурхай түгээнэ гэдэгт найдаж байна. Энэ бол бидний улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг болоод байна” хэмээв.

Үүний дараа ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэж юу вэ”, “Сөрөн тэсвэрлэх чадавхийг яаж суулгах вэ” гэдэг чиглэлээр лекц тавьсан юм. Түүний лекцээс та бүхэнд тоймлон хүргэе.


Сөрөн тэсвэрлэх чадавхи гэж юу вэ? ЯАГААД ЭНЭ АСУУДЛЫГ ХӨНДӨХ БОЛОВ

Улс орнуудын хувьд сүүлийн жилүүдэд “Сөрөн тэсвэрлэх чадавх” гэх шинэ ойлголт гарч ирсэн. Үүнийг ойлгуулахын тулд өөрсдийн жишээг татъя. 2016 онд Баян-Өлгий аймагт үерийн гамшиг нүүрлэсэн. Тэр үерийн голомтод би очиж ажилласан юм. Яагаад үерийн гамшиг болчихов. Яг тэр байршилдаа 2018 онд дахин үер болсон. Үүнийг дараах байдлаар тайлбарлая. Нэгдүгээрт, нутгийн иргэд шар шаврыг сүрэлтэй холиод хашаагаа барьчихдаг. Тэр нь ямар ч бат бөх чанаргүй. Их хэмжээний бороо ороход тэдгээр шавран хашаанууд нь бороонд нороод бат бөх чанараа алдаад нурчихсан. Хоёрдугаарт, аймаг руу ордог төв зам нь ус зайлуулах инженерийн байгууламжгүй учраас борооны ус урсахгүйгээр хаагдаад ус тогтчихсон. Тэгээд айлын хашаанд ус ороод, нүхэн жорлонгууд нь бүгд халиад эрээн алаг ус болчихсон, аймгаараа үерийн гамшигт өртчихлөө гэж яриад байдаг. Хэрэвзээ тэнд төв зам доогуур инженерийн байгууламж барьчихсан бол тэр үер болохгүй байсан. Энэ бол борооны улиралтай дэлхийн улс орнуудад тохиолддог энгийн л үзэгдэл. Төв замын доогуур ус зайлуулах хоолой тавиад Ховд гол руу холбочихсон бол тэр үерийн ус тогтохгүй. Ингээд бодоод үзэхээр бүх л зүйлийг байгальтай холбоод, бороо шорооноос үүссэн гэж үзээд байж болохгүй. Үүнд хоёр л зүйл холбоотой. Нэг талд хүний үйлдэл, нөгөө талд байгалийн үзэгдэл. Яг үнэндээ бидний хот төлөвлөлт, хариуцлагатай холбоотой зүйлүүд л байгаа юм. Далайтай улс орны хувьд, борооны улирлын үед их хэмжээний бороо орсноос үүсдэг үерийн аюул заналын хажууд эдгээр үзэгдэл юу ч биш.

Дахиад жишээ татъя, дайн бүхий улс орон, газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон Непал улсуудыг харьцуулаад үзье. Дайн болсон энэ газарт амьдралыг дахин сэргээх, буцаад хэвийн байдалдаа орох асуудлыг аваад үзэхэд ямар бэрхшээл, зовлон, цаг хугацаа орох вэ. Нөгөө талд байгалийн гамшиг, тэр дундаа газар хөдлөлтийн аюул занал ямар их хор хөнөөл учруулж болох вэ. Үүнээс хөндөх зүйл нь улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул заналхийлж болох аюул занал нь нэгдүгээрт, дайн байлдааны үйл ажиллагааны улмаас гадна талаас түрэмгийлэл үйлдэж, тухайн улсын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, газар нутгийг булаагаад, өөрийн эрхшээлд оруулж, хяналтад оруулах арга зам байна. Нөгөө талаар, яг ийм түвшинд хүргэх зүйл бол байгалийн аюул заналууд юм. Том хэмжээний асар хүчтэй газар хөдлөлт тохиолдсон үед, хор уршгийг арилгаж богино хугацаанд хэвийн амьдралдаа орж чадах уу.

Жишээ нь, Улаанбаатар хотод нэгдүгээр сард Турк улсад болсон шиг газар хөдлөлт тохиолдвол яах вэ. Ямар нөхцөл байдал үүсэх вэ. Турк улс эдийн засгийн хувьд манайхаас харьцангуй чадавхитай. Миний ажигласнаар Хатай хотод бүх эрүүл мэндийн байгууллагуудыг эмчтэй нь авчраад лагерь болгочихсон. Зогсоо зайгүй цуваанд орчихсон эмнэлгийн машинууд явж байсан. Би яагаад ингээд энэ олон машин зогсоо зайгүй дуу хангинуулаад яваад байдаг юм бол гэж бодсон. Сүүлд ойлгоход газар хөдлөлт дөнгөж болсны дараа маш их хүн амь авраач гэж орилолдоод, уйлалдаад, хашхиралдаад шороон доор, байшингийн нуранги доор байсан юм байна. Тийм учраас иргэд нь амьд хүмүүсийг авраад, эмнэлгийн машин тасралтгүй зөөсөн байгаа юм. Ийм л дүгнэлтэд хүрсэн. Ийм газар хөдлөлтийн аюул Монгол Улсад нэгдүгээр сард тохиолдвол бид яаж ажиллах вэ?

Уржигдар (тавдугаар сарын 4) бид ОБЕГ-ын офицерийн бүрэлдэхүүнтэй стратегийн команд штабын сургуультай холбоотой штабын дадлага хийж, газар хөдлөлтийн аюулын хор хөнөөлийн асуудлыг урьдчилсан байдлаар нээлттэй ярилцсан. Манайхан тодорхойлж гаргаж ирсэн. Жишээ нь, тийм хэмжээний газар хөдлөлт болбол тэр хүйтэнд манай бүх инженерийн шугам газар доогуур ил явж байгаа. Том, том дулаан хангамжийн шугам задарчихсан байхад бид яах вэ. Ийм зүйл тохиолдвол бид эдийн засгаа яаж босгох вэ. Хатай хот нурангийн хогоо цэвэрлэчихсэн мэдээлэл байна лээ. Биднийг үүрэг гүйцэтнэж байхад нурангийг зайлуулахаар том машин механизм голомтод ажиллаж эхэлсэн. Бидэнд тийм хүчин чадал бий юу. Тийм хэмжээний ус олгойдоод гарсан үед бид яаж ажиллах уу. Эдийн засгийн хувьд ямар хүчин чадалтай байгаа билээ. Яаж хотоо буцаан босгох вэ. Зудын гамшиг шиг хэдэн мал хорогдчихлоо, тэдэн хүн осголоо гээд хэдэн өвс, тэжээл Засгийн газраас дөхүүлж өгөөд, ая занг нь олчих боломж бидэнд байх уу. Ийм хугацаа олдох уу. Газар хөдлөлт ядуу зүдүү, хөгжил буурай орнуудад маш их хүндрэл учруулдаг.

Гайти улсад 2010 онд маш том хэмжээний газар хөдлөлт болсон. Тэнд ажилласан гадаад улсын мэргэжилтэнтэй санамсаргүй таарсан. Газар хөдлөлтөөс хойш 20 жил болчихоод байхад одоог хүртэл Гайти улс босоогүй. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал манай улстай адилхан байсан. Тэгэхээр үүнээс үүдээд Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхи гэдгийг та бүхэнд ярьж байгаа юм.

Тэгэхээр Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

Асар хүчтэй байгалийн аюулыг тэсвэрлэж, сөрөн зогсох чадавхи, тогтолцоо, дэд бүтэц, соёл, улс үндэстний эв нэгдэл, хариуцлага, хүсэл эрмэлзлэл, хариу үзүүлэх чадвар юм.

Сүүлийн үед хүчтэй том хэмжээний аюулын төрөлд газар хөдлөлт, био-аюул, уур амьсгалын өөрчлөлт, нэн чухал дэд бүтцийн сүйрэл, кибер заналхийлэл, цөмийн сөргөлдөөнийг авч үзэж байгаа. Био-аюулын хувьд өнгөрсөн гурван жил дэлхийн улс орнуудын хүн ардад тохиолдсон коронавируст халдвар бол тод жишээ юм.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн суурийн суурь, үндсийн үндэс нь бол ард түмэн. Эв нэгдэлтэй, соёлтой, хариуцлагатай, ухамсартай, зовлон бэрхшээл тохиодсон ч би зовоод байна гэж хэлэхгүйгээр шүд зуугаад, даваад гарч ирэх ард түмэнтэй улс бол ямар ч дайн байлдаан, ямар ч том гамшиг сүйрэл болсон тэсч үлдэнэ. Тэгэхээр ард түмнээ л бэлтгэх хэрэгтэй.

Бид олон нийт рүү яаж энэ асуудлыг хүргэх вэ. Олон нийтэд яаж мэдлэг суулгах вэ. Хэрэв ийм хэмжээний байгалийн аюул тохиолдвол бид яаж тэсвэрлэх вэ. Нэг өдөр, нэг сар, нэг жил хүндрэл бэрхшээл үргэлжилнэ. Газар хөдлөлтийн гамшгийн хор хөнөөлийг богино хугацаанд арилгаад бид хэвийн амьдралдаа орчихно гэж бодож байгаа бол боломж хязгаарлагдмал. Бид түүнийг даван туулах, удаан хугацаанд бэрхшээл дунд өнгөрүүлэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Японд болсон газар хөдлөлтийн аюулаас болж одоог хүртэл гадаа контейнерт амьдарч байгаа хүмүүс байгаа гэсэн мэдээлэл бий. Манайд үүнээс ч удаан хугацаа шаардлагатай болж магад. Нэг, гурав, тав магадгүй арван жил ч бид гудамжинд амьдрах болзошгүй. Ийм л бэрхшээлийг давах чадавхийг суулгах ёстой.

Томоохон хэмжээний гамшгаас болоод нийгмийн давхаргын, зан заншлын, соёлын том өөрчлөлт болдог гэж байгаа. Жишээ нь, гэр бүл, эцэг эх, ах дүүгээ байгалийн гамшигт алдсан бага насны хүүхдэд цаашдын зам мөр, ирээдүйн амьдрал, зан төлөвт ямар өөрчлөлт орох вэ. Ямар тэсвэр хатуужлыг шаардах вэ. Өчнөөн амь үрэгдсэн хүнийг хараад сэтгэл санаа яаж өөрчлөгдөх вэ. Бидний ажиллагааны үеэр алба хаагч хүртэл цочирдох хэмжээний зүйл харсан. Ирээд сэтгэл зүйн эмчилгээ, засал хийлгэж байна. Амьд үлдсэн хүмүүс маш урт удаан хугацаанд бүтээн босголт, сэргээн засварлалт, эдийн засгаа босгох, амьжиргаагаа авч явах, мөнгө төгрөгтэй байх, хоол ундтай байх гээд асуудал ундарна. Хатай хотын 80 гаруй хувь нь дүрвээд яваад өгсөн. Өөр аюулгүй хотод амьдарна. Ажил олно, ахуй амьдралаа авч явна гээд дүрвэсэн. Ийм урт удаан хугацааны сөрөг үр дагаварыг бий болгодог учраас яаж үүнийг тэсээд, амьд үлдэх вэ, эсэн мэнд гарах вэ гэдэг асуудал байгаа.

Гамшгийн нөхцөл байдал үүссэн асуудлыг тодорхойлдог шалгуур үзүүлэлтэд хэчнээн хүн нэг дор нас барсан бэ гэдэг асуудал чухал байдаг. Та бүхний мэдэж байгаагаар 1000 хүн нэг дор цасанд дарагдаж, 10000 хүн үер усанд осолдсон тохиолдол манайд байна уу. Одоогоор түүхийн хуудаснаа манай улсад ийм зүйл байдаггүй. НҮБ-ын гамшгийн төрөл дотор “Зуд” гэж латинаар бичээд хаалтан дотор (Монгол) гэж байгаа. Яагаад гэвэл тэр гамшиг Монголд их болдог. Бид үүнийгээ олон дахин тайлбарласан. Мал их хорогддог. Тиймээс эдийн засгийн хохирол учирдаг. Малчид сэтгэл санааны хямралд ордог гэх мэтээр. Тухайн үед шинжээчид зудын гамшгийн үед “Хэдэн хүн нас барсан бэ” гэж асуусан. Олон улсын шинжээчдийг ажиллаж байх зудын гамшгийн үеэр 3-4 хүн нас барсан тохиолдол бий. Тэр нь зудын эрсдэлээс ч болоогүй. Гадуур архи ууж яваад осголт, хөлдөлтөөр нас барсан хүмүүс байсан. Цас зудны байдлаас хамааралгүй нас барчихсан. Гамшиг гэдэг нь ийм л чухал асуудал, ойлголт. Тэгэхээр газар хөдлөлтийн аюул занал нь өөрөө нэг дор маш олон хүний амь насыг авч оддог. Зудын эрсдэлтэй зүйрлэх юм биш.

Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгийг яаж сөрөн давах чадавхийг ард иргэддээ суулгах вэ, ямар тогтолцоогоор явах уу, нийгэм, эдийн засгийн чадавхиа яаж бий болгох вэ. Миний анзаарснаар эхний 24-72 цаг дотор хяналтаа бушуухан тогтоож хүмүүсийг зохион байгуулалтад оруулах асуудал. Эмх замбараагүй байдал үүсгэхгүй, дур дураараа байхгүй, хариу арга хэмжээг авч, хүмүүсийг шуурхай аврах ажиллагааг зохион байгуулж ажиллахын тулд ямар тогтолцоог бий болгох вэ. Үүн дотор нэг анзаармаар зүйл нь улс үндэстний эв нэгдэл гэж зүйл байгаа. Өнөөдөр ард иргэдийн дундах эв нэгдэл гэж зүйл ямархуу түвшинд байгаа вэ. Коронагийн үед биеэрээ зовлонг нь үзсэн хүний хувьд бид эв нэгдэлтэй байна гэдэгт үнэхээр эргэлзээ төрж байна. Тэгэхээр үүнээс хэд дахин хүнд байгалийн гамшгийн үед ямархуу байдалтай байх вэ. Дээр нь үндэстний хариуцлагын асуудал. Би болж байвал бусад нь хамаагүй гээд, бэрхшээл зовлонгийн үед дайрч доромжлоод, хэрүүл маргаан хийгээд, бүх зүйлийг гацаагаад, хүндрэл учруулаад амиа бодоод байх уу. Японы жишээг дурдахад, “Гамшгийн соёл” гэж юм бий. Би ус авахаар дугаарлаад зогсож байтал яг миний урд иртэл ус дуусчихлаа гэж бодъё. Ус тарааж байсан япон хүн “Уучлаарай. Маргааш ирээрэй” гэхэд тэгсэн нөгөө япон хүн “Баярлалаа”, “Би харин та нарт түвэг удчихлаа маргааш ирье гээд бөхийчихөөд яваад өгч байгаа юм. Хэрэв манайд ийм зүйл болвол би хамгийн сүүлд зогсож байснаа нэг хүн рүү утасдаад “Тэр усыг авмаар байна. Энд чинь очерийн хамгийн сүүлд байна шүү дээ” гээд гомдол мэдүүлж байгаа.

Ийм бусдын соёлоос суралцмаар байна. Иймл энгийн наад захын зүйлсийг яриад байгаа юм. Эрсдэлтэй бодитоор нүүр учирвал яаж давж гарах вэ, ямар хүсэл эрмэлзэл байх вэ, бидний эв нэгдэл юу байх вэ, тогтолцоо нь ямар байх вэ, яг ийм зүйл болбол бид тэсээд гарч чадах уу, эсвэл улс үндэстнээрээ шалдаа буучихаад, өвдөг сөхөрчихөөд, бусдаас туслалцаа дэмжлэг гуйгаад суугаад байх уу.

Ийм зүйл байгаа учраас өнөөдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэдэг зүйлийг хөндөж ярьж байгаа юм. Энэ үгний цаана их олон зүйлийн утга агуулгыг багтааж байгаа.

Жингийн тухай шиг нэг талд төрийн үйлчилгээ явж байгаа бол нөгөө талд ард түмний идэвхи чармайлт, хичээл зүтгэл цуг явж байх хэрэгтэй. Төр дангаараа нэг талд туухайн жин дараад ард түмэн хичээхгүй чирэгдээд үлдчихвэл Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхи гэж зүйл байхгүй. Бүгд сүйрнэ, бөхийнө. Бүгд байгалийн өмнө бөхийчихвөл яах юм бэ. Авраач ээ, ирээч ээ, байшин барьж өгөөч ээ гээд гуйгаад суугаад байх уу. Туурга тусгаар улс, төрийн байгууламжаа алдчихаад байж байх ёстой юу. Тэгвэл төрийн үзүүлж байгаа үйлчилгээнд ард иргэдийн оролцоо, ухамсар, соёл жин дарж байвал сөрөн тэсвэрлэх чадавхи бий болно. Тэгээд хот төлөвлөлт, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, нөөц, байгууламжийн бат бөх байх асуудал зэрэг олон зүйлийг цогцоор системийнх нь хувьд авч үзэх хэрэгтэй, ингэж л “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхи” бий болгох, ухамсарт нь суулгах асуудлыг яриад байгаа юм.

Хүмүүсээ сургаж, бэлтгэх асуудал байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг бий болгох ажлын алхам болгож Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран 2023 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг анх удаа, газар хөдлөлтийн аюул заналын нөхцөл байдлаар улс орон даяар зохион байгуулах гэж байна.

Энэ сургуулийн хамгийн гол зүйл нь газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн улс үндэстнээрээ даван туулах асуудлыг ярилцана. Ард иргэд ч сургуульд оролцоно. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид та бүхэнтэй хамтран хийхгүй бол төрийн байгууллага, онцгой байдал дангаараа хийгээд хүчирхэхгүй. Тиймээс аль болох мэдээлэл түгээх асуудал бидэнд чухал. Ард иргэд ч аль болох мэдээлэл авах бүхий л сувгаар мэдээллээ авч, уншиж судалж өөр өөрсдийгөө бэлтгэх шаардлага бий болоод байна.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x