Судлаач Д.Ганхуяг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ:
Судлаач Д.Ганхуяг: “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэлээ.
Үндсэн хуулийн цэц хэрэв түүний талд шийдвэр гаргавал ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль дахин цуцлагдах бололтой. Энэ сонгуулийг өнгөрсөн аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар төлөвлөж 14 нам сонгуульд оролцохоор бүртгүүлсний дараа цуцлагдсан юм
EagleNews