Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг сонсов | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасан байдаг бөгөөд хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлэв.


    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар гуравдугаар сарын 23-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар гуравдугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилж байгааг мэдээлэв.

    Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “… хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нараас 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд тус тус хүргүүлсэн албан бичигт 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авч буйгаа мэдэгджээ. Улсын Их Хурал 2021 оны намрын ээлжит чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Тус төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Мөн улсын хөрөнгө оруулалтын бодлого бодитой хэрэгжих, эдийн засгийн өсөлтийг хангах, стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхой болгох, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зарчмын хувьд хуулийн этгээдийн аль ч хэлбэрээр аливаа төрлийн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Засгийн газар зорин ажиллаж, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг татан авч буйгаа нэр бүхий гишүүдийн албан бичигт дурджээ. Эл албан бичгийн танилцуулснаар дээрх хуулийн төслүүдийг татан авсанд тооцох талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

    Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцууллаа.


    Үндсэн хуулийн цэц 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй. …” гэж заасанд тус тус нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцсон байна.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж (илтгэгч), Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хуралдаанаас Улсын Их Хурлаас 2021 оны нэг дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй. …” гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан болохыг тэрбээр танилцуулав.  


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8-д “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн танилцуулсан дээрх дүгнэлттэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x