Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн борооны дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар хориглосон байдаг байна.
Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Хэрэв явган зорчигч руу ус цацсан тохиолдол гарвал Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.
А.Мөнх-Од