Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр (2022.04.20)  боллоо.Хэлэлцүүлэгт хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөллүүд болон иргэдийн төлөөлөл оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ.  Тэрбээр “Монгол Улсын Их Хурлаас хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг эрхэмлэн дээдэлж холбогдох эрх зүйн шинэчлэлүүдийг хийж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалыг амилуулж шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах зорилгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан гэх мэт олон хуулийг нэрлэж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог хэдий ч гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бас нэг зорилго байдаг гэдгийг мартаж болохгүй” хэмээв.

 

2021 оны 4-р сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж Улсын Их Хурал мөн оны 10 сард уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд буй.

Хууль санаачлагчаас хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийлээ. 2019-2021 оны хооронд шүүхээс хэргийг буцаасан статистик тоон мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд 13 мянга гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь прокурорт буцаагдсан байна. Давж заалдах шатны шүүхээс 2700 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс мөн 10 орчим хувь нь анхан шатны шүүх, прокурорт буцаагдсан гэв. Харин Улсын дээд шүүхээр 2019 онд 674, 2020 онд 685 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж үүнээс 50-60 хэрэг нь шүүх рүү болон прокурор руу буцаагдсан гэх тоон мэдээллийг танилцуулав. Мөн шүүхийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах эрх зохицуулалтын өөрчлөлт түүхээс илтгэлдээ дурдав.  

Дэлхийн улс оронд шүүхийн үе шатнаас эрүүгийн хэргийг буцаадаг жишиг байхгүй болсон. “Нотол чадахгүй бол цагаатга” гэдэг зарчим нутагшиж байна. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчдөг. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь эрүү шүүлтийн хэлбэр болохыг илтгэлдээ онцоллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг хангаж, ял завших боломжийг хязгаарлан, шүүхийн шатанд хэргийг буцаахгүйгээр оролцогчийн эрхийг хамгаалахаар заасан гэдгийг тайлбарлав.

Үүний дараа шүүхээс прокурор руу шилжүүлсэн хэргийн судалгааны талаар мэдээллийг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг танилцуулав. 

Хэлэлцүүлэгт оролцогчид хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлэв. Хуулийг хэрэгжүүлж буй хүмүүст тооцох хариуцлага, шүүх хуралдааныг хойшлуулах хугацааг 60 хоног болгон өөрчилж буй шалтгаан, тогтоосон хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар шийдвэр гаргахгүй бол хэрхэх, хууль батлагдсанаар тогтолцооны хувьд гарах өөрчлөлт, эрсдэлийг тооцож судалсан эсэхийг асууж, хариулт авлаа.

Мөн хуулийн байгууллагуудын санхүү, ажиллах хүчний асуудлыг шийдсэний дараа тогтолцооны шинэчлэлийг хийх, шүүхээс хэрэг буцаадаггүй байх өөрчлөлтийг оруулахын тулд өмгөөлөгчийг тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримттай танилцаж санал хүсэлтээ гаргах боломжийг нээж өгөх, тогтоосон хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд  процессыг тодорхой зааж өгөх ёстой зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж үг хэлснээр эхний хуулийн хэлэлцүүлэг өндөрлөв.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир нарын гишүүд санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав. Тэрбээр Зөрчлийн хууль батлагдсанаас хойш 5 жил болж байна. Гэтэл зөрчил  буурахгүй  2021 он хүртэл нийт зөрчлөөр 200 орчим тэрбум төгрөгийн торгууль тавигдсан ч торгууль төлөлт хангалтгүй байгааг дурдлаа. Шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, хариуцлагыг давхардуулсан,  торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй байгааг засах ёстой гэв.

Иймээс зарим тодорхой төрлийн зөрчлүүдэд оногдуулах торгуулийн хэмжээг бодит байдалд нийцэхгүй байдлаар хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн буюу түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдэд эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлан хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.

 

Оролцогчид уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд ямар тохиолдолд сануулах арга хэмжээг авах талаар тодорхой тусгах, шийтгэлийн төрлийг тодорхой болгох, шийтгэлийн биелэлтийг хангуулах  талаар тусгах зэрэг саналуудыг хэлэв.

УИХ-ын гишүүн, ХЗБХны дарга С.Бямбацогт оролцогчдын асуултад хариулахдаа “Нийгэмд хор хохирол бага зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авах, давхардуулж торгож шийтгэдэг байдлыг халах,  торгуулиа хугацаанд төлбөл хөнгөлдөг байх агуулгаар хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс биш торгуулийг төлөхгүй бол 50 хувь нэмэх зэрэг асуудал байхгүй” болохыг тодотгов.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Хууль боловсруулахаас өмнө салбарынхны санал бодлыг сонсох, ард иргэдийн саналыг авах, эрдэмтэн судлаачид мэргэжлийхний оролцоог хангах байдал улам өргөжиж УИХ-аас DParliament, Lawmaker, Lawforum зэрэг цахим системүүдийг ажлуулж эхлээд буйг дурдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x