Эргүүлгээс их урсгалд… | Mongolian Economy

0


Олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2021 онд хүчтэй сэргэж, 1.65 их наяд ам.долларт хүрснийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал(UNCTAD)-аас гаргасан Хөрөнгө оруулалтын чиг хандлагын тайланд дурджээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 77 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин цар тахлын өмнөх үе буюу 2019 онд дэлхий дахинд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.39 их наяд ам.долларт хүрч байсан. Үүнээс үзэхэд, дэлхийн эдийн засгийн урсгал эрчимжиж, сэргэлтэд тэмүүлж буй нь илэрхий. Гэтэл бид “мөнхийн эргүүлгээсээ” мултарч эдийн засгийн хөгжлийн их урсгалд нэгдэх хараахан болоогүй бололтой.

Монгол Улсын хувьд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал өнгөрсөн онд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь 2020 оноос хоёр дахин буурсан үзүүлэлт юм. 

2011, 2012 онд Оюутолгой үүцээ задалж, хөрөнгө оруулагчид шуурч байх үед манай улс жил дараалан таван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татаж байлаа. Гэвч үүнээс хойш жил дараалан татарсаар 2015 онд 1.4 тэрбум ам.доллар болж буурсан юм. Харин өдгөө гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн доод түвшиндээ ирээд байна. 

Тэгвэл бусад “айл” “зочид”-доо хэрхэн ханддаг тухай цөөн баримт дурдъя. Зэргэлдээ орших Казахстан улс цар тахлын өмнө буюу 2019 онд 17.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан бол манай улсад тухайн жилд 3.1 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байв. Нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтээр манай улстай төстэй гэгддэг Вьетнам улс 1988-2020 оны хооронд 231 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байна. Энэ нь жилд дунджаар долоон тэрбум ам.доллар гэсэн үг бөгөөд 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал нь эрс нэмэгдэж, 20.3 тэрбум ам.долларт хүрсэн.

Гэтэл Монгол Улс 1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 35.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь Вьетнамаас 6.5 дахин бага үзүүлэлт болж байна. 

Манай улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтцийг авч үзвэл 70 хувь нь геологи, уул уурхай, олборлолтын салбарт ногдож байна. Харин худалдаа үйлчилгээний салбарт 17 хувь,банк санхүүгийн салбарт гурван хувь нь чиглэж буй. 

Гэтэл барилга, дэд бүтэц, тээвэр логистик, хөнгөн үйлдвэр зэрэг хөгжлийг тэтгэх чухал салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын усны дусал шиг багахан буюу ердөө нэг хувь нь л орж байна. Бодлого боловсруулагчид сүүлийн 20 жилийн турш эдийн засгаа төрөлжүүлэх талаар ярьсан ч өнөө хэр зөвхөн уул уурхайгаас хараат хэвээр байна. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын урсгал ч зөвхөн нэг салбарт чиглэж, үйлдвэр эрхлэгчид буланд шахагдсан хэвээр үлджээ. Энэ бол гадны хөрөнгө оруулагчдын буруу огтоос биш. Гагцхүү төрийн бодлого, хэрэгжилтийн алдаа согогыг илэрхийлж буй дүр зураг юм. 

Дэлхийн Банкны “Бизнес эрхлэх нь-2020” судалгаанд Монгол Улсын бизнесийн орчинд юу чөдөр тушаа болж байгааг тодорхой дурдсан. Дэлхийн 190 улсаас манай улс бизнесийн орчны үзүүлэлтээр 81-р байранд жагсахад хил дамнасан худалдаа, эрчим хүчний хүртээмж хамгийн их оноо чангаасан байдаг. Үүнээс дэд бүтцийн сул хөгжил гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд ямар их саад тээг болдгийг ойлгож болох юм. Манай улс хөрөнгө оруулагчдыг урьсан бодлого хэрэгжүүлнэ, хуулиа шинэчилнэ гэж хэчнээн зориод ч хатуу дэд бүтцээ сайжруулахгүй бол төдий л үр дүнд хүрэхгүйг Дэлхийн Банкны тус судалгаа харуулж байна. 

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийг онцлох чиглэл болгон тусгажээ. Хэрэв энэ бодлого амжилттай хэрэгжвэл эрчим хүчний эх үүсвэр 1896 МВт-аар нэмэгдэж, үндэсний төмөр замын сүлжээ 5600 км-т хүрч, боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Нэг боомтын хамаарлаас гарахын хэрээр экспорт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ тооцоо одоогоор цаасан дээр л байгааг мартаж болохгүй. Үүнийг бодит ажил хэрэг болгоход мөн л гадаадын хөрөнгө оруулалт чухал. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 94 дэд төсөл бүхий 20 багц төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад 100-120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зах зээлийг санал болгож буйгаа Сангийн сайд Б.Жавхлан Монголын эдийн засгийн форумын үеэр онцолсон.

Одоогоор 60 төслийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээг хийж, бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Тиймээс төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдыг урьсан таатай орчин бүрдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлох заалтыг оруулжээ. Тухайлбал, Хөрөнгийн биржээр хувьцаагаа нээлттэй арилжаалсан уул уурхайн бус компанид ногдуулах хөрөнгө оруулагчийн ногдол ашгийн татварыг 50 хувь бууруулах, биржээр нээлттэй арилжаалсан компанийн үнэт цаас борлуулсны орлогын татварт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх зэргийг дурдаж болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтын томоохон төслийн үндсэн хөрөнгийн импортын, гаалийн, НӨАТ-ын татвар төлөх хугацааг дөрвөн жилээр хойшлуулдаг болох заалтыг оруулсан байна. 

Хэдийгээр улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил хөрөнгө оруулалтын орчинд саад болсоор байгаа ч ахиц дэвшил гарч байна. Манай улсын зээлжих зэрэглэл “В” үнэлгээтэй байдаг бол хөрөнгө оруулалтын өгөөжийн үзүүлэлт үүнээс гурван шат дээшээ буюу “ВВ” үнэлгээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эрсдэл багатай улсууд энэ зэрэглэлд ордгийг Сангийн сайд мэдэгдсэн. 

Өдгөө дэлхийн бүх улс орон гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө өрсөлдөж байна. Мөнгөн урсгалаас шанаганыхаа хэрээр утгаж авах уу, эсвэл шанагаа улам томруулах уу гэдэг нь тухайн улсын авхаалж самбаанаас хамаарна. Тиймээс манай улс муу дүнгээ сайжруулж, сайн дүнгээ хадгалж байж гадны “зочид”-доо итгэл төрүүлж чадна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

Богино хугацаанд үр өгөөж өгөх боломжтой хамгийн том салбар бол уул уурхай. Бусад салбарт хөрөнгө оруулалт чиглэхгүй байгаа шалтгаан нь дэд бүтэцтэй холбоотой. Том үйлдвэр баръя гэхэд л эрчим хүч хангалтгүй байна. Дээрээс нь боловсон хүчин дутмаг. Иймээс бид хөрөнгө оруулалтын урсгалыг хэчнээн төрөлжүүлье гэвч ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын гол талбар нь уул уурхай байх болно. Харин цаашид дэд бүтцийг шийдэж, төрийн зүгээс зөв менежмент хийх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулалтын урсгалыг илүү олон салбарт чиглүүлнэ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол манай эдийн засаг хэзээ ч тэлэхгүй гэдгийг бид ойлгосон. Экспорт хөрөнгө оруулалтад түшиглэн нэмэгддэг. Тиймээс хөрөнгө оруулалт татах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Мөн хуулийн эерэг боломжуудыг хэрхэн хүртэх талаар мэдээлэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад дутмаг байна. Тиймээс хууль болон шинэчлэлийн хүрээнд бий болж буй давуу талыг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах хэрэгтэй.

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал:

Монгол Улс 500 тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалттай компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг. Гэрээний гол зорилго том хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчин бий болгоход чиглэдэг. Оюутолгойн хувьд, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Одоогоор Оюутолгой төсөл Монгол Улсад 14 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Цаашид хөрөнгө оруулагчдад үүдээ улам том нээхийн тулд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн талууд урт хугацаанд Хөрөнгө оруулалтын гэрээгээ баримталж, гомдол маргаанаас зайлсхийснээр дараа дараагийн хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. 

Бостон Консалтинг группийн Партнер Майкл Макадүү:

Засаглал сайжрах тусмаа эдийн засаг тэлдэг бол засаглал муудах тусам эелдэг дарангуйлал тогтдог. Наанаа инээсэн хэрнээ ачир дээрээ хүнд сурталтай, тодорхойгүй байдалтай байвал гадаадын хөрөнгө оруулагчид тогтож үлдэхгүй. Тиймээс төрийн үйлчилгээ ил тод, шуурхай байх ёстой.  Эдийн засгийн форумын энэ өдрүүдэд иргэдийн жагсаал болж байгаа нь бидэнд эерэг мессеж өгч байна. Иргэд төр засагтаа дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа нь хөрөнгө оруулагчдад нэг талаар итгэл төрүүлдэг. Зөвхөн Засгийн газар бүгдийг хийнэ гэж байхгүй. Орон нутгийн засаг захиргаа ч чухал оролцоотой. Хамгийн гол нь энэ бүгд нэгдсэн уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. 

ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра:

ТЭЗҮ, эдийн засгийн өгөөж, эрсдэлийн үнэлгээ бүхий удирдамж, тооцоо судалгаа хийх нь хөрөнгө оруулалтыг илүү оновчтой удирдахад тусалдаг. Японы Засгийн газрын хувьд дэд бүтцийн хөрөнгө оруулалтдаа ихээхэн анхаардаг. Ялангуяа зүүн эргийн бүс нутагтаа хотуудыг холбосон хурдны галт тэрэг, төмөр замтай. Мөн зам дагуу дөрвөн аж үйлдвэрийн төв байгуулсан. Энэ нь эдийн засаг хурдацтай тэлэхэд том түлхэц болсон. Тиймээс Монгол Улс ч мөн тооцоо судалгаагаа оновчтой хийж, салбаруудынхаа ач холбогдол, эрэмбэ дарааг зөв тодорхойлох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

Монгол Улс өнөөг хүртэл Хөгжлийн загвараа зөв тодорхойлж чадаагүй байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд юуг түшиглэн хөгжихөө нарийн төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд 2013 оноос хойш мөрдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг харьцангуй сайн хууль гэж үздэг. Энэ хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт орж, улам сайжруулсаар байна. Гагцхүү яагаад Оюутолгойгоос өөр том төсөл орж ирэхгүй байна гэвэл бид боломжуудаа хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулж чадахгүй байна. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт маш өргөн боломж бий. Сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт ч потенциал байгаа. Тиймээс эдгээр салбарт хөрөнгө татах бодлого, төлөвлөлтүүд зөв байх ёстой.

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x