Энэтхэгийн сургуулиудад хижаб өмсөхийг хоригложээ

0

Энэтхэгийн Карнатака мужийн коллежууд исламын шашинт охидод хижаб өмсөхийг хориглосонтой холбоотой эсэргүүцлийн жагсаал нь мөргөлдөөн болж даамжирчээ.

Тодруулбал, жагсаал улам хурцдаж, муж доторх шашны маргааныг өдөөснөөр, “мөргөлдөөн гарсан” талаар BBC агентлаг мэдээллээ. Энэтхэгийн Карнатака мужийн сургуулиуд шашны мөргөлдөөний улмаас гурав хоног хаагдаад байна. Өсвөр насныхан Карнатака мужид хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа юм.

Энэхүү маргаан нь Энэтхэгт үндэсний хэмжээнд шуугиан тарьж, одоо мужийн дээд шүүхэд хүрчээ. Нэг оюутны шүүхэд гаргасан өргөдөлд хижаб өмсөх нь үндсэн хуулиар баталгаажсан шашин шүтэх үндсэн эрх юм гэж дурджээ.

 

Коллежийн оюутан Шраван Кумар: Дүрэмт хувцас нь хинду, мусульман, христийн шашинтай ч бай бүх оюутанд хамааралтай. Сургуулийн удирдлагууд бидэнд дүрэмт хувцас өмсөж, хижабаа бусад газарт өмсөх ёстой гэж хэлсэн. Үгүй бол удирдлагууд нь арга хэмжээ авна.

 

 

Коллежийн оюутан Хазра Шиф: Энэтхэг бидэнд шашин шүтлэгээ дагах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Тийм байхад яагаад бидний эрхийг боомилж байгаа ойлгохгүй байна.

 

Жагсагчид Энэтхэгийн эрх баригчдад хандан Исламын шашинт эмэгтэйчүүдийг гадуурхахыг зогсоо гэж уриалж байна. Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай хичээл дээр хижаб өмсөх эрхийн төлөө тэмцэж байгаа Энэтхэгийн оюутнуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт хижаб өмссөн залуу эмэгтэйчүүдийг коллежийн хаалгаар оруулахгүй байгаа дүрс бичлэгүүд олны анхаарлын татсан юм. Өчигдөр хоёр талын мөргөлдөөний улмаас олон хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.


Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x