Эдийн засгийн хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ

0


Монголын бизнесийн зөвлөлийн бүх гишүүдийн ээлжилт уулзалт Шангри-Ла зочид буудалд боллоо. Энэ удаагийн уулзалтыг “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв ба гадаад хүчин зүйлс” сэдвийн хүрээнд зохион байгуулж, зөвлөлийн гишүүд, эдийн засагчид, мэргэжлийн судлаачид эдийн засгийн гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар санал солилцов. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал эдийн засгийн өсөлтийг сааруулж гадаад худалдааны урсгалыг тасалдуулж, эдийн засгийн гол салбаруудад олон хүндрэл дагуулсан. Тиймээс эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдалд сайтар дүн шинжилгээ хийж, тогтвортой өсөлтийг хангахын тулд гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан үзэх нь амин чухал асуудал болоод байгаа. Тиймээс Монголын бизнесийн зөвлөлөөс бизнес эрхлэгчдэд цаашид үйл ажиллагаандаа эдгээр нөхцөл байдлыг хэрхэн тусгах чиглэлээр мэдээлэл өгсөн. Уулзалтаар эдийн засагчид Монголын эдийн засгийн хэтийн төлөв, уур амьсгалын өөрчлөлтийн талаар, харин геополитик, олон улсын харилцааны мэргэжилтнүүд Монголын эдийн засаг ба гадаад хүчин зүйлс гэсэн хоёр сэдвийн доор хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эхний хэлэлцүүлгээр эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын орчин, банк санхүүгийн орчны талаар Стратеги судалгааны төвийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр, Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалтын тэргүүн банкир Э.Амарбаясгалан, МУИС-ийн профессор Б.Отгонтөгс нар  байр сууриа илэрхийлэв.

Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Лхагважав Монголын эдийн засагт улс төрийн нөлөө их байгааг онцолсон

МУИС-ийн профессор Б.Отгонтөгс хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч, судлаач Б.Алтанцэцэгийн гаргасан хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаан дээр үндэслэн  эдийн засгийн ойрын ирээдүйг хэрэглэгчид хэрхэн төсөөлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголчуудын итгэлийн индекс хөдөө орон нутагт 60 хувь, нийслэлд нэлээд өөдрөг буюу 72 хувь байна. Хот, хөдөөгийн нийт 900 мянга орчим өрхийн гуравны хоёр нь энэ онд эдийн засаг сайжирна гэсэн хүлээлттэй, харин үлдсэн хэсэг нь улам хүндэрнэ гэж хариулсан. Иргэд ирээдүйдээ итгэлгүй, болгоомжлох нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг” гэлээ. 

Стратеги судалгааны төвийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр Орос, Украйны дайнаас үүдэлтэйгээр ОХУ-ын болон олон улсын нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн талаар танилцууллаа. Барууны орнуудаас ОХУ-ын эсрэг авч буй эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээнээс шалтгаалж олон улсын санхүүгийн агентлагууд ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа талаар тэрбээр мэдээлсэн.

Мөн нефть бүтээгдэхүүний 96 хувийг ОХУ-аас авдаг манай улсын хувьд шатахууны хилийн төлбөр тооцоонд хүндрэл гарч магадгүй гэсэн таамгийг хэлж байв.

Хөрөнгийн зах зээлийн төлөв байдлын талаар “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалтын тэргүүн банкир Э.Амарбаясгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр “Өнгөрсөн онд хөрөнгийн биржийн арилжаа 1.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 74 хувийг дотоодын аж ахуйн нэгж, иргэд 24 хувийг эзэлсэн бол үлдсэн 0.4 хувийн арилжааг гадаадын аж ахуй нэгж хийсэн. Үүний шалтгаан нь манай улсын Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлт байхгүй, хууль, эрх зүйн орчин нь тогтворгүй гэсэн шалтгаанаар гадныхан хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн бирж дээр арилжаа хийх сонирхолгүй байна” гэдгийг хэлж байлаа. 

Уулзалтын хоёрдугаар хэлэлцүүлэгт Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, дэлхийн улс төр, геополитикийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг гадаад хүчин зүйлс манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо солилцлоо. Панелистаар Гадаад бодлогын эксперт, судлаач профессор Д.Баярхүү, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан О.Очиржав, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь оролцсон юм. 

Гадаад бодлогын эксперт, судлаач профессор Д.Баярхүү “ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээнд хамгийн түрүүнд өртөх хөрш орон нь манай улс байх болов уу. Учир нь манай улсын эдийн засаг төрөлжиж солонгороогүй маш эмзэг” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Монголын бизнесийн зөвлөлөөс ирэх саруудад шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлээр шаардлагатай мэдээллүүдээр гишүүд болон бизнес эрхлэгчдэд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, энэ сард “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг уулзалт хийхээр товложээ. 

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x