Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ

0


“Монголын эдийн засгийн форум-2022” өмнөх жилүүдийнхээс хэд хэдэн онцлогтой болж өнгөрлөө гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, 2019 оноос хойш хоёр жил өнжсөний дараа боллоо. Монгол Улс энэхүү форумыг 2010 оноос хойш жил бүр хийж ирсэн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын жишгээр явдаг тус арга хэмжээ улс орны хөгжлийн асуудлуудыг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхны оролцоог хангаж хэлэлцдэгээрээ ач холбогдолтой. Засгийн газар бодлого төлөвлөгөө ярихаас гадна, бизнес эрхлэгч, эдийн засагч мэргэжилтнүүдийн санал зөвлөгөөг сонсож, ажил хэрэгтээ уялдуулах, тусгах зорилготой явж ирсэн. Ямартаа ч оролцогчдын хувьд засгаас хийж буй ажлын талаар маш их мэдээлэл авдаг юм. Төр, засгийн хувьд ч тухайн жилд улс орны хөгжлийн асуудлуудыг хэрхэн харж, бодлого боловсруулж, хэрэгжүүлж буй талаараа нэг дор танилцуулж ярьдаг платформ юм.

Хоёрдугаарт, энэ удаагийн форум дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа болсноороо онцлог юм. Засгийн газар цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн яаж сэргээх тухай бодлого хөтөлбөрөө танилцуулсан нь оролцогчдод хамгийн чухал мэдээлэл боллоо. Дэлхийн улс орнууд бүгд л аюулт тахлын дараа эдийн засгаа сэргээх бодлого боловсруулж ажиллаж байгаа юм.

Гуравдугаарт, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хандаж эхэлсэн гэдгээ зарлав. Төрийн гурван өндөрлөг хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, нөхцөл боломжийг бүрдүүлж буй талаараа хэлсэн үгэндээ тодотгож байсан юм. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдыг ихэд үргээсэн. Бид төрийн тогтвортой байдлыг бий болгож, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын индексээр манай улс 110-р байранд жагсаж байна. Ирэх хоёр жилд бид энэхүү индексийг хоёр оронтой тоонд оруулж ирснээр төр өөрөө хөгжлийг хязгаарлагч бус хөгжүүлдэг, хөрөнгө оруулалтыг татдаг, дэмждэг болно. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ” хэмээн онцолсон юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагчдаа цөөн баярлуулсан, ихэнхдээ гомдоож байсан” гээд хөрөнгө оруулагчдад маш таатай хууль эрх зүйн төсөл боловсруулснаа хэлсэн.

Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулж, эхлээд зургаан салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийг хойш чангааж буй өвчнийг оношлоход багагүй хугацаа зарцуулжээ. Зургаан салбарт шинэчлэл, сэргэлтийн бодлогыг түлхүү авч ажилласнаар Монгол Улс ойрын хугацаанд эрчимтэй хөгжих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. “МЭЗФ-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлгээр уг зургаан салбарын сэргэлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд, эрчим хүч, аж үйлдвэр, боомт, төрийн бүтээмж, ногоон сэргэлт, хот хөдөөгийн салбарууд багтаж байгаа юм. Эдгээр салбарын “өвчнийг оношилсон, одоо эмчлэхэд бүх анхаарлаа хандуулна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Засгийн газрын тэргүүний “МЭЗФ-2022” чуулган дээр улс орны эдийн засгийн хөгжлийн талаар тавьсан илтгэлээс тоймлон, иш татаж, баримт мэдээллүүдийг нийтлэлдээ орууллаа. Мэдээж амаргүй цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж буйг Ерөнхий сайд тэмдэглэсэн. Цар тахлыг амжилттай даван гарч эдийн засгаа сэргээхэд бүх анхаарлаа хандуулаад байсан энэ үед геолополитикийн хэмжээний гэнэтийн асуудал гарч ирснийг бид мэднэ.

Манай улс цар тахлын улаанаас шар түвшинд шилжсэнээс яг 10 хоногийн дараа ОХУ Украины хооронд дайн болж байгаа нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий дахиныг хүнд байдалд орууллаа. Энэхүү том сорилтыг даван туулах, гэнэт гарч ирсэн шинэ нөхцөл байдалд тохирсон бодлого төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлага үүсэв. Өнөөдрийн байдлаар инфляц 14.2 хувьтай байна. Үүний 50 хувийг мах, гурилын үнийн өсөлт эзэлж буй. Тиймээс төрөөс тодорхой арга хэмжээ авч, үнийн өсөлтийг бууруулж болох тухай Засгийн газрын тэргүүн ярьсан.

Засгийн газраас улс орныг урт хугацаанд буюу 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа 2050” баримт бичгийг баталсан бөгөөд үүний эхний 10 жилд дээрх зургаан салбарт шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын, монголчуудын хамтдаа бүтээж буй нийт өртөг 40 их наяд төгрөг. Үүний 80 хувийг урсгал зардалд зарцуулдаг. Өнгөрсөн хугацаанд төсвийн орлогод биш зарлагад ихээхэн анхаарч ирснээс хөрөнгө оруулалтад дорвитой хувийг зориулж чадаагүй. Харин одоо 40 орчим их наядыг хэрхэн 2-3 дахин буюу 120-150 их наядад хүргэх вэ гэдэгт “Шинэ сэргэлтийн бодлого” чиглэнэ гэдгийг мөн онцоллоо.

Сонирхуулахад, Монгол Улс 1932 онд “Иргэн бүр баяжигтун” уриатай “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байсан түүхтэй.

“120 их наяд төгрөгийг төр дангаараа бүрдүүлж чадахгүй. Хувийн хэвшил, ГХО, олон нийттэй хамтран бүтээнэ. Төрийн зүгээс хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс болох авлига, хүнд суртлыг багасгахын төлөө бодлогоо чиглүүлнэ. Бөхөөр бол бид засуул хийнэ. Хувийн хэвшлийнхний хийж чадах, ашигтай төсөлд төр оролцохгүй” гэсэн юм.

Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 4,5 мянган ам.доллар. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр энэ тоог 5-12 мянган ам.долларт хүргэх бүрэн боломжтой. 2040, 2050 оны алсад буй боломжийг 10 жилд хийх нөхцөл бүрдэж” буй талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Монгол Улс хуурай замаар 42, усан замаар дөрөв, ОХУ-тай 29, Хятад улстай 13 боомтоор,  долоон автозам, гурван төмөр замаар холбогддог. Өнөөдөр агаарын тээврийн нэг л зам ажиллаж буй. Боомтын сэргэлтийн хүрээнд эл хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 14 тэрбум ам.долларт, 2025-2027 онд 17 тэрбум ам.долларт хүргэх тооцоолол хийжээ.

Эрчим хүчний салбар хамгийн түрүүнд шинэ сэргэлт шаардсан салбар гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, “шөрмөс нь татсан байдалтай дэд бүтэцтэй буйг нуугаад яах вэ” гэв. Тус салбарын нийт техник технологи, шугам сүлжээний 30-40 хувь элэгдэж хуучирсан байгаа юм. Ногоон хөгжлийн бодлоготой уялдан байгальд ээлтэй эрчим хүч буюу СЭХ-ийг хөгжүүлнэ, тэр дундаа усан цахилгаан станцыг хөгжүүлэх нь манай улсад ашигтай гэж ярьсан.

Монгол Улсын эдийн засгийг авч явж буй ганц салбар бол уул уурхай. Нийт экспортын 92 хувийг уул уурхай, эрдсийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Задлаад харвал, зэсийн баяжмал 31, чулуун нүүрс 30, алт 11, төмрийн хүдэр 10 хувь тус тус эзэлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улс хэрхэн аж үйлдвэржих вэ, бүтээлч үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариу өгөх юм.

Байгалийн баялгаа боловсруулалгүй 90 хувийг гаргаад, эргээд боловсруулсан 90 хувийн бүтээгдэхүүн импортолж авдаг энэ тогтолцоог өөрчлөхөд “Шинэ сэргэлтийн бодлого” чиглэх аж.

Ногоон сэргэлтийн хүрээнд “Тэрбум” мод тарих нь өөрөө нийгмийн том хариуцлага. Аж ахуйн нэгж бүр, айл өрх бүр мод тарьж, арчлан тордож ургуулах нь эдийн засгийн асар том эргэлт, технологи инновац, шинжлэх ухааны хөгжлийн шинэ хандлага болно.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн албаны бүтцийг шинээр тодорхойлно. Төр том данхгар бүтэцтэй болсон. Яам, тамгын газарт олон хүн ажилладаг ч ачаалал авдаг ажилтан нь цөөн. Тиймээс гүйцэтгэлд тулгуурласан үнэлгээний системийг нэвтрүүлж, эмнэлэгт хэвтэхдээ УИХ-ын гишүүн рүү ярьдаггүй, 1-р сургуульд хүүхдээ оруулахын тулд хоолонд оруулдаггүй тогтолцоог бүрдүүлнэ гэлээ.

Засгийн газрын тэргүүн 1111 дуудлагын төвийн утсыг дэргэдээ авчээ. “Төрийн байгууллагууд алив асуудалд хүнд суртал гаргавал надад шууд хэлээрэй. Тус төвд нэг сарын хугацаанд хамгийн их гомдол, шүүмжлэл ирсэн байгууллагыг Засгийн газрын хурлаар авч хэлэлцэнэ” гэж хэлсэн юм.

Ерөнхий сайдын илтгэлийг тоймлоход ийм байна.

Энэ удаагийн форумаас гаргасан саналыг үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх бөгөөд ирэх жилийн форум эхэлхэд эдгээрийн ихэнх нь хэрэгжсэн, бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон байна гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x