“Шинэ сэргэлтийн бодлого – Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт оролцов

1


Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” түүнийг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн томоохон төслүүдийг баталсан.

Энэ өдөр Засгийн газраас Монгол Улсын олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлттэй болгож, цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж буйг албан ёсоор зарласантай холбогдуулан БОАЖЯ-ны санаачлагаар зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэйг онцолж, ГХЯ-аас манай улсыг зорин ирэх гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.

ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна.

Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтын журмаар нэвтрүүлж, амжилттай үргэлжлүүлж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил яригдаж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан  3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.

           Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн улс орнуудтай соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар гадаад сурталчилгааг эрчимжүүлэхэд чиглэсэн “Монгол Үндэсний үнэлэмж” цогц арга хэмжээг батлан хэрэгжүүлж байна.

ГХЯ Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг сурталчлан танилцуулах, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулж “1 монгол 1 жуулчин”,  аялал жуулчлалын шинэ нөөц боломжуудыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “21 аймаг 21 улс” зэрэг төсөл арга хэмжээг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Мөн “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ” буюу вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцөхөөр Казахстан, Унгар, Турк, Япон, Энэтхэг, ИБУИНХУ-тай албан ёсоор тохиролцсон, ЕХ, Канад, АНЭУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Цаашид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан аялал жуулчлалын орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд холбогдох байгууллага хоорондын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангаж, гадаад сурталчилгааг  цогц хэлбэрээр “нэг цонх”-оор удирдан зохион байгуулах нь нэн чухалыг онцлон тэмдэглэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
“Шинэ сэргэлтийн бодлого – Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт оролцов – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
2 жилийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x