Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

0


Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ.

“Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсэн ерөөлөө.

Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье” уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртайг төр, засгаас эхлээд бүх нийтээр ойлгон, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч байгааг тэмдэглэлээ.

Цаашид хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.

Төсвийн санхүүжилтийг нь нэмэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, Шинжлэх ухаан, технологийн санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарт Үндэсний баялгийн сангаас хөрөнгө төвлөрүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.

Гадаад бодлогын салшгүй нэг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа, хамтын ажиллагаа юм.

Шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвх зүтгэл, санал, санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ.

Мөн олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, судалгааг эрчимтэй хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдаа сургалт, судалгааны ажилд зайнаас татан оролцуулах нь чухал байгааг хэллээ.

Эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.

Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргасан юм.

Тус их хурлаас гаргасан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 379 дүгээр тогтоол амжилттай хэрэгжиж байна.

УИХ өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Үүний дүнд Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх олон зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж, лабораторийн зориулалт бүхий гурван гол объектыг энэ онд ашиглалтад оруулна.

Нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүд байгуулж, судалгаа-үйлдвэрлэл-инновацын нэгдэл бүхий дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх юм.



Ерөнхийлөгч

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x