Ч.Мөнхбаяр: МАРГААШ БИДНИЙХ БОЛНО!

0

“Тагнуул” гэгдэн хоригдож буй, хүний эрхийгхамгаалагч, сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярын ил захидлыг товчлон хүргэж байна

Миний бие хоригдсоор л байна. Уг нь анхан шатны шүүхээр цагаатгагдах, суллагдах болзлоо хангачихсан л юм сан… Үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө ардчилсан Монгол улсад эрүүгийн ял авах анхны хүн болох нь уу гэсэн ёозгүй асуулт төрнө. Олон нийтэд хэвлэл мэдээлэл, соошлоор хэдийнэ ил болсон мэдээллүүдийн хүрээнд ярья.

Дэндүү нэг талыг барьсан, ардын хүүхэд миний үнэн үгийг огт сонсохгүй, анхаарахгүй байдал их л ажиглагдаж ирэв. “Ч.Мөнхбаярыг л дуугүй болго, 50 гарсан, эрүүл мэндийн асуудалтай наад хүн чинь 10 жилийн ял эдэлж гарч ирээд юу л дуугараа аж, хийж бүтээгээ аж, амьд мэнд гарч ирээ ч үү, үгүй ч үү, наад хүнээ дуусга гэсэн утгатай даалгавар аваагүй байгаа даа” гэсэн хар ч төрөх.

Яг л 1937 он шиг л юм болж байна.

Санаанаасаа зохиосон, ямар ч баталгаа нотолгоогүй үгсээр булж байж л энэ хилс хэргийг үүсгэсэн юм. Гудамжинд намайг явж байхад “гадаадын тагнуулын байгууллагын ажилтантай уулзаж байхад нь үйлдэл дээр нь барилаа” гээд бөөн хүчээр сүр бадруулан баривчилснаас хойш, миний “хэргийн” явц гэрлийн хурдаар ахиж, нүд ирмэх зуур шүүхэд шилжиж байв. ҮАБ (Үндэсний аюулгүй байдал)-д гэм хохирол учруулаагүй намайг батлан даалтаар гаргахгүй, гадуур явах боломж муутай ижийтэй минь уулзуулалгүй, ял өгч, дараагийн хорих газар луу аччих санаатай байгаа бололтой.

461-т намайг хоригдонгуут, ТЕГ-аас мэдээлэл хийж, гэм буруу нотлогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарлаж, хууль зөрчсөн. Намайг болон миний өмгөөлөгчид, ар гэр, хамтран зүтгэгчдийг “маш нууц”, “хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэх үгээр далайлгаж, дуугүй байхыг анхааруулсан. Гэтэл том жижиг сайтууд, фэйсбүкийн хуудсууд болон хаягууд дураараа тэр “маш нууц”-ыг нь задруулан байж, “Ч.Мөнхбаяр Энэтхэгийн тагнуул”, “Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулаас 200 сая ₮ авч байгаад үйлдэл дээрээ баригдав” гэхчилэн гүтгэж, миний эсрэг тархи угаалт явуулж байлаа.

“Хэлмэгдэл ба цагаатгал” номын 162-р талд ХХ зууны Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн арга технологийн тухай:

“-Захиалагч: эсэргүүг тодруулах чиглэл өгнө.

-Гүйцэтгэгч: хэрэг зохионо, хуурамч баримт бүрдүүлнэ, мөрдөнө, тулгана.

-Сүр дуулиантай мэдээлнэ, суртал нэвтрүүлгийн бүх хүч хэрэгслээр түгээнэ…” гэж бичжээ. Энэ нь надад тохиолдож ирсэн явдлуудыг юутай их санагдуулна вэ?

Би ямар ч гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хамтран ажиллаагүй, гадаадын иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлаагүй, хадгалаагүй, дамжуулаагүй. Би хэнд ч гэм хохирол, хор уршиг учруулаагүй, тэр тусмаа ҮАБ-д (ЭХ-ийн 19-р зүйл нь “ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг” юм.) Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Хүний эрх, монгол туургатан, монгол бичиг соёл -гэмт хэрэг болчихоогүй юм бол.

Миний “хэрэг” дээр “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж багагүй яригдсан. Тусгаар улс байж ингэх ч гэж. Би БНХАУ-ын эсрэг ч үйл ажиллагаа явуулаагүй, монгол үндэстнийхээ хүний эрхийн төлөө, монгол бичиг соёлын төлөө л үйл ажиллагаа явуулсан. БНХАУ-ын төрийн бодлогод ч уг нь цөөн тоот үндэстний хүний эрх, бичиг соёлыг дэмжинэ л гэдэг юм.

Эрх баригчид маань Монголыг нэг улсаас хараат болгох гэж бүх хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн гэж болом. Үр дүнд нь БНХАУ-д таалагдахгүй нэг ч үг хэлж болохгүй, хэлбэл ҮАБ, эдийн засагт аюул учруулав гээд өндөр ялаар яллах гэдэг болоо юу даа. Надтай харьцсан найрамдалт улсын тэр иргэн янз бүрийн үйл ажиллагаатай. Би хүний эрхийг дэмжигчтэй л харьцсан. Гэтэл тэр хүнтэй харьцсан хэн бүхнийг “тагнуул” гэж үзэх “үндэслэл” буй болгочихоод муйхарлацгаах аж.

ЭХ-ийн 19.4.1 нь дутуу дулим, утга учиргүйн дээд, хэлмэгдүүлэх хилсдүүлэх хязгааргүй боломж олгосон заалт байгаа нь хууль тогтоогчид, боловсруулагчдын үйл ажиллагаа хичнээн завхарч, ялзарсныг харуулж байна. Дээр дурдсан найрамдалт улсын иргэн Монголд байр түрээслэн суудаг. Тэгвэл байраа түрээслүүлсэн манай иргэнийг “гадаадын тагнуулын байгууллагыг орон байраар хангаж, мэдээгүй хамтран ажилласан, ҮАБ-д аюул занал учруулсан” гээд 8-15 жилээр яллах бүрэн боломжтой заалт юм билээ. Энэ хэвийн бус сэтгэцээс үүссэн заалтыг даруй устга.

Тэмцсэн, эсэргүүцсэн хүмүүсийг “гадаадын нууц албадын захиалгатай” гэхчилэн харлуулах болсныг бүгд мэднэ. Харлуулж, торгож, саатуулж, 30 хоног баривчилж, УБ-аас 6 сар гарахгүй шийтгэл оноож байхад олон түмэн тайван байсан. Ингэж болдог юм байна гэсэн итгэлтэй бологсод “амташсан хэрээ 13 дахина” гэгчээр, “гадаадын нууц албатай ажилласан” гэж гүтгэн, намайг хориулсаар байна, өндөр ялаар яллуулах гэж улайран зүтгэсээр байна. Ингэж болдог юм байна гээд тэд энэ үйлдлээ дахин давтахгүй гэж үү. Маш буруу жишиг манай нийгэмд тогтож байна.

36 000 хүн цаазаар авахуулж, 100 000 хүн хилсээр хохирсон их хэлмэгдүүлэлт “Японы тагнуул” гэх гүжир гүтгэлгийн дор өрнөж байсан юм. Өнөөдөр “тагнуул” гэж хилсдүүлээд хэлмэгдүүлээд эхэлбэл, энэхүү хэлмэгдүүлэлт жишиг болж, хавтгайрах аюултай. Би ямар хэрэг хийчихсэн юм бэ гэж дахин дахин өөрөөсөө асуун суунам. Монгол эх орон, Монголын ард түмнээ сайн сайхан байгаасай л гэж үсэн буурал болтлоо шаналж, бичиж ухуулж, журмын нөхдийн хамт олон жил тэмцэж зүтгэж ирсэн, хамаг амьдралаа улс үндэстэндээ зориулсан. Монгол үндэстний асуудал хүнд байхад би гараа хумхин, дуугүй сууж чадаагүй. Би Монгол үндэстний хилийн манаа болж явсан. Өнөөдөр миний Монголын сайн сайхан бүхэн хоригдож байна. Хоригдох ёстой муу муухай бүхэн эрх чөлөөтэй байж, үндэсний сайн сайхан бүхнийг буруутгаж байна.

Уул уурхайгаа харьд бэлэглэчихсэн шахуу, “уул уурхайн хараал гэж айхтар юм байдаг” гэж хүн ардаа айлган мунхруулна. Байгалийн баялаг ихтэй улсууд баян тансаг амьдралаараа гайхуулж байхад, манайх уул уурхайгаа өргөжүүлэх тусам их өрөнд орж, дандаа л мөнгө гуйж байдаг дэлхийн гуйлгачин улс болсон. Манай гадаад өрийг хараарай. Өчүүхэн жижиг улсуудаас ч өчнөөн мөнгө зээлсэн. Төлж чаддаггүй. Үндэсний уул уурхай хоригдож байна.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэхээр авлига, хүнд суртал, дарамт, татвар хураамж, төрийн рэкетээр боомилж, адаг сүүлд нь хамаг бүхний буруутан болгоод шоронд хийчихнэ. Үйлдвэр барьсан хүмүүсийг шоронд хориод байхаар яаж улс хөгжих вэ? Үндэсний үйлдвэрлэл хоригдож байна.

Үйлчилгээ, худалдааг хөгжүүлье гэхээр мөн л адил нөхцөлтэй. Хэдийчинээ үйлчилнэ, худалдана, төдийчинээ өрөнд ороод байдаг. МАА-г хөгжүүлье гэхээр алсын хараатай төрийн бодлого байхгүй. Малын халдварт өвчин гаардаг болов. Сумын төвд ноос ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулаад өгөхийн оронд, данхар том соёлын төвийг эзгүйрсэн соёлын клүбтэй зэрэгцүүлээд барьчихдаг.

Газар тариалан хөгжүүлье гэхээр хөгжүүлэх санг нь бараг ганц хүн идчихдэг. Тариаланчид маань хүнд бэрхийг даван туулж байж, овоо ургац авахаар, үүнд зохицуулж төрөөс экспортын тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн оронд, гадаадаас их хэмжээний буудай аваад, дотоодын бүтээгдэхүүний борлуултад хүнд цохилт өгдөг. Газар тариалан хоригдож байна.

Ажилтай орлоготой явъя гэхээр ажил олдохгүй, олдвол цалин хангалтгүй. Улс орныг хөгжүүлэх ёстой сангуудыг хоосортол цөлмөөд, бүр татан буулгачихдаг. Гадаадын зээл тусламжийг хуваагаад залгичихдаг. Ажил орлого, хөгжил дэвшил хоригдож байна. Улс орны ҮАБ-д халтай энэ мэт асуудлуудыг тоочивч баршгүй. Үнэн байдлыг хэлэхээр ҮАБ-д аюултай хүн, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явууллаа гээд шоронд хийчихдэг. Бүр гэмт хэрэг зохион байгуулж байгаад хилсдүүлдэг болсон сураг дуулддаг. Харгис дэглэм ийм арчаагүй аргаар арьсаа аврахыг оролдож байна.

Ийнхүү Монголын бүх сайн сайхан хоригдож байна. Хэн ийм болгов? Намайг шоронд хийлгэсэн цаад эзэд нь ийм болгосон. Уг нь Монголыг хөгжүүлэх амархан, хөгжүүлэхгүй байх хэцүү. Даанч Монголыг ирээдүйг шоронд хорьчихоод байна. Бүх сайн сайхан хоригдсон тул Монгол орон дээвэргүй шорон болоод байна. Бүгдэд эрх чөлөө хэрэгтэй байна. Эрх чөлөөний үнэрийг бүгд л мэддэг, мэдэрдэг. Гэхдээ жинхэнэ эрх чөлөө манай оронд алга. Эрх чөлөөг сонгох, эрх чөлөөгөө олж авах, эх орноо хамтдаа аврах, хэрэгтэй байна. Эрх чөлөөг тунхаглах хэрэгтэй байна. Цаг болжээ.

“Эрх чөлөө мандан бадартугай! Эрх чөлөөний салхин шуурга болон шууртугай! Монгол эх орон, Монголын ард түмэн минь эрх чөлөөтэй болж, цэнгэлийн манлайд хүртүгэй! Маргааш биднийх болох болтугай!” гэж ерөөгөөд, Ч.Мөнхбаяр хүү нь сууж байна даа, миний хайрт эх ороон, миний хайрт ард түмээн!

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x