Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв | Мэдээллийн дэлгэрэнгүй

0


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.14) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. 

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн уг асуудалд ажлын 5 хоногийн завсарлага авах шаардлагатайг мэдэгдсэн. Тэрбээр, хуулийн төслийн талаар гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа тул ойлголтыг нь нэгтгэх шаардлагатай хэмээн тайлбарласан тул хуралдаан даргалагчаас УИХ дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оын 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

    Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 


    Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч улс болж байж хөгжих нь цагийн шалгуураар нотлогдсон үнэн билээ. Хүн ардаа ажил орлоготой, байгалийн баялаг, түүхий эдээ үнэ цэнэтэй болгох нь өнөөдрийн эн тэргүүний зорилт болоод байна. Хөтөлгөө морьтой хүн хол явдаг шиг хөгжлийн төслүүдээ хөдөлгөж байж улс орон урагшлан хөгжиж, жинхэнэ утгаараа шинэ сэргэлт болж чадна. Иймд төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон. 

    Мөн тэрбээр, одоогоос 12 жилийн өмнө Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуультай болсон ч үр дүн нь амьдрал дээр мэдрэгдэхгүй өдийг хүрлээ. Батлагдсан хууль хөрсөн дээрээ буухгүй байгаагаас болж тусгай зөвшөөрөл авсан үйлдвэрлэл технологийн паркууд өнөөдрийг хүртэл үүдээ нээж чадсангүй. Онош зөв байж эмчилгээ үр дүнтэй байдаг шиг эрх зүйн орчныхоо эмгэг хийдэл нь чухам хаана байгааг олж тогтоохгүйгээр цаашаа явахгүй гэдэг нь нэгэнт тодорхой. Үйлдвэрлэл технологийн паркийн хуультай болсон ч бодит амьдрал дээр нэг ч парк хөл дээрээ босож чадсангүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. 


    Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар тусгаж өгөөгүйгээс болж саад тотгор учирсан. Хөрөнгө оруулалт татах нөхцөл шаардлага, үнэт цаас гаргах боломжийг нь нарийвчлан зохицуулж өгч чадаагүйгээс болоод хөшиж царцсан байна. Үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаа явуулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах асуудлыг дутуу орхисноос үүдэн дундаа гацсан байна. Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн судас болсон дэд бүтцийн асуудлыг шийдэлгүй зөнгөөр нь хаяснаас болж дэвжиж хөгжиж чадахгүй өсөлт нь зогссон зэрэг шаардлага, үндэслэлүүдээс үүдэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Т.Аубакир, Д.Батлут, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын 14 гишүүн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн гэв.

    Шинэчлэн найруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг бүрэн тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулсан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс импортоос хараат бус болж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болох, бүх салбарын үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжин эдийн засгаа солонгоруулж экспортлогч улс болох, хямд түүхий эдээ боловсруулан нэмүү өртөг шингээж өндөр үнэтэй экспортлон улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны эргэлт сайжирч улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, олон мянган ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан. 


    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. 

    Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх талаар тусгагдсан ч өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт болон хэрэгжилт хангалтгүй байгаагаас Монгол Улсад бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байна. Иймд хууль санаачлагч Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, паркийн газар, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг нарийвчлан зохицуулах, паркт төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох шаардлагын дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням онцолсон.

    Мөн тэрбээр, үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх зохицуулалтууд нь иргэн, аж ахуйн нэгжид нэмэлт зардал үүсгэхгүй, харин хуулийн нөлөөллөөр тодорхой төрлийн татварын дэмжлэг бий болгож байгаа нь урт хугацаандаа үйлдвэржилт тэлэх, түүнийг дагаад төсвийн орлого нэмэгдэх ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар паркийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор удирдаж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамжийг бий болгож, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.


   Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин, Б.Энхбаяр, Э.Батшугар, Н.Энхболд, Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үйлдвэр технологийн томоохон паркийн захиргааг хувийн хэвшилд хариуцуулж, менежментийг нь жишиг болгон тогтоолгоход хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төслийн хэлэлцүүлгийн явцад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын ажиллах бололцоог нь бүрэн хангасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд уян хатан хандахад анхаарах шаардлагатай гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  хуулийн төслийн хүрээнд шинээр үйлдвэр технологийн парк байгуулах, байршлыг тогтоох асуудлыг хөндөхийн зэрэгцээ өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулах боломж, нөхцөл нь бүрдсэн газар, байршлын асуудлыг авч үзэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. 

     Ингээд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

    Хуралдаан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  

    Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.


    Тэрбээр танилцуулгадаа,  Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгоод чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

   Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Б.Бат-Эрдэнэ, Э.Батшугар нар асуулт асууж, үг хэлсний дараа Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Хуралдааны  төгсгөлд  Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

    Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

    Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор Эрдэнэсийн сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг онцлоод Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжпийн зөвлөлтэй байх бөгөөд мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг байхаар шинээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. 


    Мөн Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэх, Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэн жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд Засгийн газар санал гаргах, Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад, дотоодгүй худалдах, худалдан авахаар, Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болохоор өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

    Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, түүний орлого, зарлага нийтэд ил болж байгаатай холбогдуулан Засгийн газар үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайлантай танилцах заалтыг хасах, Монголбанкны бүрэн эрхийг тодорхой болгож, хуульд заасан үйл ажиллагааны дагуу худалдан авах үнэт металл, эрдэнийн чулууны сорьц тогтоох заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 19 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, хуулийн төсөлд Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаанд худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, хамгаалах, байршуулах, нэмэгдүүлэх, зарцуулах, үйлдвэрлэх, үйлдвэрлүүлэх, үнэлэх, үнэлүүлэх, цэвэршүүлэх, сэргээн засварлах, арчлах, үзэсгэлэн зохион байгуулах, мэдээлэх, хэвлэх, нийтлэх, сурталчлах, бүртгэх, тоолох, бусад зэргийг хамаарна гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


    Мөн Ажлын хэсгийн зүгээс төслийн 6 дугаар зүйлийн “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.8-д заасан жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд санал гаргах” гэсэн 6.1.3 дахь заалтын талаар Соёлын яамныхантай дахин ярилцах шаардлагатай гэсэн тул хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. 

    Харин төслийн иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг зохицуулсан 15 дугаар зүйл буюу “Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээдээр сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй. Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнэ, хөлс, бусад нөхцөлийг хэлэлцэн тохирох эрхтэй.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

    Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x