Чойбалсан хотод 50МВт суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

0

Photo


 


Чойбалсан хотод 50МВт суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо 


 


 


 


Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо 50 мегаватт /МВт/ суурилагдсан хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа /2024.06.06/ боллоо. Ёслолын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад хүндэт зочид оролцлоо. 


 


 


 


 


 


“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний дотор Эрчим хүчний сэргэлтийн зорилтод Чойбалсан хотноо шинээр 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төсөл багтсан. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болох уг төслийг Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт үлдсэн 21.9 сая ам.долларыг Улсын төсвөөс санхүүжүүлсэн юм. 


 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тус станцыг шинээр бүтээн байгуулах жилүүдэд цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч амжилттай барьж, ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Чойбалсан хотод амьдрал өргөжин тэлж, шинэ суурьшлын бүсүүд бий болж, ажлын байр нэмэгдэж, хотын хөгжлийг түргэтгэх төдийгүй Чойбалсан хот нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох зүүн бүсийн эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур төв болох өргөн боломжийг нээж өгч байна” хэмээн онцлон тэмдэглэв. 


 


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Станц ашиглалтад орсноор цахилгаан дулааны эрчим хүчний боловсруулалт 2 дахин нэмэгдэж Сүхбаатар аймгийн хэрэглээнд Төвийн бүсийн эрчим хүчний системээс авч байгаа 15-17 мегаваттын цахилгаан эрчим хүчний хэрэглээг Дорнод бүсийн эрчим хүчний системээс хангаж нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөхөөс гадна орон нутагт 130 орчим байнгын ажлын байр шинээр нэмэгдэнэ.


Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн айл өрх, аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахаас гадна шинэ тутам барилгажиж буй Чойбалсан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган, айл өрх аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбох замаар уурын зуухны тоог цөөлж агаарын бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ” гэлээ. 


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгаран ажилласан. Станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны наймдугаар сард эхлүүлсэн юм. Уг компани Монгол Улсын Эрчим хүчний салбарт Улаанбаатар-Мандалговийн 220 кВ-ын хоёр хэлхээт 250 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 


Өргөтгөлийн зуухны туршилтын галлагааг 2024.04.24-ний өдөр эхлүүлж, 2024.05.09-ний өдөр 50 МВт-ын бүрэн хүчин чадалдаа хүрч ажилласан. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн уг төсөл хэрэгжсэнээр дараах эерэг үр дүн гарч байна.


 


Үүнд: 


 


• Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130% нэмэгдэнэ 


• Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэнэ 


• Зүүн бүсэд уул уурхай, газрын тосны олборлох үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэнэ 


• Үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу нийгэм, эдийн засгийн нөхцөл сайжрах


• Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай         нөхцөл бүрдэнэ 


• Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж өсөхөд нөлөөлнө 


• Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлнө 


• 130 орчим байнгын байр бий болох зэрэг үр дүнгүүд гарч байна. 


Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, Вьетнам улсын нийт 1570 инженер техникийн ажилтан, 80 гаруй тусгай зориулалтын машин механизм барилга угсралтын ажилд оролцсон байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x