Цэргийн төв эмнэлэгт 100 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн хийг хандивлалаа

0
“Глобал Ацителин” ХХК “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран Цэргийн төв эмнэлэгт 100 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн хийг хандивлалаа. Батламжийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч, хурандаа Р.Баянмөнх нар гардан авлаа.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг “Манай Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд улс оронд коронавирус алдагдсан цаг үеэс ХӨСҮТ-тэй нэгэн адил энэ аюулт өвчний эсрэг сөрөн тэмцэж, олон мянган хүний амь насыг аюулт өвчнөөс авраад байна. Та бүхний хандивлаж буй хүчилтөрөгч цаашдаа олон хүний алтан амийг аврахад ус агаар мэт хэрэг болно” гэсэн юм.
Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч, хурандаа Р.Баянмөнх “Бид “COVID-19” дэгдсэнээс хойш 2300 гаруй хүнийг аюулт өвчнөөс эдгээгээд байна. Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо буурах хандлагатай байгаа ч хэвтэн эмчлүүлж буй хүмүүс доторх хүндэрсэн өвчтөнүүдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр бидэнд хандивласан 100 сая төгрөгийн үнэ бүхий 6400 ширхэг хүчилтөрөгчийн баллон нь энэ цаг үед бидэнд алтнаас илүү үнэ цэнэтэй бэлэг боллоо” гэв.
“Глобал Ацителин” ХХК-ийн захирал Ж.Ганбат “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өмнөх жил ХӨСҮТ-д жилийн хэрэглээ 3300 баллон хүчилтөрөгч бэлэглэж байсан. Гэтэл одоо цагт энэ нь сарын хэрэглээнд ч хүрэхгүй байна. Иймд бид энэ удаа 6400 ширхэг баллоныг хандивлахаар шийдсэн” гэлээ.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x