Цахим хэрэглээнээс мацаглахуй » Econews.mn

0



Хэрэв хэн нэгэн таны данс эсвэл хэтэвчин дэх мөнгийг дээрэмдчихвэл та хэрхэх вэ. Эсвэл аль нэг танил чинь бүтээмжтэй ажиллах, хэлний түвшингээ ахиулах, мөнгө олох, хайртай хүмүүстэйгээ хамт байх цагийг чинь хумслаад, хэнд ч хэрэггүй ярав та цаг, мөнгөө хумслуулаад, аанай хараад суухгүй л байх. Цагдаа, шүүхэд мэдэгдэж, алдсан мөнгөө хөөцөлдөж, учирлаж, уурлаад ч хамаагүй хамуу шиг нэгнээс салж л таарна. Гэсэн хэр нь ихэнх хүн цаг хугацаа, мөнгө, эрүүл мэндийг нь хүртэл суйлж буй нэг л зүйлийн өмнө хүч мөхөсдөж, сайн дураараа байдгаа барсаар л байна. Энэ бол техник, технологи. Хүний бүтээсэн тэдгээр зүйлс эргээд биднийг боолчилж, иагаараа “аргамжаад” байвал яах бол.

Лав та цаг, мөнгөө хумслуулаад, аанай хараад суухгүй л байх. Цагдаа, шүүхэд мэдэгдэж, алдсан мөнгөө хөөцөлдөж, учирлаж, уурлаад ч хамаагүй хамуу шиг нэгнээс салж л таарна. Гэсэн хэр нь ихэнх хүн цаг хугацаа, мөнгө, эрүүл мэндийг нь хүртэл суйлж буй нэг л зүйлийн өмнө хүч мөхөсдөж, сайн дураараа байдгаа барсаар л байна. Энэ бол техник, технологи. Хүний бүтээсэн тэдгээр зүйлс эргээд биднийг боолчилж,   тархи, энерги, эрч хүчийг маань шимэгчилсээр олон жилийг үдэв. Ялангуяа, өдөр тутмын хэрэглээ болсон цахим платформууд хүн төрөлхтнийг аз жаргалгүй, түгших эмгэгтэй, өөртөө итгэлгүй, өөрөөлийг шүтсэн хэв шинжтэй болгосоор буй. Түүнчлэн хамгийн бүтээмжтэй, үнэт зүйл үйлдвэрлэх боломжтой цаг хугацааг нь суйлсаар байна. 

Цахим  хэрэглээнээс  мацаглахуйСэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хүмүүс гялс ороод л гарна, хальт л орно гэсэн бодолтой интернэтэд ордог ч бодит байдал дээр тийм биш байдаг. Одоо ганцхан гээд л чихэр идээд байдагтай адилхан. Ийн өөрийгөө хянаж чадахгүй байгаа бол интернэт орчноос бүрэн хамааралтай буюу өөрөө технологийг удирдах бус эсрэгээрээ удирдуулаад байна гэсэн үг. Ингэснээр өөрийгөө бодитоор үнэлэхээ болих, амьд харилцаагаа алдах, бүтээмж буурах зэрэг олон сөрөг үр дагавартай.

 

Гаднын байгууллагын хийсэн, 5000 хүн хамруулсан нэгэн судалгаанд дөрвөн хүн тутмын нэг нь 30 минут тутам, таван хүн тутмын нэг нь 20 минут тутам гар утсаа оролддог нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн эрчүүдийн 51 хувь нь, эмэгтэйчүүдийн 41 хувь нь гар утасгүйгээр амьдрах боломжгүй гэж хариулсан байна. Манай улсын иргэдийн интернэт хэрэглээ ч үүнтэй эн зэрэгцэнэ. Судалгаагаар нийт интернэт хэрэглэгчийн дундаж хугацаа дөрвөн цаг байдаг нь тогтоогдсон байна. Харин 13-18 насны хүүхдүүдийн цахим орчинд өнгөрүүлдэг дундаж хугацаа 4.6 цаг байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. 

Цахим  хэрэглээнээс  мацаглахуй

Цахим “хор”-ноос ангижрахуй

Дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд нийгмийн сүлжээ цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгийг нь хумсалж буйг анзаарч, технологийн зохистой хэрэглээнд дадах элдэв туршилтыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, цахим хэрэглээний мацаг гэх шинэ тренд сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа түгжээ. Тус туршилтыг хүмүүс найз нөхдийнхөө хооронд эсвэл гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлж, өөрсдийгөө цахим орчин дахь “хор”-ноос ангижруулж буй. Ингэснээр хайртай хүмүүстээ гаргах хугацаа нь уртсаж, дасгал, хөдөлгөөн хийж, шинэ хэл сурч, илүү урт хугацаанд амарч, алжаах болсон зэрэг олон эерэг үр дүн гарчээ. Тэгвэл хэрхэн өөрийгөө цахим “дөнгөнөөс” чөлөөлж, эрүүл, бодитой цаг хугацаанд эргэн хүргэх талаар одоо сийрүүлье. 

Тодорхой зорь

Мацаг барьж, хоолоо сойх нь эрүүл мэндэд тустай, эрч хүч сэлбэх давуу талтай. Гэхдээ ард нь гарахын тулд шаггүй тэвчээр, багагүй зүтгэл шаарддаг. Цахим хэрэглээний мацаг ч яг үүнтэй ижил. Нэгэнт тогтчихсон амьдралын хэв маягаа өөрчилж, цахим хэрэглээнээс “нэр татна” гэдэг тийм ч амархан ажил биш. Тиймээс юун түрүүнд сэтгэл зүйгээ бэлтгэхийг судлаачид зөвлөдөг байна. Үүний тулд цахим хэрэглээнээс ангид байснаар өөрт гарах өөрчлөлтийн талаар бус тухайн цаг хугацаанд туулах хүндрэлийн тухай урьтаж бодох нь оновчтой аж. Жин хасахаар зорьж байгаа үедээ хүссэн даашинздаа багтах тухай бус тэр хүртэлх бартааг тооцоолж, эхлэх нь илүү үр дүнтэй байдагтай л ижил аж. Тиймээс хүрээгүй, хүрч чадах нь ч эргэлзээтэй эцсийн үр дүнгийн талаар бус хүрэх хүртэлх бэрхшээл, сэтгэл зүйн асуудлуудын талаар сайтар эргэцүүлсний дараа эхлэх нь оновчтой.

Үнэгүй платформуудад “Үгүй” гэж хэлье

Ямар ч хураамж авдаггүй платформууд танд хайртайдаа, эсвэл цагийг тань зугаатай өнгөрөөхийг хүссэндээ үнэгүй байдаггүй. Та тухайн бүсэд байснаараа нэг төрлийн судлагдахуун болж байдаг бөгөөд тухайн зүйлд үрсэн цаг хугацаа тань цахим орчинд мөнгө үйлдвэрлэхэд маш том дэмжлэг үзүүлдэг. Та цахим сүлжээнд бизнес эрхэлдэггүй л бол тэнд асар их хөрөнгө, үнэт зүйлээ өөрөө ч анзаарахгүй гээж байгаа. Тиймээс үнэгүй платформуудад “Үгүй” гэж хэлье. Ийнхүү гар утсан дээрх өөрийн хэрэглэдэг, хэрэглэдэггүй элдэв платформуудыг шууд устгаж орхиорой. Эхэндээ гар утасныхаа түгжээг тайлсны дараа юу хийхээ мэдэхгүй хэсэг гиеүрч, сэтгэл зүйн бичил асуудалтай нүүр тулна. Таны тархи тухайн платформыг эргүүлэн татах элдэв шалтгааныг ч эрэлхийлж таарна. Гэсэн ч тууштай, тэвчээртэй байж, эцсийн үр дүнг нь үзээрэй. 

Эрүүлжих хөтөлбөр

Мацаг барьж, хоолоо сойлоо гээд үлдсэн бүх амьдралынхаа турш өлсгөлөн байдаггүй. Яг үүний адил бүх цаг үед утас, цахим сүлжээнээс хол байхыг зөвлөх нь өрөөсгөл юм. Харин зохистой хэрэглээнд дадах нь хамгийн чухал. Багадаа долоо хоног, ихдээ нэг сарын хугацаанд өөрийн хамгийн их ашигладаг нийгмийн сүлжээнээс зай бариарай. Түүнчлэн мөн хугацаанд ухаалаг утсаа товчлууртай утсаар сольж ч болох юм. Ингэснээр ямар их цаг хугацааг гар утсанд зарцуулж буйгаа олж харна. Мөн цахим мацгийг зөв барьж чадвал цаашдаа нийгмийн сүлжээнд хэт автаж, ухаалаг утсыг ухамсаргүйгээр хэрэглэхээ зогсооно гэдгийг судлаачид баталсан байна.

Эдгээрээс гадна…

Дээрхээс гадна цахим сүлжээ, гар утаснаас холдоход тань туслах хэд, хэдэн хялбар арга бий. Нэгдүгээрт, өөрийгөө өдөрт хэчнээн цаг утас оролдож байгааг тооцоолж үзээрэй. Энэ үйлдлийг хийдэг тохиргоо сүүлийн үеийн бүх гар утсанд бий. Мөн цахим хэрэглээний мацгийг эхлүүлсэн даруй та нийгмийн сүлжээнд ирсэн мэдэгдлүүдийг шалгамаар, найзуудынхаа сүүлд нийтэлсэн зураг, постыг үзмээр санагдах нь гарцаагүй. Яг энэ үед орлуулах, сонирхлыг тань татах өөр зүйлийг туршаарай. Спортоор хичээллэх, шинэ хэл сурах, ном унших, ууланд алхах гээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой юуг ч сонгож болох юм. Хамгийн сонирхолтой хийгээд үр дүнтэй нэг арга нь гэр бүлийнхэн эсвэл найзуудын дунд дүрэмтэй болох. Унтлагын өрөөнд, хоолны ширээний ард, ариун цэврийн өрөөнд гар утас хэрэглэхгүй гэх “бяцхан” дүрэм амьдралд тань чамлахааргүй өөрчлөлт үзүүлнэ. Унтлагын өрөөндөө гар утас хэрэглэхгүй байснаар өмнөхөөсөө 1-2 цагийн өмнө унтаж байгаа нь туршилтаар нотлогдсон байна. Түүнчлэн хоолны ширээний ард эсвэл ариун цэврийн өрөөнд утас оролдохгүй гэх дүрэм нь гэр бүлийн уур амьсгалд эерэг өөрчлөлт үзүүлжээ. Энэ мэт элдэв аргыг туршиж, гар утас, нийгмийн сүлжээнээс түр завсарлага аваарай. Ингэснээр та өөрийгөө олно. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x