Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан билээ.И.Эрдэнэшагай агсныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сүүлчийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, Алтай сумын иргэд, аймгийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа
Амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн гэр бүлд туслах аян өрнүүлж байна
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах “Халуун сэтгэл аян”-ыг өчигдрөөс өрнүүлж эхэлсэн байна.
“Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна. Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байгаа. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна” гэдгийг зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг хэллээ.
Одоогоор хандивын дансанд нэг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа ажээ.
Хандивын данс: Хаан банк – 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577
Цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай нь төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж албан үүргээ нэр төртэйгээр биелүүлэн бусдын амь насыг авран хамгаалах гэж яваад харамсалтайгаар алтан амиа алдлаа.
Цэл залуухан 30 насандаа баатарлагаар амиа алдсан түүнийг албан үүргээ гүйцэтгээд эргээд ирэхийг нь хүлээсэн 2 настай хүү, 14-хөн хоногтой охин, нялх биетэй гэргийд нь энэ гэнэтийн мэдээ хэрхэн туссаныг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Охиноо хорвоод мэндэлснээс хойш уулзаж ч амжаагүй тэрээр 5-хан хоногийн өмнө аймгийн төвд шинэ албаа хүлээн авч айл шиг айл болно гээд байр түрээслэн ирээдүйн амьдралаа төлөвлөж, найз нөхдөдөө шинэ хүний цайллагыг хүртэл дуулгаад амжсан ч орон зайгаа үлдээгээд тэнгэрийн орондоо одлоо. Нөхрийнхөө шарилын дэргэд дэн дунхан ухаантай үлдсэн нялх биетэй гэргий нь “Өглөөхөн л охиноо аваад хүрээд ирээ гэж хэлсэн шүү дээ” хэмээн итгэж чадахгүй гашуудаж сууна. Хамт олон, найз нөхөд тэр бүү хэл зүс таних хүмүүсийнхээ дунд хүртэл хүн чанар, сайхан сэтгэлээрээ үлгэр жишээ болсон түүний тухай гунигт мэдээг сонссон алба хаагчид төдийгүй Өлгий нутгийн ард түмэн тэр чигтээ гашуудаж байна. Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсдлээ. Унаган бага наснаасаа үндэс угсаа нэгдэн амьдарч ирсэн нутаг нэгт үл таних бүсгүйн төлөө өөрийн амиа ч хайрлаагүй ачит хүү чинийхээ баатарлаг үйлсийг үеийн үед Алтайн сүрлэг уулсын бэлд нэгэн бүл болон амьдарч ирсэн нутгийн зон олон тань үүрд дурссаар байх болно.
Бид энх цагийн эрэлхэг баатар болсон залуугийнхаа гэр бүлийг мартах учиргүй. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх алба хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх 2 бяцхан үрсэд итгэлийн дэм үзүүлэх ХАЛУУН СЭТГЭЛ аяныг өрнүүлж 5197212141 тоот дансыг нээж сэтгэлийн хандивт нэгдэхийг нутаг усны зон олон, халуун сэтгэлт ард түмэн та бүхнээс уриалж байна. Утас:99511539, 99500577, 95425510