Цагаачдад оршин суух эрх олгох асуудлаар Нидерландын засгийн эрх барьж буй эвслийн намууд зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас Ерөнхий сайд Марк Рютте болон түүний Засгийн газар огцорчээ. Марк Рютте “Манай нийгэмд ноцтой үзэгдэл болоод буй цагаачлалын асуудлаар эрх баригч намууд тохиролцоонд хүрч чадаагүйд би хувьдаа маш их харамсаж байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүйд бас их харамсаж байна” гэж мэдэгдсэн байна. Орогнол хүсэгч цагаачдын талаарх Нидерландын намуудын санал зөрөлдөөн тус улсад улс төрийн хямралд хүргээд байгаа юм.
Учир нь Рюттегийн “Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам” хүсэлт гаргагчдын урсгалыг хязгаарлах ёстой гэж шаардсан боловч парламент дахь Засгийн газрын эвслийн бүрэлдэхүүнд багтсан дөрвөн намын хоёр нь уг арга хэмжээг эсэргүүцсэн байна. Ерөнхий сайдын нам орогнол хүсэгчийн хувиар тус улсад орж ирэх цагаачдын тоог хязгаарлах санал тавьсан нь санал зөрөлдөөнийг улам хурцатгасан байна. Учир нь Нидерландад цагаачлалын бодлогыг чангатгах шаардлагатай байгаа нь оршин суух эрх хүсэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн жил энэ тоо гуравны нэгээр нэмэгдэж, 50 мянгад хүрсэн бол энэ жил 70 мянгад хүрч, 2015 оны дээд үзүүлэлтээс давах төлөвтэй байгаа аж.
Марк Рютте 2010 онд Нидерландын Ерөнхий сайд болж үүнээс хойш тэрбээр дөрвөн удаа засгийн газрыг тэргүүлсэн бөгөөд сүүлийн Засгийн газраа өнгөрсөн оны нэгдүгээр сард удирдаж эхэлсэн юм. Рютте 1990-ээд онд “Uniliver” компаниас ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2002 оноос улс төрд орсон байна. Тэрээр Ерөнхий сайд Жан Питер Балкенандын үед Засгийн газарт ажиллаж, удалгүй Төлөөлөгчдийн танхим буюу пардаментад сонгогджээ. Мөн Рютте 2006 оноос хойш тэргүүлж буй намынхаа даргаар үлдэх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдсэн байна.
Г.АМАРСАНАА