Х.Нямбаатар VS З.Энхболд – МАН, АН-ын аль нь их зам барьсан бэ?

0


Товч агуулга:

  • Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг засна гэж ярьснаас хойш 6 жил орчим, засварын ажил албан ёсоор эхэлснээс хойш 3 жил 4 сарын дараа нээжээ.
  • 2012-2016 онд 3,300 км, 2017 онд 476.6 км, 2018 онд 370 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.
  • Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр 2011-2014 онд 1910.7 км урттай 886.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 30 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.
  • ҮСХ-ны судалгааг харвал 2016-2023 онд улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын урт 2851 км-ээр нэмэгдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ.

Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро барилаа юу?

Яагаад чадахгүй вэ гэдгийг доорхи энгийн статистик харуулна. МАН МАХН 1921 оноос 2012 хүртэл 91 жил оролдоод 3000 хүрэхгүй засмал зам барьсан байдаг. Жилд 33-хан км зам барьсан.

Харин АН 2012-2016 оны хооронд 4-хөн жилд 3000 км засмал замыг Чингис бондын санхүүжилтээр барьж дуусгасан. Жилд 750 км буюу МАН-аас 22.7 дахин хурдтай барьсан. АН бол харин 4 жилд метрог барьж дуусгана” гэсэн постыг 2024.05.30-нд нийтэлжээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замыг шинэчлэх талаар анх 2017 оны нэгдүгээр сард мэдээлэл хийж, зургадугаар сард шав тавьсан ч Засгийн газар солигдож, салбарын сайд нь гурван удаа өөрчлөгдсөний эцэст 2019 оны зургадугаар сарын 17-нд албан ёсоор эхэлсэн. Улмаар 2022.10.31-ний өдөр албан ёсоор нээсэн байдаг. Тус замыг засна гэж ярьснаас хойш зургаан жил орчим, засварын ажил албан ёсоор эхэлснээс хойш гурван жил дөрвөн сарын дараа нээжээ.

Үндэсний Статистикийн хорооны судалгаагаар манай улс 1992 оноос 2012 оны хооронд 2.1 мянган км авто замыг улсын хэмжээнд барьсан бол 2012 оноос 2016 оны хооронд 3.3 мянган километр, 2017 онд 476.6 километр, 2018 онд 370 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024.05.31-ний өдөр  “АН 3000км зам барьсан гэх үлгэр ярьж тархи угаахаа одоо болих хэрэгтэй.

Бодит мэдээлэл хүргэе:

МУ түүхэндээ анх удаа 726 тэрбум төгрөгөөр нийт 1426 км авто замыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын ААН-ээр шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр 2011.04.06 өдөр буюу Сү.Батболдын ЗГ-ын 105-р тогтоол гарсан.

2012-2016 онд баригдсан 2956.9 км замын 1426 км замын ажил бол дээр дурдсан гүйцэтгэгч нь, эх үүсвэр нь тодорхой болсон байсан ажил.

МАН 2016-2020 онд 2610 км, 2020-2024 онд 1286 км авто зам ашиглалтад оруулсан.

2012 оноос хойш МАН 5322 км, АН 1710 км зам барьсан байна.

Энэ АН-ын 1710 км замыг барьсан Чингис, Самурай бондын өрийг МАН 2016-2020 онд төлж барагдуулсан” гэсэн пост нийтэлжээ.

Үндэсний аудитын газраас 2014 онд танилцуулсан Авто замын хөрөнгө оруулалт, үр дүнгийн талаарх тайланд 2011-2014 онд хэрэгжиж буй нийт 105 чиглэлийн 1167.8 тэрбум төгрөг, 349.7 сая ам.долларын гэрээний дүнтэй 3711.8 км авто замын төсөл, арга хэмжээг хамруулжээ.

Үүнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан 1910.7 км замын талаарх мэдээлэл багтсан бөгөөд уг санхүүжилт, хөрөнгө оруулалтыг гурван янзаар хийх талаар Засгийн газар тогтоол гаргаж байсныг зургаар үзүүлэв. Тодруулбал, Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр 1910.7 км урттай 886.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 30 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Үндэсний статистикийн хорооны судалгааг харвал 2016-2023 онд улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын урт 2851 км-ээр нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, З.Энхболд, Х.Нямбаатар нарын цахим сүлжээгээр олон нийтэд өгсөн мэдээлэл тоо баримтын зөрүүтэй, төөрөгдүүлсэн байна.



Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x