Х.Алтай: Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдвэрлэх үе дээрээ байна

0


Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох талаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа. 

-Төрийн өмчит компаниуд болон Монголын хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох үйл явцыг ямар зарчмаар хэрхэн зохион байгуулбал илүү оновчтой байх вэ?

Хөрөнгийн зах зээлийн өсөлттэй зэрэгцэн төр засгийн зүгээс төрийн өмчит компанийн тодорхой хэсгийг олон нийтийн өмчлөлд шилжүүлэх, нэмэлт үнэт цаас гаргах бодлого баримталж байна. Дотоодын хөрөнгийн зах зээл ч төрийн өмчит компаниудын IPO хийх үйл явцад бүх талаар бэлэн гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгохдоо тухайн компаниудын үнэт цаасыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шударга зарчмаар арилжих нь хамгийн оновчтой шийдэл юм. Энэ үйл явцыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулснаар иргэд, олон нийт арилжаанд эрх тэгш оролцож, баялгийн хуваарилалт илүү шударга болох суурь нөхцөл бүрдэнэ. Манай улсын хувьд, ТӨХК-иудыг  олон улсын жишгээр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх эрх зүйн болон техник технологийн  суурь нөхцөл бүрдсэн төдийгүй зах зээлийн орчин ч бэлэн байна.

-Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй компани болгох үйл явцыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх тэгш байдлаар татан оролцуулах ямар зохицуулалт хийж байна бэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээл дэх сүүлийн 10 жилийн томоохон шинэчлэлийн ажил бол цахим арилжаа буюу хөрөнгө оруулагч гар утсаараа Монгоын хөрөнгийн биржийн арилжаанд шууд оролцох боломж бүрдсэн явдал юм. Өмнө нь брокертойгоо утас, и-мэйлээр харьцаж эсвэл биечлэн очиж захиалга өгдөг байсан. Харин өнөөдөр нийт арилжаанд оролцогчдын 95 хувь нь цахимаар оролцож байна. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эрх тэгш нөхцөлөөр арилжаанд оролцох боломж бүрдсэн төдийгүй цахим арилжаа нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулагчдад банкны реформ, төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох зэрэг дотоодын хөрөнгийн зах зээлд өрнөж буй томоохон үйл явдлуудыг сурталчлах, мэдээллээр хангах нь хэрэгцээ, шаардлага бий болж байна. Тиймээс ойрын хугацаанд зах зээлийг сурталчлах арга хэмжээг гадаадын хамтын ажиллагаатай хөрөнгийн биржүүдтэй  хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Мөн Монголын хөрөнгийн бирж нь 2021 оны есдүгээр сард “FTSE Frontier Watchlist”-д багтсан нь олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Цаашид “Watchlist”-ээс гарч, албан ёсоор “Frontier” ангилалд багтахад шаардлагатай бэлтгэл ажилд бид гол анхаарлаа хандуулж байна.

-Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгосноор бирж болон хөрөнгийн зах зээлд ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдвэрлэх үе дээрээ байна. Төрийн өмчит компаниудын хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар компанийн засаглал, ил тод байдал сайжрахаас гадна ашигт ажиллагаа нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавартай. Мөн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нээлттэй хувьцаат компани болсноор засаглалын хувьд эрс сайжирч, хөрөнгийн зах зээл өргөжин тэлэх үндэс суурь бүрэлдэнэ.

Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нэмэлт хувьцаагаа санал болгосноор өрсөлдөөнт орчинд зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж нэмэгдэж, шийдвэр гаргах үйл явц хурдан шуурхай болно.

Түүнчлэн олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхлэх боломж бүрдэхээс гадна жижиг, дунд, старт-ап бизнесүүдийн үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно. Мөн шат шатны хөрөнгө оруулагчдад зориулсан туслах зах бий болгох зэргээр орлогын төрлөө нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжтой.

Хөрөнгийн бирж олон улсын жишгээр нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээл өргөжин тэлж, энэ хэрээр компаниудын хөрөнгө оруулалт татах үйл явц хялбар болж, засаглал нь сайжирна. Компаниудын үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч хөгжих нь улсын эдийн засгийг тэлэх гол хөдөлгүүр хүч нэмсэнтэй адил юм.

-ТӨХК нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр санхүүгийн үзүүлэлтүүд нь хэрхэн сайжирсан талаар тоо судалгаа бий юу?

-Манай улсад ТӨХК нээлттэй хувьцаат компани болсон сайн туршлага бий. Үүний тод жишээ нь Монгол Шуудан ТӨХК юм. Тус компани 2016 онд хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд амжилттай арилжаалснаар санхүүгийн үзүүлэлтүүд нь эрс сайжирсан.  Урьд нь улсын төсвөөс татаас авдаг байсан “Монгол Шуудан ТӨХК олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор компанийн цэвэр ашгийн үзүүлэлт нь 10 дахин өссөн. Мөн хувьцааны үнэ нь тав дахин өссөн бол өөрийн хөрөнгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдсэн гэх мэт гайхалтай өсөлтүүдийг бий болгож чадсан.

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгосноор компанийн санхүүгийн голлох үзүүлэлтүүд эрс өсдөгийг олон улсын туршлага ч батлан харуулдаг. Тухайлбал, БНХАУ-ын  “Chalco”, “Air China”, ОХУ-ын “Gazprom”, Японы “Japan post” зэрэг компаниудыг дурдаж болох юм.

 

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x