Хүн зөвхөн амьд явахаас гадна өөрийнхөөрөө жаргалтай амгалан амьдрах эрхтэй. Амьдын жаргалыг эдлэхийн тулд эдийн засаг өсч амьжиргаа өсч байх хэрэгтэй
2023. 07.01


Нэг
Юуны өмнө Үндсэн хууль, Эрх чөлөөний дархлаа сэдвийн хүрээнд Симпозиум зохион байгуулж үг хэлэх бололцоо өгсөн Urban Citizen Forum, No Double Standard төрийн бус байгууллагуудад баярласан талархснаа илэрхийлэхийг хүсч байна.
Олон талт үйл ажиллагаа явуулдагаас хамгийн тод томруун ажил нь NOWAR хөдөлгөөнөөс өнгөрсөн хугацаанд дайныг эсэргүүцсэн үйл явдал байлаа.
Украинд болж байгаа дайн бол яагаад Монголд хамаатай вэ гэвэл дайныг өдөөгч нь манай хөрш Орос улс байгаа юм. Муугаар бодвол Орос Украин руу дайрсан шигээ хөрш орнууд руугаа түүний дотор Монгол руу дайрах аюултай. Сайнаар бодвол Империалист түрэмгий бодлогыг анхнаасаа эсэргүүцэх нь Монгол шиг жижиг орон үнэт зүйлсээрээ дэлхийтэй нэг байж, олон найз нөхдүүд, улс орнуудаар хүрээлүүлж Тусгаар Монголоо бэхжүүлэхэд хэрэгтэй юм.
Тийм учраас Дайныг эсэргүүцэгч хүн бүрт талархаж байна.
Ялангуяа Уянга, Одбаяр, Цацрал, Билгүүн, Ганхөлөг, Монголхүү, Чинбат нарт эр зориг, хатан зоригтой байж үйл ажиллагаа нь тогтвортой тууштай байсан нь үнэхээр бахархууштай.
Хаа газар Дайны эсрэг хөдөлгөөн Төр засгийн бодлогод нөлөөллөө үзүүлэх зорилготой байдаг тул эрх баригчдын нүдэнд сөрөг хүчин мэт харагдаж тэдний зүгээс тийм ч тааламжтай байдаггүй.
Манай эрх баригчдын хандлага ямар байсан бэ гэдгээр нэг л жишээ хэлэхэд хангалттай. Та бүгдэд миний нэр дурдаж баяр хүргэсэн 7 хүнээс 5 нь шүүхээс ял авч гартаа гав зүүсэн байгаа.
Гэвч хүчирхийлэл, түрэмгийлэл, империалист, харгис дайн ч бодлогыг эсэргүүцснээрээ Монголын нийгмийн чанарт эерэг зүйл авчирсаан гэдэгтээ Та бүгд итгэлтэй байж болно гэж бодож байна.
Лидер гэж хэн бэ? Гэж зориуд асуулт тавья.
Лидер гэдэг хүнийг заавал эрх мэдэлтэй хүнтэй хольж ойлгох шаардлагагүй байдаг. Ардчиллын талаарх нэгэн судалгаанд “Нүүдлийн шувуудын дунд холын аянд гарахад нь зүг чигийг нь заадаг лидер шувууд цөөхөн байдаг гэсэн. Тэр шувууд бусдаас илүү эрх дарх эдэлдэггүй гэж байсан”. Хүмүүний ертөнцөд энэ ажиглалт хол зөрөхгүй. Монголын нийгмийн зүг чигийг тодорхойлдог лидерүүд өнөөдөр бидний дунд байгаа. Тэдний төлөөлөл ирээдүйн лидерүүд энд цугласан гэж бодож байна.
Хоёр
Монгол улс бол соёл иргэншлийнхээ хувьд энхтайванч, Үндсэн хуулийн заалтаараа энхийг эрхэмлэгч орон юм. Дайн бол Хүний эрхийн асар том ноцтой зөрчил.
Үндсэн хуулийн 2 заалтыг хэлэхэд хангалттай.
Арван зургадугаар зүйл.
1/амьд явах эрхтэй.
Аравдугаар зүйл.
1.Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
Манай Үндсэн хууль тогтоогчид 30 жилийн өмнө Хүний эрхийг хамгаалах Монгол төрийн үүргийг 18 зүйлээр тодорхойлохдоо хамгийн эхэнд амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.
Дайн бол олон мянган украин, орос, буриад, халимаг, тува гээд олон үндэстний залуу үеийн амь насыг авч одож байгаагаараа хүний эрхийн агуу том ноцтой зөрчил юм.
Хүн байгальд заяаж эхийн хэвлийгээс Мөнх тэнгэрийн дор төрөхдөө Төрөөс зөвшөөрөл авах шаардлагагүй. Тиймээс ч Төр хүний амьд явах эрхэд халдах эрхгүй. Тиймдээ ч цаазын ял байж болохгүй. Тэр тусмаа дайн өдөөж, дайны галыг өрдөх эрхгүй байдаг. Дайн хурдан дуусаасай гэсэн хүслээ энэ индэр дээрээс шивнэж байна.
Гурав
Хүн зөвхөн амьд явахаас гадна өөрийнхөөрөө жаргалтай амгалан амьдрах эрхтэй. Амьдын жаргалыг эдлэхийн тулд эдийн засаг өсч амьжиргаа өсч байх хэрэгтэй. Тиймээс эдийн засгийн хөгжлийн бодлого анхдагч нөхцөл гэж бодож байна. Ядуурал байгаа бол, орлогын тэгш бус байдал, боловсролд хүрэх тэгш эрх хангагдахгүй байгаа бол, санхүүгийн эх үүсвэр хүрэх тэгш эрхийг хангахгүйгээр Хүний эрхийг хангахад туйлын хэцүү. Юуг тэргүүн зорилгоо болгох вэ гэдэг нь амьдрал дээр учирч байгаа түмэн бэрхшээлийг эрэмбэнд оруулахтай холбоотой бодлогын асуудал. Энэ тал дээр Монголын төр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа санагддаг шүү
Дэлхийн түүхэнд Paxmongolica нэгэн үе тохиосон байдаг. Энэ нь латинаар томьёологдсон Монголын Энхамгалан үеийн тухай юм. Энэ цаг үед худалдаа наймаа, Торго-Морины зам хөгжиж дэлхий глобальчлагдах бололцоо нээгдсэн гэдэг. Тэртээ эхэлсэн Глобальчлал өнөө цагт хурдасаж байна.
Глобаль ертөнцөд Глобал ёс суртахуун байх ёстой тухай мэргэдүүд санаа тавих болсон байна.
Иймээс хүний эрх хүний үүрэг хариуцлагатай холбоотой асуудал болж байна. Дэлхийн хоёрдугаар дайн дараахан 1948 онд Хүний эрхийн түгээмэл Тунхаглал гарч байсан тэр цаг үеэс хойш дэлхий асар их урагш ахисан. Эрхээ мэдэхээс гадна Үүрэг хариуцлагаа мэдэрч хамтдаа байвал Хүн хэмээх бодгаль илүү амгалан, хөгжил хурдан ирнэ бизээ.
Энэ утгаар Японы Ерөнхий сайд байсан Фукуда Inter Action Council хэмээх байгууллага санаачилсан байх бөгөөд тэрхүү байгууллагад дэлхийн том нөлөө бүхий хүмүүс нэгдсэн байдаг. Жишээлбэл, Билл Клинтон, Ли Кван Ю, Жон Мажор гээд олон хүнийг дурдаж болно. Энэ талаар урт удаан юм ярихгүйгээр Тэр байгууллагаас гаргасан Хүний үүрэг хариуцлагын Түгээмэл Тунхаглалаас цөөхөн зарим ишлэл авч хэлэх үг өндөрлөе.
- Хүн амьд явах эрхтэй бол бусдын амь насыг хамгаалах үүрэгтэй
- Хүн эрх чөлөөтэй байх эрхтэй бол бусдын эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй
- Хүн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрхтэй бол бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэх үүрэгтэй
- Хүн Төрөө шударгаар сонгох эрхтэй бол Сонголтоо хянах, хүндэтгэх үүрэгтэй
- Хүн байгалиас хувь хүртэх эрхтэй бол байгалиа хамгаалах үүрэгтэй
Дэлхий ертөнц их өөрчлөлтийн өмнө ирээд байна.
Монгол хаагдах биш улам нээгдэж Хүмүүний хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй.