Хятадын импортлогчид Монголын нүүрсний үнэ нэмэгдэх талаар

1


БНХАУ руу экспортолж буй нүүрсний үнийг тогтоох зарчмаа Монгол Улс шинэчлэхээр төлөвлөж буй нь Хятадын хэрэглэгчдийн хувьд илүү өндөр үнээр уг түүхий эдийг авахад хүргэх бөгөөд хил хоорондын нүүрсний худалдааны экосистемийг ийн өөрчлөх хүчин чармайлт нь цаашид Монголоос Хятад руу хийх нүүрсний экспортын төлөвийг өөрчилнө гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Монгол Улс нүүрсээ уурхайн амны бус хилийн үнээр хоёрдугаар сарын 1-нээс эхлэн худалдах болсныг сонссон талаар Хятад-Монголын хил дээрх Хятадын нүүрсний компаниудын төлөөлөл мэдээлсэн юм. Таван толгой бол Хятадын хилээс 200 орчим км зайд оршдог Монголын нүүрсний асар том уурхай билээ.

Өвөр Монголын өөртөө засах орны Mengtong International Logistics Agency компанийн төлөөлөгч Ли Шяны Global Times-т өгүүлснээр бол энэ алхам нь үнээ өөрчлөх замаар орлогоо нэмэгдүүлэх гэсэн Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) ХК-ийн зорилгыг харуулж байгаа аж.

Эл өөрчлөлт нь ЭТТ-оос нүүрсээ машинаар татдаг Хятадын нүүрсний худалдан авагчдад нөлөөлөх боловч “Үнэ тодорхой хэмжээгээр өссөн ч гэсэн Монгол Улс Хятад руу нүүрсээ борлуулсаар байх болно” гэж дүгнэж буйгаа Хятад-Монголын хил дээрх тээвэрлэлтийн талаар сайн мэдэх нэгэн мэргэжилтэн хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд ОХУ, Монголоос худалдаж авах нүүрсний хэмжээгээ БНХАУ нэмэгдүүлсэн бөгөөд 2022 оны эхний 11 сард Монголоос 26.1 сая тонн нүүрс худалдаж авсан нь нүүрсний нийт импортын 10 хувийг эзэлж буйг гангийн салбарын Lange порталын статистик харуулж байна. Үүнээс 21.6 сая тонныг Хятадын гангийн үйлдвэрүүд худалдаж авсан нь Хятадын коксжсон нүүрсний экспортын 37.6 хувь болохыг Lange-ийн статистикаас харж болно.

Нүүрсний үнэд ийн өөрчлөлт орж буй нь Монголын нүүрсний эрэлтэд бага зэрэг сөрөг нөлөө үзүүлэх боловч Хятадын нүүрсний нийт хангамжид ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

“Үнийн өсөлт авчрах энэхүү шийдвэр нь Монголын нүүрсний эрэлтийг бууруулах магадлалтай боловч эрэлт-нийлүүлэлтийн өнцгөөс харах юм бол 2023 онд Хятад улс Монголоос 20 сая тонн давсан коксжих нүүрс импортлох төлөвтэй” гэж Beijing Lange Steel Information Research Center-ийн судалгаа хариуцсан захирал Ван Гуокин Global Times-т ярьсан юм.

Харин зөвлөх үйлчилгээний Fenwei компанийн шинжээч Фенг Донгбины өгүүлснээр энэхүү алхам нь Монгол Улсын нүүрсний үнэ тогтоох аргачлалыг илүү ил тод болгоход туслах аж. Гэхдээ олон талын ашиг сонирхлыг авч үзэх юм бол эл шинэ алхмыг нэгдүгээр улиралд хэрэгжүүлэх боломжтой гэдэгт эргэлзэж буйгаа тэрбээр илэрхийлэв. Нүүрсний үнэ өслөө ч сүүлийн үед нүүрс тээврийн зардал буурсан нь үнийн зөрүүг нөхөх боломжтой гэж үзэж буйгаа Фенг нэмж хэлсэн юм.

Талын зам болон Бүс ба зам зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ, Монгол Улс илүүтэй анхаарч ажиллаж байна. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хамтын хүчин чармайлт эрчимжлээ.

2022 оны есдүгээр сарын 9-нд Монгол Улс Таван толгойн уурхайг Гашуунсухайт боомттой холбосон төмөр замыг барьж ашиглалтад оруулсан. Нийт 233 км урт эл төмөр зам нь жилд 30-50 сая тонн нүүрсийг Хятад руу тээвэрлэх хүчин чадалтай талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан энэ цаг үед хоёр улсын хэн хэнээ нөхсөн эдийн засаг нь өнөөгийн сорилтуудыг даван туулахад харилцан туслах болно гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс өнгөрсөн оны аравдугаар сард Монголоос 780 мянган тонн нүүрс худалдаж авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 830 хувиар өссөн болохыг Shanxi Securities Co-ийн мэдээлэл харуулжээ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал өнгөрсөн аравдугаар сард Global Times-т өгсөн ярилцлагадаа Таван толгойгоос Ганцмод хүртэлх нүүрс тээврийн үнэ нэг тонн тутамд 40 ам.доллар байгаа талаар өгүүлж байсан юм.

2022 оны эхний 11 сард Хятадын нүүрсний экспортын 58,3 хувийг Индонез, 23.3 хувийг ОХУ, 10 хувийг Монгол Улс эзэлсэн тухай Lange мэдээллээ.

 

Эх сурвалж: Global Times

 

 

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Хятадын импортлогчид Монголын нүүрсний үнэ нэмэгдэх талаар – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
26 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x