“ХОТУЛУН ГҮНЖ” КИНО BERLINALE EFM-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

0


Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант УСК 2 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл”  /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцлоо.

Berlinale нь дэлхийн 3 том А зэрэглэлийн кино наадмын нэг ба Берлин хотноо жил бүрийн 2 дугаар сард болдог. Цар тахлын улмаас тус фестивалийг хоёр дахь удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулав.

EFM-ийн үеэр нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформ дээр үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй зах зээлийн нээлтээ /market premiere/  хийсэн шинэ кино бүтээлүүд, олон улсын кино үйлдвэрлэлийн салбарын нийт 4.134 төлөөлөл, мэргэжилтэнгүүд оролцжээ.

Berlinale-EFM нь жил бүрийн эхэнд  дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд  уламжлалт ёсоороо тогтмол тодорхой ба чухал түлхэцүүдийг өгч байдаг. Энэ жил “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино ба бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэнгүүд өргөн хүрээтэй олон талт хэлэлцүүлгүүдийг хийв.

Berlinale-EFM-н захирал Деннис Руу /Dennis Ruh/ энэ жил арга хэмжээ цахим хэлбэрээр болсон ч шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценц эрхийн арилжааны эрэлт хэрэгцээ өссөн нь дахин хүчтэй мэдрэгдэж байсныг дурдаад, улмаар Монгол Улс, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг оролцон тэмдэглэсэн.

Berlinale EFM-д Монгол Улсаа төлөөлөн оролцох зохион байгуулах багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, ХБНГУ дах Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран, Монгол Улсын Соёлын Яам, Гадаад Харилцааны Яам дэмжлэгтэйгээр ажиллав.

Ийнхүү Монголын шинэ кино бүтээлүүдийг олон улсын кино зах зээл, фестивалуудад мэргэжлийн өндөр түвшинд тогтмол танилцуулах нь бүтээлч үйлдвэрлэлийн салбар, кино үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн хөгжилд  ихээхэн түлхэц өгөх ач холбогдолтой.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x