ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ

0


ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа 9 монгол сургуулийн сурагчдын дунд “Хүүхдийн урлаг спортын V Наадам” арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эбэрманнштадт хотноо амжилттай зохион байгуулагдав.

ХБНГУ-ын Нюрнберг хотын “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ”, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 179 сурагч, 28 багш болон 220 гаруй эцэг, эх, хөгжөөн дэмжигчид оролцов.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг арга хэмжээг нээж “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ”-ын ТУЗ-ийн дарга О.Тунгалаг тэргүүтэй хамт олонд болон тус наадамд идэвхтэй оролцож буй монгол сургуулийн сурагч, багш нарт баяр хүргэв. Түүнчлэн монгол хүүхэд, залуучуудыг эх хэлээ сурах боломжоор хангах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалах,  улс үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг сайшаан үнэлж, зарим сургууль болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлэн өргөмжлөл гардуулав.

ХБНГУ дахь анхны “Монгол” сургууль 2007 онд Берлин хотноо үүсгэн байгуулагдсан. Мюнхен хотын “Од” сургуулийн санаачилгаар 2016 онд анх удаа зохион байгуулсан уг наадамд энэ жил гоцлол болон хамтлагийн дуу, бүжиг, үндэсний хөгжим, сонгодог хөгжим, уран уншлага зэрэг 14 төрлөөр хүүхдүүд сурсан мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаа уралдуулав.

Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг  наадмын “Шилдэг оролцогч”-оор тодорсон “Солонго” сургуулийн сурагч Е.Эрдэнэхангай болон “Эрдэм” сургуулийн сурагч Б.Мишээл нарт МИАТ ТӨК-аас хандивласан Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн  нислэгийн тийзийг гардуулав.

“Хүүхдийн урлаг спортын V Наадам”-ын дүнгээр Штуттгарт хотын “Солонго” сургуулийн сурагчид нийт 11 медаль (5 алт, 4 мөнгө, 2 хүрэл) хүртэж энэ жилийн наадмыг тэргүүлснээр 2025 онд  “Хүүхдийн урлаг спортын VI Наадам”-ыг зохион байгуулахаар болов.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x