Хатингаршсан байгаль эх аврал эрж байна » Econews.mn

0



Тэнгэр баганадаж, нарыг хүртэл хаах шороон шуурга манай улсын хувьд байдаг л нэг байгалийн үзэгдэл боллоо. Угтаа бол байгаль эх минь айхтар их цангасан тул бидэнд сануулга өгч буй хэрэг. Гэвч бид “Пүү паа” гэхээс өөр хийсэн зүйлгүй, санаа зовних сэтгэлгүй.

Цөлжилт үнэхээр бидний хоолойд тулж ирээд байна. 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзэлж байна. Ингэхдээ Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртжээ.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадсын хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон. Энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна” гэх тоон мэдээллийг дурдсан билээ. Хамгийн харамсалтай нь энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 2021 онд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хорогдсон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гашуун түүх ч бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулна гэж тооцоолсон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөдгөөрөө өрнөнө. Гэхдээ үүнд иргэдийн оролцоо хамгаас чухал. Байгаль эхдээ анхаарлаа хандуулж, хүн бүр байгаль хамгаалагч байх хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь мод, хүрз бариад гүй гэсэн утга биш, айл бүр хашаандаа эсвэл ойр тойрондоо мод тарих гүн агуулга юм. Нэг л мэдэхэд бид ногоорон халиурах зүлэггүй, элс  шороо, хайрган дунд зогсож байж мэднэ. Тиймээс дараа гэж хойшлуулалгүй, өнөөдрөөс үндсээ суулгаж, арчлан ургуулахыг байгаль эх ч хүсэж буй биз ээ.

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x