У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна

0


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтноход хүчтэй заналхийлж, эрдэмтэн, судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэг үүнд анхаарлаа хандуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө эрчимжсэн хэвээр байна.

Мөн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахлын хямралтай нүүр тулж, асар их хэмжээний хохирол амссан бөгөөд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, эх дэлхийнхээ төлөө зоримог, шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг дэлхий нийтэд сануулж байна. Өнөөдөр дэлхийн нийтэд эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй тэмцэлдээ Та бид агшин зуур ч амсхийх учиргүй юм.

Судалгаанаас үзэхэд сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын төрөл зүйл устан үгүй болсоор байна. Монгол Улсын хувьд дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд асар их хэмжээгээр өртөж байгаа улс юм. Тухайлбал, агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд байна. Түүнчлэн сүүлийн 10 жилд цаг уураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өсжээ. Улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хувь нэмрээ оруулах үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн. Энэ хүрээнд дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг “0” хувьд хүргэхээ амласан.

Монгол Улсын хувьд 2016 оны “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичгийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавьж байсан билээ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Глазго хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд түвшний уулзалтын үеэр манай улс дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтот түвшнийг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойг дэлхий нийтэд мэдэгдсэн.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бидний хувьд эн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Цаашлаад Зүүн Хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг Монгол Улс дэмжиж, нар, салхины арвин нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ.

“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг.

“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид онцолж байна. Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, тарьц, суулгац, бортого, бордоо, хашаа, ургамал хамгааллын бодисын үйлдвэрлэл, хог хаягдлын дахин боловсруулалт, усжуулалтын систем, өвөл зуны хүлэмж, зоорь байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон төрлийн үр өгөөж авчрах болно. Түүнчлэн ховор, нэн ховор эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалж, өсгөн үржүүлж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой юм.

Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал юм. Төрөөс ногоон хөгжлийг дэмжих зорилго бүхий Ногоон хөрөнгө оруулалтын корпорац, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон сан, Ногоон зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн механизмыг хөгжүүлж, үр дүнтэй ажиллах шаардлагатайг эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг.

Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хандивлагч орнууд байгаль орчны асуудалд онцгой анхаарч, ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх болсон энэ цаг үед Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна.

Бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагууд, төр, хувийн хэвшил, ард иргэд Та бид хамтдаа нэг зүгт харж, нэгдмэл, харилцан уялдаатай бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж байж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг зогсоож, байгаль эхээ хамгаалж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлж чадах болно.

Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x