У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

0

рөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та  хаачсан юм бэ?

-Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна.

-Таны цагийг хэмнэх үүднээс гол асуултуудаа шууд асуугаад явчих уу?

-За тэгье.

-Корона вирус дэлхийд ид дэгдэж байх үед та Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тухайн үед эмнэлгийн ор, эм тариа, тоног төхөөрөмж, вакцин авах зэрэг бэлтгэлээ хангалттай хийгээгүй гэсэн шүүмж сүүлийн үед гарах боллоо. Энэ үнэн үү?

-Энэ худлаа. Аливаа зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ олон мянган хүний өдөр шөнөгүй, нойр хоолгүй, ар гэрээ орхин, амь насаараа дэнчин тавин зүтгэж байгаа хичээл зүтгэлийг үгүйсгэж огт болохгүй.

Би одоо сайн санаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо корона вирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм. Та бод доо. Тэр үед дэлхийд вакцин гарах нь битгий хэл амны маск ч олдохгүй, олон мянгаараа амь насаа алдаж, хүн төрөлхтөн яах учраа олохгүй сөхөрч байсан үе шүү дээ. Хэрвээ бид 10 сарын өмнө цар тахлыг дотооддоо алдсан бол өнөөдөр манай улс ямар нөхцөл байдалд байх байсан бол гэж бодохоор аймшигтай байгаа биз.

Энэ 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан юм. Тухайлбал 7 сараас Ковакс хөтөлбөрт хамрагдаж, улс орнууд, вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хэлэлцээр хийж, нийтээр вакцинжуулах боломжийг бүрдүүлсэн шүү дээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ Бахрейн, Саудын Араб, Сингапур, Катар, Монгол гээд эхний тавд явж байна.

-Танай Засгийн газрыг огцроход иргэд бухимдалтай хоцорсон. Та яагаад огцорсон юм бэ? Эсвэл зарим хүний  ярьж байгаагаар  хариуцлагаас зугтчихсан юм уу?

-Шуудхан хэлчихье. Улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ.

Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар. Харамсалтай нь, энэ бүхэнд  Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх.

Цар тахал дээр улс төр хийж, УОК, Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан.

Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлуудаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд  шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ.  Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.

Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон, цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан.

Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.

-2020 оны сонгуульд танд итгэж МАН-д саналаа өгсөн боловч таныг огцорсонд гомдолтой байгаа иргэдэд та юу хэлэх вэ?

-Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно.

Намайг Баянгол дүүргийн уулзалтын тайзан дээрээс буухад миний өмнө таягаа тулаад, ёслоод зогсож байсан азай буурлыг би огт мартдаггүй юм. “Зүтгээрэй миний хүү, бид чамд итгэж байгаа шүү, зүтгээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлээс огт гардаггүй юм. Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.

-Таны энэ хариултаас харахад та Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үг гэж ойлгож болох уу?

-Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга  ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.

-Та огцрох үедээ “Ерөнхий сайдын хувьд олон зүйлийг хэлэлгүй залгиж ирлээ, албан тушаалаа өгч байгаад УИХ-ын гишүүнийхээ хувиар дэлгэнэ, шаардлагатай бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө” гэсэн. Түүнээс хойш сураг гарсангүй. Тэр юу болсон бэ?

-Тийм ээ. Надад хэлэх үгнүүд байгаа. Гэхдээ энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.

У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна. Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.

Үүнд л бид хаа хаанаа анхаарч, эв нэгдэлтэй, талцал хуваагдалгүй, төр засаг, ард түмнээрээ нягтран энэ зовлонг хамтын хүчээр давж гарах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй боллоо. Үүнд МАН-ын нөлөө байсан гэсэн  яриа яваад  байна. Та Ардын намын даргын хувьд үүнд хариулт өгөөч…

-Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэц шийддэг юм. Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм.

-Танай намыг тараана гээд Ерөнхийлөгч мэдэгдчихсэн. Дуулиан шуугиан болоод л байна. Та энд ямар хариулт өгөх вэ?

-Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.

Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж, нэг хүний дарангуйлал тогтох байх.

Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү.

-АН хоёр хуваагдаж, дотоодын зөрчил ихтэй байна. Эрх баригч намын даргын хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна.

-Улс төрийн бусад намуудын дотоод асуудалд оролцох нь улс төрийн хувьд соёлгүй зүйл л дээ. Гэхдээ та асуусан учраас би бодлоо хэлье.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа.

Бид нэг л эх оронтой. Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог. Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой. Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.

МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.

Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүн сонгогдвол нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн яриа байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш. Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.

Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой.

Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой.

Та бод доо. Айлаар зүйрлэвэл аав нь үр хүүхдүүдээ талцуулж, хооронд нь зодолдуулаад байвал тэр айлын амьдрал ямар байх бол. Эцэг амгалан бол гэр амгалан гэж үг байдаг даа.   Эцэст нь хэлэхэд цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа Засгийн газрын ажлыг элдэв улс төргүйгээр тайван хийлгэх нь туйлын чухал байна.

Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.

-Надад уг нь өөр олон асуулт байна л даа. Гэтэл та яриагаа өндөрлөх шинжтэй болоод явчихлаа…

-Энэ гай зовлон илааршиж сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна. Улсынхаа их баяр наадмаа ч манай ард түмэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ гэж итгэж байна. Монгол хүн амны билгээрээ гэж сайхан үг байдаг даа. Тэр үед хоёулаа дахин сайхан ярилцъя.

-Амлалт гэж ойлголоо. Цаг зав гаргасан танд баярлалаа.

Ярилцсан Д.МӨНГӨНДАЛАЙ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

3 1 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x