УУХҮЯ, Эрдэнэс Оюу Толгой компанийн төлөөллүүд Чили, АНУ-ын зэсийн уурхай, зэс хайлуулах үйлдвэрээс туршлага судлав

0


Оюу Толгой компанийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, ашиг хүртэх хугацааг наашлуулах зорилгоор УИХ-ын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоол, мөн  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Оюу Толгой ордын ашиглалтад Mонгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол тус тус батлагдан гарсан.

Тус тогтоолуудад Оюу Толгой ХХК-ийн төрийн эзэмшлийн 34%-ийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийг чадавхжуулах агуулга багтсан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрдэнэс Оюу Толгой компанийн зүгээс хүний нөөцийн бодлогыг сайжруулах, нийт ажилтныг чадавхжуулах чиглэлд хэд хэдэн ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж буй компанийн хувьд гадны томоохон уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцах тэр дундаа далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолт зэргийг судлах нь Оюу Толгойн далд уурхайн анхны тэсэлгээ хийгдээд удаагүй энэ үед нэн чухал ач холбогдолтой ажлуудын нэг юм. Энэ ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа, Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв, Эрдэнэс Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, тус компанийн Геологи, уул уурхайн хэлтсийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнууд Америкийн Нэгдсэн Улс, Чили Улсад томилолтоор ажиллаж дэлхийд томоохонд тооцогдох, арвин туршлагатай Чили Улсын Эл Теньентэ, Америкийн Нэгдсэн Улсын Ресолушн, Кеннекотт уурхайтай тус тус танилцан туршлага судлалаа.

Монгол Улсын хувьд цаашид Оюу Толгойн зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж зэс болон дагалдах металлыг ялган ангилж нэмүү өртөг бий болгох үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараагийн томоохон бүтээн байгуулалтыг хийх зайлшгүй шаардлага үүсч байна.

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x