Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлцгээе

0



Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөллүүдтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Уулзалтад цахилгаан авто машин импортлогч байгууллагууд болон ногоон зээлийн санхүүжилтийг олгож буй Хаан, Төрийн банк мөн цахилгаан авто машин хэрэглэгчдийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж, Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна.

Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал суудлын 500 гаруй, автобус 100 гаруй байдаг байна.  Энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд үүнийг нэмэгдүүлж чадвал Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад бодит нөлөөлөл авчрах юм.

Монгол Улсад борлуулагдаж буй цахилгаан авто машин нь өвлийн улиралд нэг цэнэглэлтээр 200-250 км, зуны улиралд 500-600 км явах хүчин чадалтай байна.

21 аймагт цахилгаан автомашин цэнэглэх түгээгүүр байгуулах ажлууд эхэлсэн ба ашиглалтад орчихвол хаана ч цахилгаан автомашиныг хэрэглэх боломжтой. Машины хувьд бартаат зам туулах чадвар хурд, хүчний хувьд бензин автомашинаас ялгаагүй байдаг тухай импортлогч байгууллагууд онцолж байв.

Цахилгаан авто машин хэрэглэгчдийн сэтгэгдэл…

Дугаарын хязгаарлалтад орохгүй, байнгын тос масло солихгүй, энгийн машинд хийгддэг байнгын сервис шаарддагүй, эдийн засгийн бодит хэмнэлтийг хийж байна.

Эрчим хүчний зарцуулалт маш бага байдаг ба 5 жилийн хугацаанд цахилгаан авто машинд 947000 мянган төгрөг зарцуулсан бол Улаанбаатар хотод 5500 төгрөгөөр 14 хоног явдаг.

Дуу чимээ бага, тав тухтай, бүрэн автомат, сүүлийн үеийн технологийн шийдэл орсон, загвар сайтай.

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд:

Уулзалтаар цахилгаан автомашины тоо хэмжээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан нэмэгдүүлэх зорилгоор дараах ажилд хамтран ажиллана.

-Цахилгаан автомашины цэнэглэгчийг нэмэгдүүлэх;

-Иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн зээл, үнийг гаргах;

-Цахилгаан автомашиныг 2030 он хүртэл Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;

-Цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх;

-Улсын хэмжээнд түргэн цэнэглэгч станцын сүлжээ байгуулах;

-Шинээр баригдах барилга, орон сууцны авто зогсоолд зогсоолын тооноос хамааран 1-2 түргэн цэнэглэгчтэй байх шаардлагыг барилгын зураг төслийн шатанд хянаж, баталдаг байх /2024 оноос мөрдүүлж эхлэх/;

-Цахилгаан автомашиныг төлбөртэй зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байнгын шийдвэр гаргах;

-Шөнийн цагт үнэ төлбөргүй цэнэглэх боломжийг бүрдүүлэх ажилд аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар болов.

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x