Улсын секторын санхүү, төсөв, менежментийн тогтолцоог сайжруулах олон улсын мэргэжлийн байгууллагуудын хурал Улаанбаатар хотод болно DNN.mn

0



Долдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаа Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны ээлжит хурлыг угтан Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн ерөнхийлөгч Б.Түвшинтэй ярилцлаа.


– Та удахгүй болох гэж байгаа олон улсын хурлын талаар тодруулж ярихгүй юу. Хуралд хэдэн орны ямар хүмүүс оролцох бол?

-Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбоо /САРА/-ны улсын төсөв, санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх мэргэжлийн байгууллагуудын ээлжит хурлыг 7 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна. Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбоо нь тухайн бүс нутгийн 23 орны 32 мэргэжлийн байгууллага, түүний 2 сая гаруй гишүүдийг нэгтгэсэн, нягтлан бодох бүртгэлийн хамгийн том мэргэжлийн байгууллага. ММНБИ нь 2000 онд САРА-д жинхэнэ гишүүнээр элссэн цагаас хойш холбооны хурал семинарт оролцож гишүүдээ хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. CAPA-ийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, гишүүн байгууллагуудын чадавхийг сайжруулах зорилгоор ээлжит хурлуудаа жил бүр Ази, Номхон далайн орнуудад зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Улсын секторын санхүүгийн удирдлагын хорооны хурлыг ММНБИ-тэй хамтран Монголд зохион байгуулж байна. Хуралд САРА-ийн удирдлагаас гадна Шинэ Зеланд, Бангладеш, Энэтхэг, Непал, Монгол, Солонгос, Пакистан, Шри Ланк, ИБУИВУ-ын төлөөлөл оролцох ба олон улсын Улсын секторын санхүүгийн удирдлагын туршлагыг салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагуудад танилцуулах уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Яагаад Улсын секторын санхүүгийн удирдлагын хорооны хурлыг Монголд хийх болсон бэ. Хурлын ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байгаа вэ?

-Мэргэжлийг зохих түвшинд хөгжүүлээгүй, эсвэл олон улстай хөл нийлүүлээгүйгээс болоод өнөөдөр манай улсын төсөв, санхүү хүнд байдалд орсон. Ийм учраас Улсын секторын санхүүгийн менежментийг зайлшгүй хийх шаардлагатай. Манайд улсын төсвийн үр ашиггүй зарцуулалт, инфляцын тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт, авилгатай холбоотой гарч байгаа асуудлууд ар араасаа үүсч байна. Үүнийг сайжруулахын тулд төр засгийн зүгээс төсөв мөнгө зарцуулагсад, төрийн болон хувийн хэвшлийнхэн, тэр ч байтугай олон нийтийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгцээ үүсч байна. Олон улсын мэргэжлийн байгууллагууд ч тухайн улс орны санхүүгийн ил тод байдал, нийтийн эрх ашгийг дээдлэн, мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж, тасралтгүй хөгжихөд нь туслаж, зөвд уриалж, зөвлөж ажилладаг. ММНБИ нь Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо /IFAC/, САРА-ийн гишүүн байгууллагын хувьд олон улсын туршлагаас хэрэгтэй зүйлийг Монголдоо импортлох бүрэн боломжтой. Манай институт АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг, Англи улсын Төрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн итгэмжлэгдсэн институт (CIPFA) -тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан улсын секторын санхүүгийн мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Бид 2020 оны тавдугаар сард САРА-ийн Ерөнхийлөгчдийн уулзалтыг Монголд хийж, улсын секторын санхүүгийн менежментийг бэхжүүлэх ажлаа эхлүүлэх байсан ч цар тахлын улмаас хойшилсон байсан. Энэ удаагийн хурлын үр дүнд төр засгийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд улсын секторын санхүүгийн удирдлага бат бэх байх, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлэх тал дээр нэг мөр ойлголцож, цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавигдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Бас нэг гол зүйл нь зөвхөн ММНБИ-ийн үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр улсын секторт олон улсын туршлагыг Монгол улсдаа авч үлдэх хэрэгтэй.

– Бусад улс орны Мэргэшсэн нягтлан бодогчдын институт ч юмуу мэргэжлийн байгууллагууд ер нь энэ талаар ямар оролцоотой ажилладаг юм бол?

-Манайхтай ижил төстэй гадны байгууллагууд улсын санхүүгийн менежментийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэд чадамж, тогтвортой байдал, мэргэжилтнүүдийн ур чадвар, судалгаа шинжилгээ, нийгэм эдийн засагтай холбогдох давуу талууддаа тулгуурлан улс орныхоо санхүүгийн удирдлагыг бэхжүүлдэг. Өндөр чанартай санхүүгийн мэдээлэл дээр суурилан эдийн засгийн чухал шийдлүүд гарч байдаг болохоор нийтээрээ улсын төсөв, санхүүгийн талаар нэгдсэн зөв ойлголттой байж, тэр талаар мэргэшсэн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болж чадвал татвар төлөгчдийн мөнгийг оновчтой захиран зарцуулж чаддаг болно. Хөрөнгө оруулагчид ч олон улсын стандартын дагуу сайн бэлтгэгдсэн санхүүгийн тайлан мэдээллийг ашиглах хүлээлттэй байдаг. Иймээс нягтлан бодогч, аудиторууд, санхүүчид энэ хэрэгцээг хангахуйц ур чадвартай, мэдлэгтэй, ёс зүйтэй байх ёстой.

-Төсвийн ил тод байдлыг хангах, төсөв боловсруулах зэрэг үйл явцад танай байгууллагын оролцоо хэр байдаг вэ?

-Бид улсын санхүүгийн удирдлагыг сайжруулна гэхээр төрийн шилэн данс, төсөв санхүү рүү шууд орох гээд байгаа хэрэг биш. Төрийн санхүүгийн тайлагнал нь олон нийтийн буюу татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаална. Тэр тайлагнал ил тод, үнэн зөв байснаар олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үр ашиг бүтээмжтэй байдлыг дээшлүүлдэг. Иймээс бид мэргэжилтнийг хөгжүүлэх замаар эдийн засагтаа, нийгэмдээ хувь нэмэр оруулна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн тусламжтайгаар улсын секторын санхүүгийн менежментийг сайжруулах боломжтой гэдгийг судлаач мэргэжилтнүүд ч илэрхийлсээр байна.

-Та ММНБИ-ийг мэргэжлийн байгууллага болох талаар нэлээн тодотгож ярилаа. Танай байгууллагын цар хүрээ, үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байна?

-Институт нь Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо болон САРА-ийн гишүүн байгууллага бөгөөд өнөөдөр 5400 мэргэшсэн нягтлан бодогч, 170 аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, улсын хэмжээнд 30 салбартай байгууллага. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудаар чиг үүрэг хүлээн ажиллаж байна. Бид олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран орчин үеийн чиг хандлага, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнийг хөгжүүлэх, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, мэргэжлийн цол зэрэг олгох, судалгаа шинжилгээ хийж, арга зүй боловсруулах, олон улсын стандартыг Монгол улсад мөрдүүлэх, нийгэмд хүртээмжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. ММНБИ одоогоор эрх зүйн хувьд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай. Бид хувийн эрх ашгийг хамгаалах биш гишүүдийнхээ болон олон нийтийн эрх ашгийг (public interest) мэргэжлийн үүднээс хамгаалдаг, дуу хоолой нь болдог мэргэжлийн байгууллага (professional organization). Харин олон улсад ММНБИ шиг байгууллага professional accountant organization гэсэн өргөн хүрээтэй статустай байдаг. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь тасралтгүй хөгжиж, олон улстай хөл нийлүүлэхгүй бол маш хурдан хоцрогддог мэргэжил. Иймд тасралтгүй хөгжлийг хангахын тулд “Мэргэжлийн байгууллага” гэсэн статустай болж, үйл ажиллагаагаа тэнцвэртэй, тогтвортой, хөгжүүлэх нь цаашдын хөгжлийн суурь болно.

– Таны бодлоор Улсын секторын санхүүгийн удирдлагыг сайжруулах ажлыг хаанаас эхэлбэл зохих вэ?

-Улсын секторын санхүүгийн удирдлага гэдэгт аудит, худалдан авалт, татвар, дотоод хяналт гээд өргөн цар хүрээтэй олон салбар багтдаг учраас бүхий л салбарын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэгжилт, санхүүгийн тайлан мэдээллийг боловсронгуй болгох гэх мэт маш олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Манайд улсын секторын санхүүгийн удирдлагыг сайжруулахад төсөв боловсруулагчид, түүнийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий мэргэшсэн хүмүүсийг олноор бэлтгэх, улмаар тэр хүмүүсийг үндсэн нэг ойлголттой болгох, нэгдмэл байлгах шаардлага үүсч байна. Ийм учраас юуны түрүүнд мэргэжлийн байгууллагууд болон төр засгийн зохицуулагч байгууллагуудтай хамтарсан сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн хийх ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой. Үүнд улсын секторт ажиллаж байгаа манай институтийн гишүүд ч хамтран ажиллаж нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтнийг сургахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x