Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган, 2022 оны ээлжит бус болон хүндэтгэлийн хуралдааны үйл ажиллагааны танилцуулга ном хэвлэгдлээ | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулгад чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаарх мэдээлэл, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Мөн ээлжит чуулганы нээлт, хаалт, хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын даргын хэлсэн үг, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэн байна.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 30, Байнгын хороо 97, Дэд хороо 5, Түр хороо 9 удаа хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 234,  хууль хүчингүй болсон тухай 6, олон улсын гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 5 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоол,  нийт 217 асуудал хэлэлцэн баталсан. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 21 гишүүн 32 асуудлаар 7 удаа асуулга, Улсын Их Хурлын 9 гишүүн 31 асуудлаар 8 удаа асуулт тавьсан байна.

Олон нийтэд зориулсан уг танилцуулгад УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар баталсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (Шинэчилсэн найруулга), Цахим гарын үсгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга), Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга), Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Генетик нөөцийн тухай,  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон  “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай”, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” зэрэг болон дээрх хууль тогтоомжийн талаарх инфографикууд нийтлэгдлээ.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, Дэд хороодын хуралдааны талаарх тоон үзүүлэлт бүхий тойм, УИХ хянан шалгах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга болон Байнгын хороодын үйл ажиллагааны мэдээллүүд, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга, асуултууд, намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, сонгогчдод цэгцтэй, бодитой ойлголт өгөх үүднээс бэлтгэсэн инфографик, холбогдох гэрэл зураг, бусад мэдээллүүдийг нийтлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x