“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.


   Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан сургалтыг өнөөдөр (2022.03.03) хийлээ.

    Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд Улсын Их Хурлын үүрэг зайлшгүй байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монгол банктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан” гэв.  


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл” сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр “явагддаг” болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудын үеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө.


    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, түүний ач холбогдол”, “Гэмт хэргийн мэдээ, мэдээллийг үнэн зөв бодитой хүргэх нь” сэдэвт илтгэлдээ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулан, сургалтын агуулгыг тодотгосон мэдээлэл өгсөн.


    Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол “Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагын үүрэг, хараат бус байдал, олон нийтийн оролцоо” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ агуулгыг сэтгүүлчид аудитын мэдээллийг олон нийтэд хэрхэн зөв байршуулж, хүргэх вэ гэдэгт чиглүүлж, энэ үеэрээ open.audit.mn сайтад олон нийтийн анхаарал татдаг болон аудитын бусад мэдээлэл, тайлангуудыг нийтэлдэг болохыг дурдлаа.


    Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Статистик мэдээг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломж, шаардлага” сэдэвт илтгэлдээ дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад НҮБ зөвлөмж болгож буйг дурдаад, статистикийн өгөгдлийг мэдээлэлдээ хэрхэн ашиглаж олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээллийг өглөө. Тэрбээр 1212.mn сайтыг сэтгүүлчид болон олон нийтэд ашиглахад хялбар болгон шинэчилж буйг мөн дурдсан.

    Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын онцлог”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, салбарын бүх талын тоон мэдээллийг танилцууллаа.


    Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Дата судалгаанд суурилсан төрийн алба” сэдэвт илтгэлээрээ улсын хэмжээнд байгаа төрийн бүх байгууллага болон төрийн албан хаагчидтай холбоотой дата мэдээллийг танилцуулав. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл хэдэн нэхэмжлэл гаргасан, хэрхэн шийдэгддэг талаар зэрэг төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг өгсөн юм.  


    Сэтгүүлчдэд зориулсан сүүлийн илтгэлийг “Глоб интернейшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал “Хүний эрхийг мэдээлж, сурвалжлахад ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь” сэдвээр танилцуулав. Сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын зөвлөмж дээр тулгуурлан хүний эрхийн талаарх мэдээлэл, сурвалжлагадаа ёс зүйн ямар зарчмыг сэтгүүлч хүн баримтлах талаар тэрбээр сонирхолтой мэдээллийг хуваалцсан.   

    Өдрийн сонины сэтгүүлч П.Батзаяа, “Inews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа, “Snews.mn” сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа, “Itoim.mn” сайтын сэтгүүлч Н.Саруулдөл,  “UIH.mn” сайтын сэтгүүлч Б.Уянга, “Star” телевизийн сэтгүүлч З.Энхбаяр, “Live” телевизийн сэтгүүлч Б.Баярцэцэг, “Eguur.mn” сайтын сэтгүүлч Б.Бурмаа, “Zuv.mn” сайтын сэтгүүлч С.Гандэлгэр нарын олон сэтгүүлчид Улсын Их Хурлын даргын болон албан тушаалтнуудын танилцуулсан илтгэл, мэдээлэлтэй холбогдуулж олон нийтийн дунд эргэлзээтэй байдаг болон бусад асуудлаар асуулт асууж, харилцан ярилцлаа.


    Цуврал сургалтуудад бүрэн хамрагдсан зарим сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсов. “Niisleltimes.mn” сайтын сэтгүүлч Б.Түвшинтөгс Улсын Их Хурлын Тамгын газраас сэтгүүлчдэд зориулан цуврал сургалтууд зохион байгуулж буйд талархаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний харъяа байгууллагууд иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хамаатай чухал шийдвэрүүдийг гаргадаг учир тухайн шийдвэр, мэдээллийг олон нийтэд түгээдэг хэвлэлийнхэн мэдэх, мэдэхгүй зүйлээ тодруулж, илүү боловсруулсан, эргэлзээгүй мэдээлэлтэй болоход сургалтын ач холбогдол оршиж байгаа болов уу. Сэтгүүлч хүн мэдээлэл хомс, хагас хугас ойлголттой бол тэр хэмжэtгээр олон нийтэд буруу зөрүү мэдээлэл түгээх болно. Тиймээс өргөн хүрээний мэдлэг мэдээллээр өөрийгөө боловсруулах нь сэтгүүлч хүний үүрэг хэмээсэн.


    “Өдрийн сонин”-ы сэтгүүлч П.Батзаяа Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй сургалтуудад ач холбогдол өгч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид энгийн иргэдийн түвшинд мэдээлэл, ойлголттой байх юм бол нийгмийг зөв чиглүүлэх үүрэг нь гажуудна. Тиймээс салбар бүрийн үйл ажиллагааны талаар нарийн мэдлэг, ойлголттой болох нь их чухал санагддаг гэсэн.


    Тус сургалтын чиглүүлэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Энэ сургалтыг санаачилсан Улсын Их Хурлын даргын барьсан бас нэг чиглэл нь Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдээлэл, ойлголтыг зөв болгох, үүнийг нийгэмд мэдээлэл түгээдэг сэтгүүлчдээр дамжуулан хийе гэсэн санаа юм. Нөгөө талаар Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэдийн санаа бодлыг тусгахад, иргэдийн оролцоотой батлахад сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго чиглэсэн. Сургалтын зорилго тодорхой хэмжээгээр биелэгдлээ” хэмээн санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x