УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр /2022.04.05/ өргөн барилаа.

УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан.  Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/  талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг.

Гэвч Концессын тухай хууль нь концессын 7 төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, концессын уралдаант шалгаруулалт зэргийг түлхүү зохицуулсан хууль бөгөөд түншлэлийн таатай орчинг хууль зүйн хувьд хангалттай бүрдүүлээгүй, Төр хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал, түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түншлэлийн баталгаа зэрэг асуудлыг хангалттай зохицуулаагүй, институцийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо, харилцан уялдааг төдийлөн хангаж чадаагүй гэж хууль санаачлагчид үзжээ.  Түүнчлэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төсөв, санхүүгийн холбогдох томоохон хууль тогтоомжтой уялдаа холбоо сул байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тодотгов.

Уг хуулийн төслийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Мөн томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Сангийн яам Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран концессын хууль, эрх зүйн орчин, төсөвт үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал  болон холбогдох гэрээнүүдэд дүн шинжилгээ хийх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж тайлан, зөвлөмжүүдийг боловсруулсан байна. Эдгээр зөвлөмжүүдэд концессын хууль, эрх зүйн орчин, институцийн тогтолцоо, нарийвчилсан зохицуулалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцолж, концессын асуудал нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сул тал болж, цаашид улсын төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар онцгойлон анхааруулсан байна.

  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төсөлд  төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар ТХХТ-ийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ОУ-ын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x