ТӨСЛИЙН БАГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

 

            Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн.

 

Ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 01 ны өдөр Өвөрхангай аймагт  “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулах нөхцөл, боломжийг судалж, санал боловсруулах, Ерөнхий боловсролын 11 дүгээр ангийн сурагчид болон ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нарт “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг тус тус хийлээ.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах, ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Гончигдорж, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд оролцов. Зөвлөлдөх уулзалтыг нээж Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах үг хэлж, ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Гончигдорж ИТХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.


Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө, УИХ-ын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө болон  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд “Хууль тогтоомжийг сурталчлах туршилтын төв”-ийг байгуулах талаар мэдээлэл өгсөн бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга Парламентын боловсрол хөтөлбөрийн талаар танилцуулж, төслийн хүрээнд цаашид хийх ажлын талаар танилцуулав. 

 

Ажлын хэсэг “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгуулах боломжтой өрөө танхимтай танилцаж, тус танхимаар дамжуулан иргэдэд УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомжийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэж байх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x