Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

0


УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.01.31/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын гишүүд танхимаар болон цахимаар оролцсон юм.

Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар холбогдох төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед төсөлд тусгагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой шатлалаар нэмэгдүүлэхийг зарчмын хувьд дэмжиж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гаргах саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.  Үүнд:

1. Эрүүл мэнд, Онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах;

2. Улсын төсвөөс санхүүжин хэрэгжих зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг нийт 63.0 тэрбум төгрөгөөр бууруулах

3. Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэн хийхээр тооцож, уг санхүүжилтийг 30.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах саналуудыг гаргасан байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршил, хүчин чадал өөрчлөх болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн санал хураалгаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн хэмээн танилцуулав.

Нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ  
Үзсэн: 7
Mongolian National Broadcaster  





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x