Төрийн хүний шинж

0
  • Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр намаа хагалсан, алдаагаа төрд битгий халдаа гэсэн гарчигтай нэг мэдээг https://www.polit.mn/a/89353 сайтаас олж уншаад бодлоо бичлээ.
  • ҮАБЗ хуралдсан тухай юм билээ. Уул нь албан мэдээ л биш бол ҮАБЗ-ын хуралдааны тухай мэдээ алдагдах учиргүй. Төрийн нууцыг хамгаалах үүрэгтэй хэн нэг нь гарч ирээд л сүрхий дамжуулсан бололтой. Манайд улс төрийн зорилгоор төрийн нууц гэнэт дэлгэгдэж, хэн хаанаас алдсан нь олдохгүй замхардаг нь гэм биш зан болоод байгааг энд нуршаад яахав.
  • Энэ мэдээнд бичсэнчлэн яг ийм яриа өрнөсөн эсэхийг хэлж мэдэхгүй гэхдээ яг болсон явдал шиг, факт мэтээр бичсэн байгаа нь цэвэр тархи угаах зорилготой үйлдэл юм.
  • Миний сонирхол татсан зүйл нь дараах хэсэг:
    • Хурал эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурлын агуулгыг “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийе. СЕХ-г дуудъя. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэх утгаар танилцуулжээ.
    • Энэ талаар ҮАБЗ-ийн хоёр гишүүнийг үг хэлэхийг хүсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Алтанхуягийг бүртгэх болоод болж буй үйл явдлуудтай холбоотой асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
    • Тэрбээр “Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. А.Гансүх даргад нэг зүйл хэлье. Та намайг аавыгаа албаар мөргүүлсэн гэж онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн зүйлүүдийг ярьжээ.
    • Улмаар Л.Оюун-Эрдэнэ, А.Гансүх нар ам зөрж, Ерөнхийлөгч оролцсоноор хэрүүл маягийн юм болоод хувирсан байна.
    • Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын хагаралд Ц.Элбэгдорж бид хоёр ямар хамаатай юм бэ. Тэгж яривал та нар намайг Цэц дээр унагасан биз дээ гэсэн аж.
    • ҮАБЗ-ийн энэ “хурал” 40 орчим минут үргэлжлээд тодорхой шийдэлгүй таржээ.
  • Дахиад хэлэхэд ийм яриа өрнөсөн эсэх нь бүү мэд. Гэхдээ ийм мэдээний дор нь бөөн коммент явж байгаа бөгөөд мэдээний үнэн худлыг сонирхож байгаа хүн ганц ч алга.
  • Энд нэр дурдагдсан хүмүүсийг нэг хэсэг нь шударга шулуун, зоригтой дуугардаг гэх мэтээр учир зүггүй өргөмжлөн магтаж, харин өөр нэг хэсэг нь толгой түрүүгүй муулан, хараан зүхэж, гутаан доромжлож байгаа тухай ярих ч илүү биз.
  • Хөлсний бичээчдийн тухай биш, тэд ойлгомжтой. Талцан хуваагдсан бодит хүмүүсийн сэтгэгдэл нь сонин байгаа юм. Тэднийхээр бол Л.Оюун-эрдэнэ гэж өндөг шиг өөгүй нэг нөхөр тодорч байна. Угаасаа мэдээний агуулга нь түүнийг төвийлгөх, Х.Баттулга нарыг муухай харагдуулах зорилготой. Тэр зорилгодоо ч хүрсэн.
  • Энд өөр нэг асуудал яваад байгаа юм. Төрийн хүн, ялангуяа өндөр албан тушаалтан олны өмнө баатар, гэмтэн буруутан болж харагдах байдалд өөрийгөө хүргэхгүй, иймэрхүү асуудлыг ҮАБЗ оруулж хэлэлцүүлэхгүй байхаар төрийн ажлыг авч явах ухаан, чадвар, жудагтай байх ёстой.
  • Гэтэл манай дарга нар асуудал үүсгэж түймэр тавьчхаад дараа нь түүнийгээ баатарлагаар унтрааж буй жүжиг тавьж, түмний өмнө шившгээ тарьж байгаа нь надад гунигтай ичгүүртэй санагдаад байгаа юм.
  • Би хуучинсаг үзэлтээ байх гэхдээ миний үзэж байгаагаар асуудлыг урьдчилан харж, хурцдах байдалд хүргэлгүй, өмнө нь намжаан, шийдсэн бол жинхэнэ төрийн хүн, төрийн зүтгэлтэн мөн. Энэ тохиолдолд ҮАБЗ ч хуралдахгүй, асуудлыг урьдчилан хараад оч үсрэх, гал гарахаас нь өмнө шийдсэн хүн зурагт, хэвлэл, нийгмийн сүлжээний овоо хараанд орохгүй. Төвшин төрийн түшмэд ховор үзэгдэх ёстой. Томчууд зурагт, сонин хэвлэл, нийгмийн сүлжээгээр тасралтгүй үзэгдээд л байвал тэр хирээр төрийн ажил төрөл муу байна гэсэн хэрэг. Энэ бол маш энгийн бөгөөд найдвартай шалгуур.
  • Харамсалтай нь төрийн ажил гэхээс ямар ч аргаар хамаагүй олонд таалагдах сонирхол нь давамгайлсан хүмүүс төрийн өндөрлөгт гардаг болжээ.

Р.АМАРЖАРГАЛ

Монгол улсын Ерөнхий сайд асан

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x