“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 03 дугаарын тойм | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Эмхэтгэлийн шинэ дугаарт Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ.

Уг хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг хамгаалах, судалж ашиглах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Хууль 9 бүлэг, 31 зүйлтэй.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна.

Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгож сортын нөхөн үржихүйн үе шатаас хамааруулан цөм үр, торгон үр, баталгаажсан үр гэсэн ангилалтай байхаар тусгажээ.

Үр үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх баримт бичгийг таримлын төрлөөс хамааруулан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд үрийн тариалан эрхлэх талбайтай байх, тухайн таримал ургамлын онцлогт тохирсон техник, агуулах эсвэл талбайтай байх, мэргэшсэн агрономчтой байх нийтлэг шаардлагыг хангасан байхаар зохицуулсан аж.

Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэдэг байх  зохицуулалтыг тусгасан бөгөөд аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар шинээр нэмжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох стандартын шаардлага хангасан үрийг худалдах бөгөөд түүний сав, баглаа боодол, бичиг баримтад сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар тодорхой тусгасан байх шаардлагыг хангасан байна. Үрийг импортлох, экспортлоход холбогдох стандартын шаардлагыг хангасан, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичигтэй байх, сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх зэрэг шаардлагыг тус тус хангасан байна.

Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний бүртгэлийг хөтөлж албан ёсны цахим хуудсандаа байршуулах бөгөөд сортын үндэсний бүртгэл нь ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул, хамгаалагдсан гэсэн ангилалтай байна.

Сортын бүтээгчийн эрх олгох, хамгаалах зохицуулалтыг шинээр тусгасан. Сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортын материалыг ашиглан үр үйлдвэрлэх, худалдах, экспортлох, импортлох зэрэг үйл ажиллагаанд хамгаалагдсан сортын материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авах зэрэг сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээг тодорхойлсон ба сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байхаар зохицуулсан. Харин өөр сорт гаргаж авах туршилт хийх зэрэг ашгийн бус үйл ажиллагаанд сортын бүтээгчийн хамаарахгүй байхаар хуульчилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x