Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжихтэй холбогдуулаад 30 гаруй хууль, тогтоомжид өөрчлөлт орох шаардлагатай. Өнөөдөр Та бүхэнтэй уулзаж байгаа гол зорилго бол төрийн албаны шинэчлэлтэй холбоотой асуудал юм.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий биш. Үүнийг бид хэлбэрэлтгүй дагаж мөрдөж, өөрчлөлт, шинэчлэлтийг ард иргэдийн амьдралд хүргэх учиртай.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчдыг үндсэндээ таван хэсэгт ангилж болохоор болжээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн таван сарын хугацаанд уламжлалыг чухалд авч үзсэн. Хан төрийн долоон эрдэнийн хамгийн чухал “Түшмэл” эрдэнэ байдаг. Эзэн Богд Чингис хаан ч төрийн түшээдээ сонгож томилохдоо ах дүү, ураг төрлөө гэхээсээ илүүтэй үнэнч шударга, чинхүү сэтгэлтэй шадаруудаасаа сонгож, дэлхийн талыг эзэлсэн түүхтэй.
Энэ мэтчилэн Монголын болон Азийн төрт ёсны уламжлалаа дагах хэрэгтэй. Төрийн албаны шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.
Энэ бүхэнтэй уялдуулаад Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сүүлийн гурван жилийн турш хамтран боловсруулсан. Өнөөдөр Та бүхнээр хэлэлцүүлж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжиж эхэлсэн эхний алхам болно.