“Төв Ази-Хятад” чуулган DNN.mn

0


Казахстанд 2013 онд айлчилсан Хятад улсын дарга Си Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах санаачилгаа анх танилцуулж, түүнийг нь хамгийн түрүүнд Төв Азийн улсууд дэмжиж байснаас хойш даруй 10 жил өнгөрчээ.

Энэхүү санаачилга нь Ази, Европыг холбох асар өндөр өртөгтэй дэд бүтцийг барьж байгуулахаас эхлээд улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал чөлөөтэй тээвэрлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон талт хөгжлийн стратеги төлөвлөгөө байсан юм. Өнөөдөр “Бүс ба зам” нэртэй болсон уг мега төслийг хэрэгжүүлснээр 1. Хятад-Төв Ази-Орос-Европ, 2. Хятад-Төв ба Баруун Ази-Персийн булан ба Газрын Дундад тэнгис, 3. Хятад-Зүүн Өмнөд Ази-Өмнөд Ази-Энэтхэгийн далай гэсэн гурван чиглэлд эдийн засгийн коридор бий болох юм. Эдгээр гурван коридорын хоёр нь Төв Азийн улсуудын нутгаар дайран өнгөрч байгаа юм. Төв Азийн эдгээр улс нь ихэвчлэн далайд гарцгүй бөгөөд дэд бүтцийн хөгжил нь харьцангуй сул байгаа билээ. Энэхүү хоёр коридор бий болсноор ачаа бараа Хятадаас Европт ердөө 10-хан хоногийн дотор хүргэх боломжтой болох бөгөөд одоогоор уг чиглэлд далайгаар чингэлэгтэй ачаа тээвэрлэхэд 45-60 хоногийн хугацаа шаардагдаж байгаа.

“Бүс ба зам” мега төсөл эхлээд цар тахал, дараа нь Орос-Украины дайны улмаас эрч нь саараад байв. Иймээс уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг Хятадын Шэнси мужийн засаг захиргааны төв Сианы “Төв Ази-Хятад” чуулганаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэхүү чуулга уулзалт анх удаа болж байгаа бөгөөд Сианы саммитын хуралдааныг Хятадын удирдагч Си Жиньпин даргалж, түүнд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиеев нар оролцжээ. Уг чуулган болох газраар Хятадын эртний нийслэл Шиан хотыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь, 2200 орчим жилийн өмнө оршин тогтнож байсан Хань улсын нийслэл болох тус хотоос “Торгоны зам” эхэлж, худалдаачид Ром хот хүртэл аялж байсан гэдэг. Тухайн үед Баруун Хань улсын хааны элч Жан Чян гэдэг хүн бүс нутгийн орнуудтай худалдааны харилцаа тогтоох зорилгоор Дундад Азид хоёр ч удаа очиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн эдгээр улсын тээвэр, дэд бүтцийн салбаруудад 2023 оны эхний байдлаар 15 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа бол талуудын хоорондын бараа эргэлт 70.2 тэрбум долларт хүрээд байна. БНХАУ-ын Төв Азийн орнуудтай хийсэн худалдаа 2022 онд 70 тэрбум ам.долларт хүрч, 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар нэмэгдсэн байна. Мөн Хятадын компаниудын гадаадад хийж буй хөрөнгө оруулалтын 20 орчим хувь нь Төв Азийн улсуудад ногдож байна. Төв Азийн эдгээр улсын дотроос газар зүйн хувьд хамгийн ашигтай байрлал бүхий Казахстан улсад Хятадын компаниуд хамгийн ихээр хөрөнгө оруулжээ. Тухайлбал, Казахстаны дэд бүтцийг хөгжүүлэх “Саруул зам” төслийн хүрээнд Хятадын тал 20 гаруй тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгөөр Каспийн тэнгисийн боомтуудыг өргөтгөн сайжруулж, авто ба төмөр замуудыг барьж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр байгуулах юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудын байдал тогтворгүйтэх аваас дээрх их хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлд орно гэдгээс Хятадын тал маш их болгоомжилдог юм. Иймээс Хятадын удирдагч Си Жиньпин Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг тус тусад нь хүлээн авч уулзан хамтран ажиллах тодорхой тохиролцоонд хүрсэн бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгийн төрийн тэргүүнүүдтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа төгсгөлд Хятад, Төв Азийн орнуудыг худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн нээхийг уриалсан байна. “Бүс ба Зам” бол Си Жиньпин даргын хувьд түүний геополитикийг тодорхойлогч төсөл бөгөөд Бээжин хамтын ажиллагаагаа дахин эхлүүлж, Украины дайны улмаас орхигдоод буй ОХУ-ын орон зайг нөхөх сонирхолтой байгаа нь тодорхой болов. Учир нь Бээжин бүс нутагт тээврийн харилцаагаа өргөжүүлэхийг зорьж, Төв Ази-Хятадын байгалийн хийн хоолойг өргөтгөх ажлыг түргэтгэхийн төлөө ажиллана гэдгээ дэлхий хийтэд зарлав. Мөн эдгээр улсад 26 тэрбум юань буюу 3.7 тэрбум ам.долларын “санхүүгийн дэмжлэг болон үнэ төлбөргүй тусламж” үзүүлэхээ амлаад байна.

Москва Украин руу довтолсон нь Хятадад Төв Азид илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг олгосон явдал болоод байгаа билээ.

Г.АМАРСАНАА





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x