Түр хорооны хуралдаанаар коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2022.03.15) хуралдав. 


    Хуралдаан 14.10 цагт ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. 


    Хуралдаанд оролцсон гишүүдэд эхлээд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл хийлээ. Манай улсад 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас барсан бөгөөд нас барагсдын 1677 нь архаг суурь өвчтэй байсан ба архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг Шадар сайд тэмдэглэв. 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт хүн амын 69.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 66.8 хувь хоёрдугаар тунд, 31.6 хувь гуравдугаар тунд хамрагджээ. Шадар сайд мөн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх талаар хийсэн ажил болон санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.  


    Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр, омикроны халдварын тохиолдлын тоо ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дийлэнх бүс нутагт 5-8 хувиар буурч бүртгэгдсэн бол номхон далайн баруун бүсэд 46 хувь өссөн. Энэхүү өсөлт БНСУ, БНХАУ (Хонконг-Шэнжян) зэрэг улсуудад бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа Хятадын өмнөд хэсгээс хойд хэсэг рүүгээ тархах эрсдэлтэй хэмээн мэдээллээ. Мөн ДЭМБ аюултай анхаарал татах хувилбар буюу халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн талаар болон улс орнууд ирэх өвөл томоохон давалгаа үүсэх магадлалтай гэж тооцон эрсдэлт бүлгийн иргэдээ нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөж буй тухай мэдээлэл өглөө. 

    Манай улсын хувьд өнгөрсөн хоногийн байдлаар коронавирусийн халдвар авсан иргэн орон нутагт 17,  нийслэлд 80 бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн сайд мөн мэдээлэлдээ томуу төст вирус эргэлт буюу орчилд байгаа бөгөөд гурван аймагт дэгдэлт, зургаан аймаг идэвхжлийн түвшинд, нийслэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Менингококкын нөхцөл байдлын тухайд он гарсаар нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд менингококкоор өвдсөн. 0-5 насны хүүхдүүд эрсдэлтэй ба шүлсээр, амьсгалын замаар халдварладаг. 1-5 дугаар саруудад дэгдэлт гардаг гэв. 




    Дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэллээ. 

  Төгсгөлд нь Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр коронавирусийн шинэ хувилбарын тандалт хийх лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, коронавирусаар өвдсөн хүмүүсийг зохих эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр дэлхийн чиг хандлагыг судалж, тодорхой бодлого хэрэгжүүлэх, шинэ хувилбар гарч болзошгүй учир эрсдэлд үргэлж бэлэн байж, хүн, хүчний нөөцөө бүрдүүлэх,  коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн  дүнд аудит хийж дууссанаар, дүнг Улсын Их Хуралд танилцуулах зэрэгт анхаарч ажиллахыг чиглэл болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x