Тогтворжуулах гэрчилгээ гэж юу вэ? 

0


“МЭ-Товч тайлбар” цуврал энэ удаа “Тогтворжуулах гэрчилгээ” гэж юу болох, ач холбогдол, хүчинтэй хугацааны талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Тогтворжуулах гэрчилгээ гэдэг нь хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд ААН-ийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ юм.

Тогтворжуулах гэрчилгээг хөрөнгө оруулалт татаж буй хуулийн этгээдэд, харин хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол толгой компанид нь олгодог. Уг гэрчилгээ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5-18 жилийн хугацаанд тогтвортой байлгах баталгаа юм.

Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй хугацаа нь хөрөнгө оруулалтын хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй байдаг.

Тодруулбал, 30-100 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ААН-д 5-8 жил, 100-300 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ААН-д 8-11 жил, 300-500 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ААН-д 10-13 жилээр, 500-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ААН-д 15-18 жилийн хугацаатай олгоно.

Практик жишээ: Хөрөнгө оруулалтын зөвлөлийн дүгнэлт болон Үндэсний хөгжлийн газрын даргын тушаалаар “Интернейшнл Медикал Сентер” ХХК буюу Интермед эмнэлэгт  “Тогтворжуулах гэрчилгээ”-г 2016 онд олгож байжээ. Тус эмнэлэгт татварын хувь, хэмжээг бууруулах, татвараас чөлөөлөх асуудлаас илүүтэйгээр хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэлх хугацаанд татварын хувь хэмжээ тогтвортой байсан нь томоохон дэмжлэг болж чаджээ. Мөн 2016 онд тус гэрчилгээг “Сайншанд салхин парк” ХХК, “Клин-Энержи Ази” ХХК зэрэг компани авч байжээ.

Анхаарах: Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулдаггүй.

 

Цувралын эхний нийтлэл – Тогтворжуулсан татвар гэж юу вэ?

Цувралын хоёр дахь нийтлэл – Монгол Улс хөрөнгө оруулалтын ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x