С.Энхболд: Ирэх долоо хоногоос 12-15 насны хүүхдүүдэд Пфайзер вакцин хийнэ

0

С.Энхболд: 12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинжуулна

УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ хуулийн өнөөдрийг хүртэлх хэрэгжилтийг нь хэлэлцвэл яасан юм бэ. Энэ хуулиар маш их эрх мэдлийг Засгийн газарт өгч байгаа. Жил гаруй болчихлоо. Сунгахаас өмнө хэрэгжилтийнх нь талаар хэлэлцэх санал байна. Ковидын эм Эрүүл мэндийн даатгалд орсон нь сайн байна. Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн вакцинжуулалт яах ёстой вэ. Хүүхдүүдийн вакцин хэзээ ирнэ гэсэн төсөөлөлтэй байгаа вэ. 2022 оны вакцинаа хөөцөлдөж байгаа вэ. 3 дахь тун хийнэ гэж яриад байна. БНХАУ-ын вакцин 6 сар хамгаалах юм шиг байгаа юм. Одоо бараг эхнээсээ хугацаа нь дуусаад дараагийнх нь хийх ёстой юм шиг байна. Энэ бэлтгэлийг хийж байгаа юу?

Эрүүл мэнд С.Энхболд:  Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт эхэлсэн. Манай улс 2.5 сая Пфайзер вакцин авах гэрээ хийгээд эхний татан авалтууд хийсэн. Пфайзер вакцин 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл өгсөн. 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх 7 хоногоос вакцинжуулж эхэлнэ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: МХАҮТ-ийн судалгаагаар нэгдүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оноос хойш 548 мянган ажлын байр эрсдэлд өртсөн. Энэ хуулиар Засгийн газарт төсвийн олон эрх олгосон. 2020 онд цар тахалтай тэмцэхэд 4.8 их наяд буюу төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх төсөв зарцуулсан байна. Вакцинжуулалтын үр нөлөө яагаад гарахгүй байна вэ. Энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг хэрэгжилтийг сонсохыг хүсч байна. Засгийн газар ЭМДС-ийн хөрөнгийг зарцуулах эрх авахыг хүссэн байна. Сангийн хөрөнгийг зарцуулах асуудлыг хуульчлах ёстой гэж бодож байна.

Шадар сайд С.Амарсайхан: Хуулийн хэрэгжилтийг байнгын хороо болон түр хороон дээр байнга танилцуулж явж байгаа. Үүнийг нууж, хаагаад байсан зүйл байхгүй. Олон нийт, их хуралд бүгд нээлттэй байгаа. Байнга сонсож ирсэн хэрэгжилтийг дахиад сонсох, эсэх нь УИХ-ын асуудал. Өмнө нь ямар мэдээлэл өгч байсан түүнийгээ л өгнө. Цаг хугацаатай уралдсан шийдвэрүүдийг Засгийн газар, ЭМЯ, УОК гаргаж ажиллаж байна. Хөрөнгийн зарцуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ил тод нээлттэй байгаа. Энэ хуулийн үйлчлэл зургадугаар сарын 30-аар дуусна. Тиймээс хугацааг сунгах, зарим нэг зүйл заалтад өөрчлөлт оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би энэ хуулийг он дуустал сунгахыг дэмжихгүй байгаа. Засгийн газарт энэ хууль үйлчилсэн жилийн хугацаанд эрх мэдэл дутаагүй. Төр иргэн итгэлцэж байж ковидыг ялна. Яг одоо иргэд төрдөө итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэлийг алдсан байна. Энэ улам цаашаа даамжраад байна. ЭМДС-гийн мөнгийг Засгийн газар журам гаргаж зарцуулах гэж байгаа юм уу. Энэ хэрхэвч байж болохгүй. НД-ын чөлөөлөлтөөр НДС-аас нэг их наядыг зарцуулчихсан байгаа. Одоо үүнийг Засгийн газар мөнгөжүүлэх боломж байхгүй. НДС-д өртэй байгаа шүү. Одоо ЭМДС-гийн мөнгийг туух гэж байна. Энэ бол Засгийн газрын дураараа мэддэг мөнгө огт биш. Иргэдийн ирээдүйдээ хадгалж байгаа мөнгө. Иргэдээс асуухгүйгээр ийм шийдвэр гаргахыг зөвшөөрч болохгүй.

Шадар сайд С.Амарсайхан: Ковидын хуулийг сунгахгүй гэж байна. Сунгах, үгүй нь УИХ-ын эрхийн асуудал. Гэхдээ сунгахгүйгээр цаашаа ковидтой тэмцэх Засгийн газрын асуудал хязгаарлагдмал болно шүү. Засгийн газрын 40 тэрбум төгрөг яагаад дууссан, үүнийг юунд зарцуулсан бэ гэдгийг асуугаад байх шиг байна. Энэ бүх мөнгө жил хагасын хугацаанд халдвартай тэмцэх эм тариа, ор дэр, ажилтан албан хаагчдын илүү цагийн цалин хөлс энэ бүхэнд зарцуулсан. Өвдсөн үед нь иргэддээ ЭМДС-гийн мөнгийг зарцуулахгүй бол энэ сан байх хэрэг юу байгаа юм бэ. Энэ эрхийг нь ЭМЯ-нд нь өгөх гээд байгаа. Ингээд гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x