СҮНС АМЖАРДАГГҮЙ БУЮУ “БААТАР АЙСУЙ”

0
-Их ойгоор эрэлхэг эх оронч Ч. Шаарийбууд Монгол Улсын баатар цол нэхэж олгохсон-
До.ЦЭНДЖАВ
Монголын сэтгүүлзүйн шударга, тулхтай, өөрийн гэсэн замналын түүхтэй радиогийн ахмад сэтгүүлч Лувсандоогийн Гүнсэн абугайн “Баатар айсуй” номыг саяхан уншаад дайчин баатар эр эх орныхоо төлөө эцсийн цусаа юүлтэл тулалдаж, баларшгүй гавьяа байгуулсан атлаа өдий 80-аад жилийн турш яагаад гавьяа нь эргэж ирдэггүй юм бэ? яагаад өдий болтол эх орноо урвагч гэсэн хамгийн адгийн муухайгийн муухай хар данснаас хасагдаагүй мэт явж ирсэн юм бэ? гэдэг бухимдлаа өөрөөсөө болоод бусдаас чанга дуугаар асуумаар санагдлаа. Гүнсэн гуай бол манай урд өмнөх ахмад үеийнхний адилаар шалдир юмтай орооцолддогүй, шалидар юмны хойноос чаргуулддаггүй хуучин цагийн сэхээтэн. Энэ ертөнцийд төрсөн хүн гээч амьтны шороо хөдөлгөсөн амьдралд хамгийн үзэшгүй муухай, хамгийн хар аймшиг бол урвагч… эх орноосоо урвагч, дайсанд урвасан гэх үг зүрхийг химлэх адгийн адаг шийтгэл гэдэгтээ та ч нийлнэ. Одоо гүжир үгэнд долингоршиж байна, тоохоо ч болих нь ээ. Үүнээс бусад ямар ч доромжлол, гүтгэлгэ энэ үг өвдөг дор унана. Тэгээд л тангараг мэт өрөөлийн өмнөөс өөртөө ийм ял үүрсэн юм шиг зүтгэж тэмцсэн өвгөн сэтгүүлчийн өмнөөс үзгээ шүүрлээ, дуугүй байх нь нүгэл мэт надад санагдав. Иргэн хүний үүрэг ч гэж бодлоо. Үнэ цэнгүй үхэл ч гэж бий, үеийн үед мартагдашгүй үхэл ч гэж бий. Халуун амь тасравч ч сүнс амжирдаггүй байх, бодит ахуйгаас бодит бус руу, таашгүйгээс таашгүйн хана руу хэн ч нэвтэрч үл чадна. Тийм л гэж бодов.
Өнгөрсөнийг өнөөдөр таашгүй, бас тааж дэнсэлж болно. Тэр үеийн армийн дивиз гэдгийг би бас гадарланаа. Хороо биш шүү, түүний дотор нь байдаг том амьд бүрэлдэхүүн. Маршал Х.Чойбалсан түгшүүрт дайны үед утсаа залгаад 6,8-р гэх хоёрхон дивизийн командлагчидтай ярина уу гэхээс юун хороо…Гэхдээ хороо гэдэг юу байдгийг алдарт Дандарбаатрын 17-р морьт хороо харуулсан. Ийм л юм… “16-р морьт дивизийн дарга Шаарийбуу” гэх хар цагаан сүлэлдсэн домгийг 80-аад жилийн турш сонслоо. Одоо цэглээд нэг тийш болгоё. Дивизийн командлагч Шаарийбууг дайсны талд урвагч байжээ гээд шуудхан зарлачих…эсвээс жинхэнэ эх оронч, гарамгай командлагч байжээ…Явган дэл сул ярианд төр хүртэл итгэж өдий хүрчээ гээд түүнд Улсын баатар цолыг нэхэн олговол түүхийн цагаан хуудсыг нэг тийшээ болгохсон. Үе, үеийг Ерөнхийлөгчид зарлигдаж баталгуулаажаагүй болохоор цэргийн нэрт дарга дайчин эх оронч Шаарийбууг цэргийн гэмтэн гэж тооцсоор байна.
1989 оны намар тэр үеийн “Нэгдэлчин” зочид буудалд Халхын голын ялалтын 50 жилийн ойд уригдаж ирсэн баахан одон медальтай ахмад дайчид “буу халахыг” хажуугаас сонссон. “Тэр улсын баатар болох ёстой, энэ бишээ” гээд ёстой чих сонсдоггүй, тэнгэр сонсдог гэх шиг “цуурсан”. Тэгэхэд Шаарийбууг хэн ч дурсаагүй, дандаа л амьд хүмүүсийг…арай л өөрсдийгөө яриагүй байгаа даа. Сүнс гэж юу байдгийг шинжлэх ухаан нотолсон, харин яаж шархирч зовж зүддэгийг шинжлэх ухаан ч нотлоогүй. Харин монголчууд оюун санаагааараа нээсэн, “Бурхан болоочдын ясыг бүү өндөлзүүл” гэдгээр…Энэ бол нүүдэлчин ухааны далд нээлт…хэн ч таашгүй. 80 жил…нүдүүлсэн…магтуулсан…Шаарийбуу баатрын сүнс мөхөөгүй…алга болоогүй…Сүнс мөнх настай гэдэг…Монгол төрийн алтан соёмбо дор амьдарч байгаа байх шүү. Ганц тэр хүн ч биш, төрөлх нутаг усныхан… ахмад дайчид… цөөхөөн сурвалжлагч…цэргийн сэтгүүлч Ц. Түдэв агсан…одоо учрыг мэдэх нь алга болцгоожээ… ахмад үеийн цэргийн түүх судлаачдын сүнс ч амаржина. Баримтыг хэн үнэнээр нь хэлж чаддаг юм бэ? гэвэл ерөөс дэргэд нь хамт амьдарч, хамт баярлаж, хорсож атаархаж байсан тэр хүмүүс…Одоо хэнд итгэх вэ? Тэр үеийн Ерөнхий сайд, Цэргийн яамны сайд, шалгарсан гарамгай хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсанд итгэхгүй байхын аргагүй баймаар.. Маршалын 1939 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 76-р тушаалд “Тамсагбулагийн 6 дугаар дивизийн дарга Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэн байлдан байгаад энэ байлдааны хүрээлэлд хорт дайсан японы эзэрхэг түрэмгий нарын суманд дайрагдан амиа алдсан…” гэсэн үгийг тэр үед үс хийссэн ч юун үс хаанаас, яагаад юув? гэж сэжиглэдэг, танаддаг, мөрддөг, мөшгөдөг байсан тэр л хүмүүсийн толгой дээр заларч байсан их удирдагчийн энэ тушаал албаных биш гэж үү? “Ярьсан нь замхарч, бичсэн нь үлддэг” нь ёс…
Алдарт Тамбовын морьт цэргийн сургуульд хамт суралцаж байсан, 6-р дивизийн бүрэлдэхүүнд багтаж байсан мөнөөх алдарт 17 дугаар морьт хорооны дарга Шаарийбууг амь эрсэдсэний дараа дивизийн даргын тушаалыг авсан Л.Дандар баатар “Ч.Шаарийбуу эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан хүн. Түүнд баатар цол нөхөж олгох ёстой” үг нь энэхүү “Баатар айсуй” номын хуудсанд үлдсэн байх юм. Энэхүү дивизийн бүрэлдэхүүн хороод мөр зэрэгцэн тулалдаж явсан сүүлд Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайтай хэсэгхэн дотносож байхдаа, “Манайдаа л хамгийн том дивиз гэдэг цэргийн бие бүрэлдэхүүнийг захирагч Шаарийбуу чинь урвагч юм бол бараг л мөнөөх Оросын Власов генералтай адилхан юм биш үү? гэж жаахан тавьтиргүй албан бус хувийн юм асуухад, эгдүүцээд ямар юмных нь дайсан…урвагч…ор үндэсгүй цуурхал…наадах чинь хонзон санасан юмуу? ер нь яах зорилготой байсан нь мэдэхгүй огт учир утгагүй хортой яриа…гүтгэлгэ…Ер нь дайны үед янз янзын юм болноо, би гэхэд л Дандарт хоёр ч удаа буудуулах шахсан хүн, дайнд ялсан, тэгээд бүгдээрээ л нэг үеийн хориод насны залуус онгирч омогшино шүү дээ. Шаарийбуугаа би мэдэхийн дээдээр мэднээ. Их төлөв түвшин хүн…нэр сайтай…эгзэгтэй үед хатуухан захиргаа тушаалтай л дарга, тийм байхаас ч аргагүй. Би Шаарийбуугийн цогцсыг хайж олох үүрэг хүлээгээд, хэдэн цэргийн хамт эрсэн. Газар орны байдлыг үзэхэд ганцаараа баатарлагаар тэмцэж байгаад олон газраараа шарх авч амь үрэгдсэн нь хэн ч харсан илэрхий байсан. Сэтгүүлч та нар, та өөрөө (Ахмад үеийнхэн залуу хүнийг ч Та гэх нь бий. До.Ц) бичих л хэрэгтэй гэж байсан. Энэ номонд нэг хөөрхөн үг байна лээ. “Ламын нохой туулайд нэмэргүй” гэж…Би Гүнсэн гуайн өмнүүр ороод юу шалихав…харин гэхдээ энэ номын тухайд, тэрхүү баатар эрийн тухайд үг нэмэрлэх гэсэн маань энэ.
Миний л мэдэхийн Гүнсэн гуай олон жилийн турш үнэн мөнийг олж тогтоохын төлөө зүтгэж, азаар тэр үеийн цэргийн дарга, зүтгэлтнүүдийг амьд ахуйд нь уулзаж учирч ярьж хөөрч хөдөлшгүй баримтаар баталж, нотолж, радио нэвтрүүлэг, баримтат кино, сурвалжлага тэмдэглэл олныг бичиж, “Шаарийбуу судлаач” болтлоо нэршсэнийг олон хүн мэднэ, одоо мэддэг нь ч ховордож байна. Олон хүн судалж үгээ хэлсний дотор МУИС-ийн багш түүхийн ухааны доктор Л.Чулуунбаатар эрдэм шинжилгээний нарийн судалгаа хийсэн юм. “Том сэтгүүлзүйд ажиллахад томчуудтай уулздаг” Юмны зах сэжүүрээс барьж аваад эрэн сурвалжилж, баримтыг шинжилж дүгнэнэ гэдэг бол сэтгүүлчийн гавьяа мөн. “Баатар айсуй” ном бол тэр чигээрээ амьд гэрч, амьд баримт юм байна. Дивизийн дарга Шаарийбуу тэгээд ямар гавьяа байгуулсан хүн бэ? Энэ асуултад хамгийн сайн мэдэх, хамт мөр зэрэгцээд тулалдаж явсан, хамт алба хааж байсан хүмүүс амьд ахуйдаа түүний тухай “Жинхэнэ баатар эр байсан юм шүү. Тэр баатар цолыг нь нэхэж олгох ёстой” гэсэн үгээ цаасан дээр, дэлгэц дээр хэлчихээд цувраад, цувраад бурхны орон руу ханараад өгчээ, гэвч баримт үлдсэн.
Чухам юу болсон юм бэ? гэвэл 1939 оны тавдугаар ссрын 11, 12-нд Халхын голын цаахнааас Номон хаан, Бүрд-Овооны орчимд байрлаж байсан япон баргын цэргийн том хүч гэнэт довтолсноор Халхын голын зарлаагүй дайсныг эхлүүлсэн байна. Үүнийг баримтаар хэлье. Нэн хариуцлагатай, нэг алдсан үг, үсгээс болоод хариуцлага хүлээдэг хяналттай үеийн “Москва Планета хэвлэлийн газар, Улаанбаатар улсын Хэвлэлийн газраас 1989 онд гарсан “Халхын гол- 1939” гэсэн зурагт судалгааны номонд “…БНМАУ-ыг хил хязгаарыг байн байн зөрчиж байснаа 1939 оны тавдугаар сарын 12-нд их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн 500 шахам морьт цэргийн хүчээр БНМАУ-ын нутагт Номунхан, Бүрд-Овооны чиглэлээр цөмрөн орж, Халхын голын зарлаагүй дайн эхэлсэн юм” гэж бичсэн байна. Тэр үеийн ЗХУ-д хилийн Брест хот руу фашист Герман дайн зарлалгүй довтолсон үнэн түүх бичигдсэн бол хошууч Шаарийбуугийн дивиз Халхын голын зарлаагүй дайны эхний түүхийн хуудас болжээ. Энэ тулгуур баримтат номыг бичсэн “Правда” сонины монгол дахь сурвалжлагч А.Кривел гуайг ахмад сэтгүүлчид андахгүй…монголчуудад дотно нөхөрсөг, манай орныг үргэлжид сайн сайхнаар сурталчилсан нөхөрсөг…их зүйлийг бүтээсэн сурвалжлагч байсныг хөөрхийг өнөөдөр дурсья, он цагууд жирэлзэн өнгөрчээ.
Зөвлөлтийн цэргийн нэмэгдэл хүч Халхын голд ирж амжаагүй байсан болохоор монгол цэргүүд япончуудын цэрэг, зэвсгийн хүчээр хэд дахин илүү дайсны өөдөөс улаан халз ширүүн тулалдлаа. Хэд хэдэн улсын баатар төрсөн энэ өдрүүдийн байлдаан шиг том тулалдаан Халхын голд болоогүй гэж зарим нь үздэгийг цэргийн түүхчид ялгаруулдаг байлгүй. Тэр үеийн дарга нарын дурсамжаар японы цэргүүд газар хөдөлж байгаа юм шиг харагдсан гэсэн яриа ямархуу хүч байсан талаар тархинд бууж байгаа биз. Үүнд гучаадхан настай дивизийн дарга Шаарийбуугийн хурц шаламгай, ончтой шийдвэр гаргадаг цэрэг командлах урлаг авьяас гайхалтайгаар илэрсэн гэж хожмоо ахмадууд ярьцгаадаг. Яасан бэ? гэхлээр тагнуул гаргаж, дайсны байрлал, хүч, хаана нь нимгэн, хаана нь зузаан, сиймхий зай завсар, газрын байрлалын давуу болон дутагдалтай талыг цэргийн газар зураг дээр айхтар нарийн судлаад, 17–р морьт хороог баруун гар талд, 15-р морьт хороог зүүн гар талд, их бууны ангийг голд байрлуулан түүний удирдлагаар өөдөөс нь их буу, хуягт ангиудын хүчтэй бөөн галыг нээж, дараагаар нь морьт ангиудаар довтолж, япон-манжийн 200 гаруй цэргийг устган довтолгоог няцаажээ. Бас үлэмжхэн зэвсэг, байлдааны хэрэгслийг олзолсон байна. Гэвч япончууд цэргийн хэт давуу хүчээр 6 дугаар дивизийг бүсэлжээ. Хүндэрсэн үед Шаарийбуу орос сургагч Васильевийн хамт салаа салбарын хооронд цавьдир мориор давхин тушаал өгч, тэр ч бүү хэл өөрөө их буун дээр хүртэл харайн очоод, өөрөө буудаж байхыг харсан хүн ч байна. Гайхалтай мэргэн бууч байжээ. Ахмад дайчин, эвлэлийн дарга З.Төгсжаргал (УИХ-ын гишүүн асан Т.Гандийн аав До.Ц) дивизийн даргыгаа элдэв муу муухай гүтгэлгэ, цуу ярианаас хамгаалж, гүтгэлгийг цагаатгах, улсын баатар цол нэхэн олгуулах талаар маш зүтгэл чармайлт гаргасныг эл номноос мэдэв. Тэр дайчин дурсахдаа, “Миний бие дивизийн даргынхаа мэргэн буучийн талаар ганцхан жишээ дурьдахад, өглөө 17 дайсныг нэг дор устгаад үд хавьд надтай хамт байхдаа 10 дайсныг түргэн зуур устгаж байсан даа” гэжээ. Н.Лэгшид гэх байлдагч “Шаарийбуу дарга лав хорь гаруй гучаад дайсан устгасан” гэж давхар баталжээ. Дайн бол дайн…цэрэг бол цэрэг…өчигдөр зэвсэг барин дайтаж, өнөөдөр цэцэг барин андална.
Ч. Шаарийбуу штабыг хамгаалж байсан сургууль суманг удирдан дайсныг түрэлтийг өдөржин тулалдаж давшилтыг няцаажээ. “Бид бүслэлтийг сэтэлж чадлаа. Би штаб руу яаралтай очиж, араас хүч нэмэгдүүлэх талаар холбоо барьж, сум хэрэглэл ирүүлэх арга хэмжээ авна. Дайсан дахин дайрна, эцсээ хүртэл хамгаал” гэж хэлээд явсан нь хожмын гавьяа болоод гүтгэлгийн муухай хэл ам, ял оногджээ. Дивизийн дарга энэ хооронд хэд хоногоор яасан нь мэдэгдэхгүй хэл чимээгүй алга болсон нь үргэлж л сэжиг таамаг үүсгэж хүний гишгэсэн мөр бүрийг шиншилж явдаг дотоод яамныхан сэжиглэж, цэргүүдээ орхин дайсны талд урвасан гэсэн сэжиг таамаг гаргаж амжсан бололтой. Хамгийг удирдагч, нөмөр нөөлөг, цэрэг дайчдын бахархал болсон дивизийнхээ даргыг яав? гэх нь маргаангүй. Баахан эрэл сурал, хэл ам болсоны дараа 5,6 хоногийн дараа отож байсан дайснуудтай эрэлхэгээр тулалдаж, арваад газраа шарх олж алтан амиа алдсан танигдахгүй шахам болсон шарилыг олж, цэрэг даргагүй ихэд гашуудан, төв рүүгээ даруй мэдэгдэн Тамсагбулагийн хойт талд Түмэн-Өлзий овоонд хүндэтгэн оршуулжээ.
Жирийн дайчид хүртэл түүнд хир халдаадаггүй эрэлхэг гавьяаг дурссаар, ийм хүн баатар болох ёстой гэж олон жил хөөцөлджээ. “Тэнэсэн үг, тэнэсэн сумаас ч илүү осолтой”, ямар ч баталгаа, нотолгоогүй дам дамын цуу үгийг бүр хойно Халхын голын ялалтын 4О жилийн ойг тохиолдуулан хийсэн ахмад дайчдын уулзалт дээр Ж. Осор гэх хүн “Шаарийбуу тавдугаар сарын 28-ны өдрийн тулалдаанд дайсанд урвах гэж дивизээ орхиж яваад орос сургагч Васильев буудуулсан” гээд хэлчихжээ. Ам нь халсан уу? яасан…Бас болоогүй тэр хүн хэлсэн үгээ өөрөөсөө займруулж, бага даргын сумангийнхан тэр ялт хар өдөр болох 28-ны орой унтаж байгаад дайсны тагнуулуудад хоолойгоо огтлуулсан гэж 15-р хорооны байлдааны ангийн дарга Пүрэв надад ярьсан” гээд аваад хаячихжээ. “Үг алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг нь энэ. Харин энэ гүтгэлгийг тэр дор нь няцааж, “Тэр таны хоолойгоо огтлуулсан гээд байгаа хүмүүсийн нэг нь би байна” гэж уулзалтад оролцсон ахмад дайчин З.Төгсжаргал эрэмгий зоригтойгоор босч ирээд эрс уурсан няцаасан байх юм. Энэ Ж. Осор гээч хүн бол жирийн ч хүн биш, 6-р дивизийн байлдааны ангийн дарга байсан, сүүлд Жуковын музейн анхны эрхлэгч ч байсан тэр ахмад дайчин мөн болов уу? гэж таамаглаж байна. Үхсэн хүн гэнэт босоод “Би урваагүй ээ” гэж чангаар хашгирч чадахгүйгээс хойш ганцхан энэ үгийн гайгаар Шаарийбуу гэгч дайчин эр “Эх орноосоо урвасан, японы талд урвахаар явсан” гэсэн санаатай санаандгүй бузар булай гүтгэлгэ өнөө хүртэл үргэлжилж, баатар эрийн “ясыг өндөлзүүлж, сүнсийг тарчилгажээ”
Тэр үед бүхэл бүтэн том дивизийн дарга сураггүй болоход хүн бүгд л гайхаж, өөр хоорондоо элдэв таамаг гаргасан байж таарна. Сул амтайчууд, “Түүнийг японд урвахаар явж байхад нь орос сургагч Васильев буудчихсан юм байна. Японтой нийлэхээр оргож явжээ” гэж нэрлэгдэн алтан бие нь байтугай сүнс нь хэлмэгдсэн цэрэг эрийн түүхийн үнэн мөнийг олох гэж сэтгүүлч Лувсандоогийн Гүнсэн бараг л амьралынхаа тал хувийг зарсныг, зарж явааг мэдэх нь цөөнгүй, мэдэхгүй нь хамаагүй олон байх. “Сүүлчийн Могикан” гэдэг шиг эл сэтгүүлч шиг мэдэх, ярих хүн одоо нэгэнт алга болжээ. Тэр сэтгүүлч амьдралынхаа туршид эрж хайж, олон амьд гэрчүүдтэй уулзаж баримтжуулан “Даравч дарагдахгүй гавьяа” баримтат кино хийж, “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартах учиргүй” радио найруулал хийж алтан фондод үлдээснээс гадна олон ярилцлага, сурвалжлага бичснээрээ “БААТАР АЙСУЙ” ном гаргажээ. Энэ номыг одоо цагт унших нь хэд бол? сонирхох нь хэн бол? гэж эргэцүүлж бодоод, зах зухаас нь дуулж мэдэж явсан сэтгүүлчийн хувиар үг хэлэхгүй байхын аргагүй учраас үүнийг тэрлэж байна.
Амьддаа биш, үхсэн хойноо гүтгэлгэ доромжлол хүртсэн Шаарийбуу гэдэг дайчин эр ёстой Дандар баатрын хэлснээр, “Гал өнгө, гал ир, гал цаг гэж монголчууд ярилцдаг. Хүн өөрийн гэсэн галтай байдаг. Шаарийбуу үнэнхүү гал цогтой эр байсан. Түүний тэр гал цог нь дайнаас бүр өмнө энгийн, жирийн юман дээр хүртэл илэрч байсныг би мэднэ. Эх орныхоо төлөө амь насаа өгөөд эцэст нь санаанд багтамгүй муу нэр дуулсанд нь харуусдаг. Гэвч үнэн үнэнээрээ, түүх түүхээрээ үлдэнэ” гэж ярьж байжээ. Барагтай аавын хүү манайдаа л морьт цэрэг, их буу, эскадрил, холбоо зэрэг хороог багтаасан хамгийн том цэргийн нэгтгэл болох дивизийн дарга яахин болох билээ. Шаарийбуугийн гавьяа бүдгэрч мартагдалгүй байсаар байна, байх ч болно. Хэсэг иргэд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст “Ч.Шаарийбууг дайсанд урвасан гэх яриа үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэний” дагуу 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжлийн шинжээдээс бүрдсэн комисс томилогдоод уг асуудлыг нухацтай судалж, дүн шинжилгээ хийснээр дээрх үг яриа ор үндэсгүй цуурхал басйныг тогтооожээ. Юм хатуу чанд, хариуцлагатай цаг үед буюу одоогоос 40 гаруй жилийн өмнө Халхын голын дайны 40 жилийн ойгоор шат дараалан хэлэлцсэний эцэст Батлан хамгаах яамны сайд хурандаа генерал Ж.Авхиа, Армийн Улс төрийн Газрын дарга дэслэгч генерал Д.Ёндондүйчир нарын томчууд гарын үсгээ зураад, түүнд БНМАУ-ын баатар цол нэхэн шагнуулахаар тодорхойлж байсан нь энэ хүн ямархуу гавьяатайг гэрчилнэ. Үе, үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ширээн дээр ийм тодорхойлолт хүрч очиж байсан ч яасан эсэх нь мэдэгдэхгүй, хариу сураг чимээгүй болдог учир юу вэ? гэдэг тодорхойгүй байсаар иржээ.
Түүх архивт үндэслэгддэг, баримт л үнэнийг баталж өгдөг. Маргашгүй үнэний өмнө хэн ч юуг ч бүдгэрүүлж барахгүй. Түүх хэлмэгдүүлж ч чаддаг, цагаатгаж ч чаддаг. Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчүүхэн сэтгүүлч, зохиолчийн бодлоор бол жинхэнэ ясны цэрэг Ухнаагийн Хүрэлсүх та худал хуурмаг дэл сул яриа, хорсолтой гүтгэлгэнд өртсөн зоригт баатар тэрхүү Чимэдийн Шаарийбууд Монгол Улсын баатар цолыг нэхэн олговоос басчиг хожигдсон ч гэлээ хождоогүй байнаа. Ташрамд санаснаа хэлэхэд, Халхын голын дайныг “Хоёр голын хоорондох байлдаан”, овоо өсгөөд “хязгаарагдмал дайн”, “орон нутгийн дайн” гэж өнөө цагийн нүүрэнд нүүр тал олох гэж байгаа ч юм шиг сэтгэлгээ хэрэггүй мэт санагддаг шүү. Халхын голын дайн багахан газарт болсон ч гэсэн, хоёр талын цэргийн тоо, зэвсгийн хүч, эрх ашгийг бага гэж үнэлж болмооргүй. Дэлхийн хоёрдугаар дайнд ч хоёр талаас тийм олон онгоц агаарт гарч байгаагүй гэж тэр үеийн зөвлөлтийн маршал, генералууд баталдаг. Эх орон- эх орон хөвгүүдээ хэзээ ч мартдаггүй. Түүх ч мартахгүй…
До.ЦЭНДЖАВ
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x