Соёл хариуцсан сайд нь өөрөө хийчихсэн мэт сайрхан ярихыг сонсох гашуун байлаа

0

Ч.Куланда: Соёл хариуцсан сайд нь өөрсдөө хийчихсэн мэт сайрхан ярихыг сонсох гашуун байлааМорин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ NHK-ийн концертын танхимд тоглов. Тоглолт МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн айлчлалтай давхцаж, Японы эзэн хаан, хатаны хамт морилон ирсэн нь түүхэн үйл явдал байлаа. Японд суугаа монголчууд, Монголтой холбоотой япончуудын магнай нь тэнийж, сэтгэлээ сэргээсэн. Мэдээж, ерөнхийлөгчийг дагалдан яваа эвэртэн туурайтнууд бүгд хуурын эгшигт уярцгаасан байх. Харин 3-4 жилийн өмнөөс энэ тоглолтыг зохион байгуулах гэж мөнгө санхүү босгож, Японы олон бүс нутгийг тойрон гүйж, дэмжлэг гуйж гувшиж, чөмгөө дундартал явсан Сато Норико гэх эмэгтэйн талаар дурдагдсангүй. Соёл хариуцсан сайд нь өөрсдөө хийчихсэн мэт сайрхан ярихыг сонсох гашуун байлаа. Сато Норико бол 1990 оны эхэн үеэс Морин хуурын чуулгыг үндэслэгч Ц. Батчулуун, ардын жүжигчин, уртын дуучин Н. Норовбанзад, Ш. Чимидцэе нарыг Японд урьж тоглуулан, улмаар Морин хуурын чуулгын тоглолтоор дамжуулан Монгол улсыг сурталчлан таниулах ажлыг эхлүүлсэн хүмүүн юм. Морин хуурын чуулга нь Японд 30 гаруй удаа ирж, 200 орчим тоглолт хийсэн тухай Н.Сато гуайгаас сонссон. Тоглолт бүрийг Н. Сато хатагтай зохион байгуулсаар ирсэн. Морин хуурын чуулга нь Японы өнцөг булан бүрт хүрсэн гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Энэ удаа ч гэсэн 12 газар аялан тоглоно. Түүний сэтгэл зүтгэлийг нь талийгаач хань нь хамгийн ихээр дэмждэг байжээ. Морин хуурын чуулгыг урьж ирүүлэх гэтэл санхүү дутагдаж байна гэхэд хадгаламжаа гаргаад өгчихдөг. Чуулгын тоглолт амжилттай дуусах бүрт тэнгэрт буй ханьдаа талархдаг гэж ярьж билээ. Өнгөрсөн 8 сарын 22-нд Сүхбаатарын талбайд болсон “Сүүн зам” бүжгийн наадмын нээлтийг Морин хуурын чуулгаар эхлүүлэв. Зэрэгцэн суусан Н. Сато гуайн нулимс бөмбөртөл асгарч, мэгшин уйлж гарав. Жаахан тайвширсаны дараа “Морин хуур эгшиглэхэд надад ер бусын мэдрэмж төрж, энэ хорвоо намайг ийм гайхамшигтай учруулсанд талархах сэтгэлээ барьж дийлдэггүй” гэж байлаа. Н. Сато хатагтай 79 насыг зооглосон ч хайртай Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнийг дагуулж, Япон орноор хөндлөн гулд давхисаар л байна.

Сэтгүүлч Ч.Куланда

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x