Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж, Санамж бичигт гарын үсэг зурлаа | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 11-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНСУ-ын Үндэсний Ассамблейн (парламентын) Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Чун Суак, Үндэсний Ассамблейн дэргэдэх Төсвийн албаны дарга Лим Ик Санг нартай уулзаж, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.


Уулзалтуудын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататган хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрууд үр өгөөжтэй хамтран ажиллаж, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хамтын ажиллагааны энэхүү сайхан уламжлалыг цаашид шинэ агуулгаар улам баяжуулан хөгжүүлэх, тухайлбал цахим парламент болох, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, технологийн шинэ ололтуудыг ашиглаж буй БНСУ-ын туршлагаас суралцах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэлээ.  


Айлчлалын үеэр УИХын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Судалгааны алба хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичигт Тамгын газруудын сургалт, судалгааны нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, ажилтнуудаа сургаж дадлагажуулах зэрэг асуудлууд тусгагджээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэргэдэх Төсвийн алба (NABO)-ны ажилтнуудтай УИХ-ын Тамгын газрын төлөөлөгчид уулзалт хийж, төсвийн шинжилгээ, хяналт, хуулийн төслийн зардлын тооцооллын аргачлал, үр нөлөөний сэдвээр харилцан ярилцаж, туршлага солилцов.


Үндэсний Ассамблейн дэргэдэх Төсвийн алба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) хооронд 2021 онд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичигт “Азийн парламентын төсвийн албаны сүлжээ” байгуулах талаар тохиролцсон бөгөөд энэ чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгж хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.


Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарын зэрэг хүмүүс багтан ажилласан бөгөөд хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны шинэ агуулга, чиглэлийг тодорхойлсон, үр дүнтэй айлчлал боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x