О.Цогтгэрэл: Өс зангидсан зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлэхгүйн тулд бид санаачилга гаргасан

0

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй тус намын дотоод нөхцөл байдал хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд. Ярилцлага өгөхөөр цаг гаргасанд баярлалаа. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж, улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж өлсгөлөнгөө зогсоосон. Ажлын хэсэг ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ. Та бүхний зарласан өлсгөлөн үр дүнгээ өгөх эсэх талаар юу хэлэх вэ?

Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал өдрүүдэд зорин ярилцлага авч буйд баярлалаа. Ажлын хэсэг удаашралтай, ахиц багатай байгаа хэдий ч ажиллаж байгаа. МАН-ын гишүүд сонгуульд хэт анхаараад бусад асуудлууд орхигдоод байгаагийн нэг нь энэ ажлын хэсэг. Үр дүнгийн тухайд уг нь их тодорхой. УБЕГ-ын байцаагчийн шинэ тамга олгосон тэргүүтэй хэд хэдэн асуудлуудад нэр бүхий байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд ажиллаж байсан уу? гэдэг дээр л үнэлэлт дүгнэлт өгөх гэж байгаа. Ажлын хэсэг анхаарах асуудал бол хууль журам ном ёсоороо хэрэгжсэн эсэхийг тогтоож, олон нийтэд, УИХ-д танилцуулна гэдэгт итгэж байна.

-Монгол Улс төрийн тэргүүнээ удахгүй сонгоно. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг та бүхэн дэмжиж байгаа юу. Бүлгийн дарга Д.Ганбат гишүүн очсон байсан?

Бүлгийн гишүүдийн хувьд нэгдсэн байдлаар дэмжинэ, эс дэмжинэ гэж ярилцсан зүйлгүй байна. Гишүүд хувь, хувийн байр сууриар оролцож байгаа. Олон нийтийн дунд, намын гишүүүдийн зүгээс ч зүй ёсны Ардчилсан намыг үгүйсгэж тоглоомын намаас, захиалгаар нэр дэвшиж буй ч гэгдэж байна. Угаасаа ч сонгуулийн сурталчилгаа, штабынх нь байдлыг харахад С.Эрдэнэ нэр дэвшигч ялах гэж нэрээ дэвшүүлээгүй юм шиг харагдаж байна. Орон нутгийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ тулж ажиллахгүй, ухуулагчид авахгүй байна. АН-ын дүрмээр намын дарга штабын дарга, ерөнхий менежер байдаг. Гэтэл миний сонссоноор сонгуулийн туршлагагүй, сонгуульд ч оролцож байгаагүй хүнээр штабаа ахлуулж байна Муу ч сайн ч Ардчилсан намын нэг хэсэг байсан, одоо энэ нэрээр сонгуульд орж буй хүний эсрэг ажиллахгүй, гишүүд дэмжигчдээ өөр сонголт хийхийг уриалахгүй гэсэн байр сууринаас энэ удаагийн сонгуульд хандаж байна.

Намын хувьд чухал хариуцлагатай сонгуулийг ингэж нэг удаа баллах нь дараа дараагийн сонгуулиудад үлэмж муугаар нөлөөлөх нь л харамсалтай байна. Ардчилсан нам шат шатны сонгуулиудаас хамгийн өндөр амжилттай оролцдог нь Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнөх 7 удаагийн сонгуулийн 4-т ялж, үлдэх 3-т нь тун сайн өрсөлдөөн үзүүлсэн түүхтэй. Гэтэл ийм өндөр амжилт үзүүлдэг сонгуульд ялах ямар ч зорилгогүйгээр сонгуульд орж байгааг одоог хүртэл ойлгохгүй байгаа. Ялах зорилгогүй, яагаад ийм зохион байгуулалтгүй орж байгаадаа С.Эрдэнэ, М.Тулгат, Б.Өнөрбаяр нар намын гишүүдийнхээ өмнө тайлбар хийх ёстой. Хариуцлагын асуудал яригдаж таарна.

-Нэр дэвшигч С.Эрдэнийг сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын орон нутгийн гишүүд дэмжигчид эсэргүүцэж  байгаа харагдсан. УИХ дахь Ардчилсан намын гишүүд үүрэг өгч эсэргүүцэл гаргаж байна гэх мэдээлэл цацагдаж байна. Та үүнд тайлбар өгөөч?

Ардчилсан нам бол Ардын нам шиг үүрэг авч, үйлдлээ заалгадаг гишүүдтэй нам огтхон ч биш шүү дээ. Дарга тэг гэж заавар өгвөл харин ч улам эсрэгээр нь хийх зоригтой, зоргоороо гишүүдтэй нам. Тийм эрх чөлөөтэй, эрэмгий зоригтой гишүүд рүүгээ ингээрэй, тэгээрэй гээд үүрэг, даалгавар өгөөд суудаг хүн гэж байхгүй шүү дээ.

Намын гишүүд маань асуудлыг анхнаас нь ажиж, өөр өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт хийгээд явж байсан нь тодорхой. Бид тамга, гэрчилгээнийхээ асуудлыг түр хойш нь тавиад тал талаасаа нэгдээд нэг сунгаа явуулж, нэг нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье гэсэн хүсэлт тавьсныг хүлээж авалгүй өөрөө зүтгэснийг, УБЕГ, СЕХ гээд төрийн албан хаагчид хуулиас давсан хуудуутай үйлдлүүд гаргаад нэг талд үйлчлээд байгааг харсан гишүүд, дэмжигчид өөрсдийнхөө итгэл, үнэмшлээрээ л эсэргүүцэл үзүүлсэн гэж ойлгоод байгаа.

-Улсын дээд шүүхээс АН-ын тамганы асуудлыг аль ч талд нь шийдвэрлэсэнгүй. Тэгэхээр цаашид яах вэ. Ардчилсан нам дотооддоо эвтэй түнжинтэй байх боломж бий юу. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Эхнээсээ өнөөдрийг хүртэл эвийн талд байр сууриа илэрхийлж ирсэн. Боломж гарах бүрт эвлэрч нэгдье, эргээд үндсэн нам дээрээ, гишүүд дээрээ ирээч гэж олон удаа хүсэлт, гуйлт тавьсан. АН-ын хувьд эвтэй байх, эвлэрээд явах боломж бий. Тэр бол өс зангидсан ах нарын тэмцлийн хөлд намаа үрээд хаяхгүйн тулд ах нарыг зөвлөгч, дэмжигчийн байранд аваачиж, залуус бид намаа авч, ачааны хүндийг үүрэх явдал юм. Миний хувьд ах нар дагасан аль ч талтай нь хуваах эсвэл булаалдах ашиг сонирхол байхгүй учраас энэ тэмцлийн дундуур санаачилга гарган орж эвлэрэх орон зайг нь бүрдүүлье, намаа бүтэн авч үлдэе гэж л намын даргад нэрээ дэвшүүлсэн.

-Таныг намын даргын сунгаанд ялсан үеэс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх болсон, энэ үнэн үү? Ер нь сунгаанд ялснаар хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй төвөгтэй байдал үргэлжилнэ гэдгийг та мэдэж байсан уу?

Гишүүд, дэмжигчдийн олонх нь нэг талдаа байгаа юм байна, намын дүрэм журмын хүрээнд байгуулагдсан хүчинтэй Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо нь энэ талдаа байгаан байна гээд л цаасан сонгуулийн талдаа бүртгүүлээд явснаас биш зарим нэгнийх нь сэвээд байгаа шиг ардаасаа удирдуулаад, дээрээсээ заалгаад байгаа байхгүй. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг тийм ч ойр харилцаатай бишийг намын түвшинд мэдэх хүмүүс нь их сайн мэднэ дээ, уг нь. Улс төрчийн хувьд хүрч болох өндөрлөгт хүрч, төрийн өндөр албанаас бууж буй хүний тухай сайн, мууг нь дүгнэн ярих нь илүүц биз.

Нам гэлтгүй аливаа байгууллага, систем ахмад, дунд, залуу үеийнхэн аль алиных нь оролцоон дээр урагш явдаг. Манай намд үзэл бодол, үнэт зүйлийнхээ талд зогсдог, чин сэтгэлтэй олон ах нар, анхдагчид, ахмадууд бий. Гэтэл цөөн хэдэн олон жил сандал, ширээтэй зууралдаж, хувийн эрх ашгаа нийтийнхээс илүүд бодсон ах нарын одоог хүртэл АН-ыг өөрийнхөө гэж өмчлөн бодсон, өс зангидсан харилцаанаас энэ бүх маргаан үүсээд байна. Ийм учраас зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлчилгүй бүтэн авч үлдэхийг хүссэн залуу үеийнхэн л санаачлага гарган нэгдэж намайг урдаа гаргаж дэмжиж ирсэн.

М.Тулгат тэргүүтэй залуустай уулзахдаа ч би энэ зарчмаа тодорхой хэлж байсан. Нэгнээ цавчихад бэлэн байгаа ах наргүйгээр Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Г.Оюунгэрэл гээд амжилттай өрсөлдөх, олонхиороо нэгдээд явах боломжтой нэг нэр дэвшигчээ СЕХ-нд өгөхөд анхаараад дундаа нэг сунгаа хийе гэж санал тавьсан ч бүтэлгүйтсэн.

-Ардчилсан намын дотоод зөрчил цаашид юу болох вэ?

Шууд л сонгуулийн маргааш эвээ олоод нэгдэнэ, сөрөг хүчнийхээ байршилд оччихно, дараагийн сонгуульдаа бэлдээд цэгцрээд явчихна гэж хэлж чадахааргүй байна. Би л биш бол хэн ч биш, надгүйгээр АН гэж байхгүй ёсгүй боддог зарим ах нар зөвлөхийн байранд очоогүй цагт эвээ олно гэж хэлэхэд амаргүй. Мөн МАН төрийн байгууллагуудаар дамжуулан асуудлыг улам ужигруулах сонирхолтой байна.

Жирийн гишүүд, дунд, залуу үеийнхэн бид нэгдэж АН-ын зөвхөн хувийн эрх ашгаа бодсон, том толгойтой ах нарын зодооноос л гарах ёстой гэж боддог. Ийм учраас залуучууд маань нэг талдаа гарч, үндсэн олонхи дээрээ ирж, намын дүрэм, брэндинг, бүртгэлээс эхлүүлээд олон зүйлсээ дундаа ярилцаж, цугтаа даруй шинэчлэхгүй бол дараагийн сонгуулиуд удалгүй болно. Тэр үед ингээд эвээ олохгүй сууж байвал АН улс төрөөс, тэргүүлэгчийн байр сууринаасаа арчигдах аюулын өмнө байгааг аль аль талынханд нь анхааруулж хэлмээр байна.

Товчхондоо нөгөө талд гарчихсан байгаа залуучуудыгаа бие даасан шийдвэр гаргаж, залуучууд бидэн дээрээ эргэн ирж чадвал цугтаа асуудлаа яриад шийдээд явах боломжтой гэж хардаг. .

-М.Тулгат та нарын хооронд хувийн зөрчил бий юу? Эргэж ирэхгүй байх ямар шалтгаан байх бол?

Бидний хооронд зөрчил, тэмцэл, үл ойлголцол байхгүй. М.Тулгатыг мэднэ. Өөрийн үзэл бодолтой, үнэт зүйлтэй залуу гэж хардаг. Харин саяхнаас Ардчилсан нам ус, тосоороо ялгарла; баруун, зүүнээрээ саллаа гэж хэлж байгааг нь сонсоод би төдийгүй намын олон гишүүдийн хувьд эмзэглэж, эгдүүцэж хүлээж авсан. Шонхор тауэрт суугаа цөөхөн хэд нь жинхэнэ эрх чөлөөний үзэлтэй тос нь, Ардчилсан намынхаа голомтонд байгаа дийлэнхи олонхи 90 илүү хувь нь байгаа гишүүдээ, өөрсдөөсөө бусдыгаа үгширсэн социалист үзэлтэй /ус нь гээд байх шиг/ гэх байр суурийг дахин дахин илэрхийлж байгаад нь бид их эгдүүцсэн.

Өөрсдийнх нь талд гарч зогсоогүй, үзэл баримтлал, үнэт зүйлээ дагаж яваа бусдыгаа, жирийн гишүүдийгээ янз бүрээр нэрлэж, хоч нэр өгч, дайрч давшилж байгааг нь хараад дотроо харамсаж л суулаа. Даргын сэтэр, намын тамга биш гишүүд, дэмжигчдийн итгэл, дэмжлэг л уг нь чухал баймаар.

-Цар тахлын энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналтай хүмүүс байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Эрх баригчид хүч түрж, хүссэн сонголтоо ард түмнээр хийлгэхээр улайрч байгаа учраас л УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн эсэргүүцэж өлсгөлөн зарласан. АН нэрээр нэр дэвших мандат авсан С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд маань ч хар машинд асуудал байна, сонгуулийг хойшлуулая гэсэн санаачлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл АН-ынхан дотроо асуудалтай байгаа ч аль аль талдаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж үзэж ирсэн.

Нөгөө талаас АН-ыг оролцуулаагүй буюу хэлбэрийн төдийгөөр оролцуулсан нэр зүүх нь ард олны сэтгэлд сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэж би өмнө анхааруулж байсан.

-Энэ зөрчил тэмцэл явсаар байгаад Ардчилсан нам Монголын улс төрийн тавцангаас арчигдах вий гэсэн айдас, эмзэглэл намын гишүүдийн дунд ч, иргэдийн дунд ч байх шиг байна. Энэ тал дээр та ямар байр суурийг илэрхийлэх вэ?

Тийм ээ, ийм эмзэглэл намын гишүүд, иргэдийн дунд байгааг үгүйсгэхгүй. Угаасаа Ардчилсан нам чинь ард түмнийхээ хайртай хүү нь, итгэл найдвар нь шүү дээ. Өнгөрсөн 30 оны үйл явдлуудыг дэнслээд харахад Ардчилсан нам засагт байсан цаг бүрт Монгол улс хожиж, Монголчууд ялсан байдаг. Үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гээд иргэддээ ээлтэй ч, тухайн цагтаа эсэргүүцэлтэй олон шийдлүүдийг Ардчиллынхан гаргаж, үр шимийг өнөө хүртэл Монголчууд бид нийтээрээ хүртсээр байна шүү дээ.

Ардчилсан нам бол өнөөгийн эрх баригчид шиг аргалж ажилладаг нам биш ээ. Гэтэл эрх баригчдыг хар даа. Ковидтой тэмцэх биш түүнийг яаж ашиглаж эрх мэдлээ өсгөх вэ?, амжилтаа ахиулах вэ? гэдэгт л төвлөрч байна. Төрийн эрх мэдлийг хэт өсгөж, төсвийн хэмжээг тултал нь тэлж, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгаж, нэг намын, нэг хүний дарангуйлал руу улам бүр ойртон алхлаа.

Ийм учраас данхайсан төрийг цомхотгох, тэлсэн төсвийг агшаах, хоригдож, хашигдсан бизнесүүддээ боломж олгох баруун чигийн бодлогын орон зай, өөрөөр хэлбэл Ардчилсан намын бодлого Монголын улс төрд дутагдсаар удлаа. Иргэд олон нийт ч ийм бодлогыг хүлээж, Ардчилсан намыг аль болох хурдан эвээ олж, эргэн сэргэн манлайлаасай гэж хүсэж байгаа байх гэж ойлгож байна.

-Тэгвэл танай нам, ялангуяа та яаж ажиллаж Ардчилсан намыг эргэн манлайлагчийн байр сууринд нь аваачхаар төлөвлөж байна вэ? 

Ардчилсан нам хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, хуулийн засаглалыг эрхэмлэж, иргэнийхээ эрхийг дээдлэх үзэл баримтлалын талд бат зогсоно. Гэхдээ үүнийгээ иргэдэд ухуулан ойлгуулах арга ажиллагаандаа ахиц, өөрчлөлт гаргаж сонгогчдын ой тоонд дахин байршиж, ребрэндинг хийхээс ажлаа эхлэх ёстой гэж ойлгодог. Үүний тулд хуучны  даргын гарт цугларсан эрхийг тарааж, гишүүдийгээ, намынхаа сонгуультнуудыг оролцуулдаг хамтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

Технологийн дэвшил иргэн бүрийн дэргэд ирснээр илүү оролцох боломжийг олгож байна. Иймээс учраас ирж байгаа цагийг ардчилал, хүний эрхийг дэмждэг улс төрийн намд илүү боломж олгож байгаа гэж ойлгодог. Бид л өөрсдийнхөө үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ бат зогсож чадвал түрүүн хэлсэнчлэн одоо дутагдаад байгаа барууны бодлогын хоосон орон зайг хүсэмжилж байгаа иргэдийнхээ итгэлийг олж 2024 оны парламентын сонгуульд ялалт байгуулна.

 

Зураг

 

Х.ЦЭНД-АЮУШ, ӨДРИЙН СОНИН

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x