Оюутолгойн онцлох төсөл хөтөлбөрүүд | Mongolian Economy

1


Энэ онд 1.4 сая тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 8.400 ам.доллароор экспортлохоор төсөвт тусгасан. Зэсийн экспортыг өнгөрсөн жилээс нэмж төсөвт тусгасан нь учиртай. Монголын зэсийн ирээдүйг тодорхойлох Оюу толгойн гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст эхэлнэ. Оюу толгойн ашиг орлогын цөм болох нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд нуугдаж буй. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай аж. 

Хамгийн баян агуулгатай хүдэрт хүрэх гүний уурхайн бүтээн байгуулалтын  ажил ид өрнөж байна. Цаг зогсолтгүй эргэдэгтэй адил Оюу толгой компанийн хамт олон гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээр шаргуу ажиллаж байна. Цаг наргүй энэ их бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн тус компани нийгэм, эдийн засаг, байгаль орчин, боловсролын чиглэлээр орон нутаг төдийгүй улсын хэмжээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэгийн заримаас товч танилцуулъя.

1. Оюу толгой зэсийн баяжмалаа экспортод гаргасны 10 жилийн ой энэ онд болно. Арван гурван жилийн тэртээ тохиосон баяжмал экспортлох ёслолоос хойш “Оюу толгой” компани экспортын хэмжээгээ тууштай нэмэгдүүлж, аюулгүй ажиллагаа, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажилласаар байна. Мөн тун удахгүй Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой болно. 

Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь Монголын түүхэн дэх хамгийн том үйлдвэр юм. Хүчин чадал, хүдэр боловсруулах хэмжээгээрээ Азидаа анхны, алсдаа дэлхийд эхний тавд багтах баяжуулах үйлдвэр. Уг үйлдвэрийг бүтээн босгоход Эйфелийн гурван цамхаг барих хэмжээний ган төмөр оржээ. Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй аж. 2013 оны хоёрдугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны долоодугаар сарын 9-нд экспортод гаргасан. Баяжуулах үйлдвэр хоногт 100.000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай. Гүний уурхайг ашиглалтад оруулахаас өмнө баяжуулах үйлдвэрийг өндөр агуулгатай хүдэр баяжуулах боломжтой болгон шинэчилж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм.

2. Оюу толгой компани Өмнөговь аймагтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, говийн бүс нутгийг хөгжүүлэх урт хугацааны зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард  “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурсан.  Энэ хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-өөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.долларын хөтөлбөрийг баталсан. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр нутгийн иргэд төдийгүй Оюу толгой төслийн ажилтан, албан хаагчид гэр бүлтэйгээ эрүүл аюулгүй орчинд хотын утаа, түгжрэлээс ангид амьдрах боломж бүрдэнэ. Энэхүү мега төсөл, хөтөлбөр 2023 онд ч үргэлжилж бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөөд байгаа талаар Оюу толгой компанийн зүгээс онцолсон. 

3. Уул уурхайн олборлолт, үйл ажиллагаанд усыг ухаалгаар, хэмнэлттэй ашиглах нь юу юунаас чухал. Тэгвэл Оюу толгойн уурхай усыг хамгийн бага, дээд зэргийн хэмнэлттэй ашиглах зорилго тавин ажилладаг. Нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.4 м.куб буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.  Оюу толгойн уурхай анх төлөвлөлтийн үеэсээ л орон нутгийн байгаль орчин, нутгийн ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг эрмэлзэж, малчид, иргэдийн ашигладаг хөрсний болон бага гүний уст үетэй холбоогүй гүний усны эх үүсвэрийг нээж олох зорилго тавьж, үүндээ ч хүрч чадсан. Үүгээр зогсохгүй  газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн аяныг Оюу толгой компани Усны газар, Гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ГУУС, Гидрогеологийн тэнхимтэй хамтран жил бүр “Гүнээсээ хайрлая” нэртэйгээр уламжлал болгон  тэмдэглэдэг болсон. Уг аяныг 2023 онд ч үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани нэгдэж, 100 сая мод тарих амлалт өгсөн. Өнгөрсөн онд Улаанбаатар хот, Өмнөговь аймаг болон уурхайн талбарт 45.000 орчим мод тариад байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндий дэх хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос үүдсэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, мод тарих ажлыг эхлүүлжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих ажил энэ онд ч үргэлжилнэ.

5. Оюу толгой уурхайн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэх юм.  Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран гүний уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хоёр жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан. Мөн 2021 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компани, “Рио Тинто” болон ШУТИС-тай хамтран Уул уурхайн геотехникийн мэргэжил олгох, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. “Оюу толгой” компанийн “Эрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд 1,268 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 44 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт, мөн 376 оюутныг Дотоодын тэтгэлэгт, 577 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 160 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ. Тэгвэл энэ онд ч боловсорлын эдгээр тэтгэлэг хөтөлбөрүүд үргэлжлэх нь. Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж энэ оны хоёрдугаар сард Чулуулгийн болон компьютерын лабораторийн нээлт хийхээр зэхэж байна. 

2022 оны арванхоёрдугаар сарын 9. Оюутолгойн оюутны тэтгэлэгийн батламж гардууллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

6.Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний дундаж наслалт дэлхийн дунджаас бага, мөн эмэгтэй хүний дундаж наслалтаас даруй 9.7 жилээр бага байна.  Оюу толгой компаниас Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих дэмжих хүрээнд “Аав аа, та урт наслаарай” аяныг өнгөрсөн онд эхлүүлсэн. “80 насалъя” аян нь эрэгтэй хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл юм. Монгол эрэгтэйчүүдэд урт наслах төсөөллийг бий болгох, тэтгэвэрт гарсны дараах амьдралаас айх айдсыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой “Family College” “80 НАСАЛЪЯ” аяныг эхлүүлж байна. 80 наслах нь төсөөллөөс эхэлж, эрүүл амьдралын хэв маягийг бүтээснээр биелэх зүйл юм. “Оюу толгой” компани энэхүү аяныг дэмжин “Аав аа, та урт наслаарай” уриатай олон нийтийн мэдээллийн ажлыг энэ онд үргэлжлүүлэн хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй. 

Энэ мэт Оюутолгой төслийг дагасан байгаль орчинд ээлтэй, Монголын эдийн засаг болоод нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх олон төсөл хөтөлбөрийг Оюу толгой компани хэрэгжүүлж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Оюутолгойн онцлох төсөл хөтөлбөрүүд | Mongolian Economy – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжэ
12 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x